Saturday, December 25, 2010

Миний ажлын багаж зэвсэг

Би ажилдаа гарахдаа дараах хэрэгсэлүүдээр өвч зэвсэглээд гараад явчихна даа.


Өвөл бол халуун саванд халуун ус эсвэл цай хийгээд, хоолны халуун саванд хоолоо хийгээд болоо. Харин зун явдалтай, баахан ундааны саванд ус хийгээд дээрээс нь мөс асгаад тэр том цэнхэр саванд хийнэ. Жижиг цэнхэр саванд идэх хоолоо олон дахин хөлдөөдөг мөсөөр чигжээд явна даа. Халуунд ус их уухаас гадна зарим усаа шууд өөр дээрээ асгадаг юм. Толгой цээжин биеэ норгоод л байхад дороо л хатаад байна. За тэгээд та нар хоолоо яаж иддэг гэж бодож байна. Зогсоод хоол идэх тохиолдол маш цөөн, байнга цагтай уралдаж байдаг болохоор хоолны халуун саваа эсвэл цайтай аягаа 2 гуяныхаа хооронд хавчуулж байгаад л машины явдал дунд хамхум иднэ шд. Улаан гэрэл дээр зогсох, жоохон бөглөрөхийг андахгүй идэж эхэлнэ дээ. Би ямар ч эр хүнээс хурдан хоолыг цааш нь харуулах байхоо. Хурдан иддэг тэмцээнд орвол түрүүлэх байх шүү. Эмэгтэй хүний машин гэхэд дотроо их бохироо, асгарсан идэх уух юм зөндөө.

Найдвартай зам заагч навигатор минь, бас толины цаана харагдаж байгаа цагаан хавтгай бол төлбөртэй зам, гүүрээр гарахад уншигддаг е-таг. Салхины шил цуурсан байгаа биз? Энэ зургийг гараж дотроо авсан.

 Энэ газрын зургыг салмартал нь л эргүүлнэ дээ. Зурагны цаана харагдаж байгаа босоо хар зүйл бол босс бидэнтэй харьцдаг дотуур холбоо. Газрын зураг дээр байгаа жижиг машин бол бидний ажлаа хүлээн авдаг комьютер юм. Ачаа очиж авах болон хүргэх хаяг үүгээр орж ирнэ.



Энд одоо болж байгаа баяраар хүмүүс машинаа улаан хамар болон бугын эврээр чимдэг юм гээд хаа хамаагүй зураг нэгийг нэмчихье.

Friday, December 24, 2010

Шинэ жилийн гоёо минь

Энд надад ёолк байхгүй ээ, үнэнээ хэлчии. Бас та нарт атаархаж байна.
Гоё үнэтэй палааж авах шаардлага байхгүй.



 Хямдханаар нь ийм юм авчихсан, өмсөх гэж байна. Тэгээд л биич явна даа.

 Биич дээр нэг иймэрхүү байдаг юм.

 Гоё л байгаа биз дээ.

Төд удалгүй Санта өвөө ингээд л хүрээд ирдэг юм.

Сайхан баярлаарай, хэлүүлэлтгүй тасархай баярлаж байгааг чинь би мэдээд байна.

Thursday, December 23, 2010

Мексикчүүд hot юмаа

Би ингэж л хэлэх гээд л байна л даа: Мексикчүүд үнэндээ халуун цустай ард түмэн юмаа. Цаашаа ургуулаад өөр юм бодоод байваа.


Би хамт сурдаг мексик хүүхнээсээ намайг бүжгэнд авч яваач гэж гуйсан гэсэн дээ. За гялс товчхон хэдэн өгүүлбэрээр.

Мексикчүүд мэндлэхдээ эр эмгүй, таних танихгүй шууд л барьж аваад үнсээд хаях юм. Энэ нь их таалагдлаа. Би Жайка төвд байхдаа мексикчүүдтэй байсан ч тэд намайг үнсдэггүй л байсан шд, магадгүй япончууд гар барьдаггүй болохоор тэгж байсан юм байхдаа.

Жайка төвд байхдаа өөрөөсөө намхан мексик агаатай 2 өдөр бэлтгэл хийгээд латин бүжгийн тэмцээнд ороод баахан өөр шигээ чадахгүй хүмүүсээс 60 чавганц уралдвал 1 нь түрүүлдэг гэгчээр түрүүлж байсан юм байна шд. Онгирчихноо, хэхэ. Өчигдөр хэд хэдэн залуучуудтай бүжиглээд, сүүлийн партнёр маань надаас үе мултарчихсан дүү, аан бас халзан, их гоё нүдтэй, намайг хөөргөөд “дахин 2-3 удаа энд ирээд бүжиглэчихвэл биднээс ялгарахгүй болно” гэсэн. Тэгээд он гарангуут эхний 7 хоногийн 2 дахь өдөр заавал бүжгэнд ирээрэй гээд ам өчиг авчихсан. Би яг л хэлсэндээ хүн л дээ, гэхдээ бүжгэнд ойр ойрхон явах виз авах бас л авьяас чадварлаг хүний ажил биз дээ. Нээрээ ситид Жорж стрийтэд 7 хоног бүрийн 2 дахь өдөр латин бүжиг болдог юм байна шүү, энд байдаг хүмүүст хэлэхэд. Фрий гэж байна. Бүжиглэсэн процессыг алгасав.

Бүжиг өглөө болтол үргэлжилдэг гэнэ, бид ядарсан бас нээх хөөрчихсөн амьтад 1 цаг өнгөрөөгөөд харихаар гарлаа. Тэндээс автуусгүй болсон байсан тул 2-3 км их хотын гудмаар алхлаа, өөр автуусны буудал руу. Би дотроо Sex and the City киноны гол дүрд хувирчихсан, хагас нүцгэн, өндөр өсгийт дээр гунхан, нээх гоё мэдрэмж төрөөд Сиднэйн шөнийн амьдралыг алмайран гайхаж явлаа. Ийм мэдрэмжийг хааяа мэдэрч өөрийгөө цэнэглэж, сэргээж, асааж баймаар юм, эмэгтэй хүн гэдгээ мэдрээд хажуугаар зөрөх залуучуудын харцыг цавчаад цавчаад өнгөрөх чинь үнэн кайфтай байлаа. Би олби оготно шиг энэ тэрүүгээр орж гарч, байнга гүйж явдаг болохоороо майжгий пүүзтэй л жилийн 4 улирлыг үддэг юм. Өндөр өсгийтөө жийсэн чинь ёстой хийморьлог байлаа.

Өө тийм тэнд, намайг ази юм байж яагаад ногоон нүдтэй байгаа юм бэ гэсэн асуулттай хэд хэд тулгарлаа.

Энд өнгөрөөсөн 2 жилийг номоо уншаад л, өөр тийшээ харахгүй өнгөрөөчихсөн байна шд. Эхний жил аргагүй энд өлбөрч үхэхгүй, амьд үлдэхийн төлөөх тэмцэл байлаа, 2 дахь жил нь өрөө дарах компанит их ажлын өрнөл жил байжээ.

Эндээс цааш блогоо үргэлжлүүлэх хэрэг байна уу даа энэ чинь одоо, хаха.

Wednesday, December 22, 2010

Итгэх аргагүй

юм болоод байх юм энд. Саяхан 9 сард машины урд салхины шил хагараад солиулсан гэж байсандаа. Тэгсэн өнгөрдөг хагас сайнд бас л хагарсан. Өглөө нь хүүхдүүдтэй усны хичээлд нь яваад, буцаж ирээд хүүхдүүдээ гэртээ буулгаад, ердөө 20 минут л болсон байх, би сургууль руугаа явах гээд машиндаа суусан чинь шил зөндөө том цуурчихсан байх юмаа. Ер нь түр зогсохдоо залхуураад гаражийнхаа гадаа машинаа тавьчихдаг юм.

Манай хажуугийн байранд Бангладеш юмуу даа, 2 хүүтэй халтар айл байдаг юм. 2 хүүхэд нь байнга л балкон дээрээсээ наашаа юм шидээд байдаг юм, тоглоом энэ тэр гээд. Уг нь би хүүхдүүдэд нь их сайн, манай хүүхдүүдтэй нэг сургуульд явдаг юм. Ээж нь нялх хүүхэдгүй мөртлөө огт ажил хийхгүй, хүүхдүүдээ ч сургуульд нь хүргэж өгөхгүй, нөхөр нь такси барьдаг юм. Би заримдаа хүүхдүүдийг нь зам гаргаж өгнө, тааралдвал хэдэн үг сольно.

Манай нөхөр эхний удаа шил хагарахад л тэдний 2 хүүхэд юм шидээд байдаг гээд тэдний хүүхэд гэсэн таамаг дэвшүүлэсэн юм. Манай том хүү л энэ хүүхэд их муухай гээд байдаг юм. Би итгээгүйгээр үл барам бүр өмөөрсөн юм. Энэ удаа бараг л итгэх гээд байна. Гэхдээ ердөө санаанд багтахгүй юм. Энд бүү хэл машиныхаа эд зүйлийг хулгайд алддаг Монголд маань хүний машин руу чулуу шидэж шилийг нь хагалдаггүй л биз дээ. Тэр хүүхдийн шидсэн жижигхэн чулуу нь машины ойролцоо хажууд нь байгаа юм чинь. Энд хаа сайгүй чулуу хэвтэж байдаггүй юм.

Уг нь ч халтарууд хүн муутай ч, яагаад хүний машин руу чулуу шидээд байгааг ердөө ч ойлгохгүй байна. Би бас одоо ч тэр хүүхэд шидсэн гэдэгт итгэхгүй байна. Манай гаражийн дээшээгээ айлын цонх байхгүй болохоор дээрээс нь юм унаагүй.

Дараа 7 хоногийн 3 дахь өдөр шилээ солиулна, тэр болтол тэсэх байгаа. Өчигдөр л лав 2 зураас хоорондоо огтлолцоод л явж өгсөн байна лээ.
За хагас сайнаас хойш сургууль дээрээ шөнө 2 цаг хүртэл суугаад, багшийг амрахаас нь өмнө нэг юм амжуулж даалгавраа хураалгалаа. Одоо 2 хоног сайхан амранаа, оройн бүжгийн дараагаас. Энд ирснээс хойш би бүхэл бүтэн 2 жил бүжиглээгүй, хамт сурдаг хүүхнээсээ намайг бүжгэнд аваад яваач гэж гуйж байгаад дагаж явах гэж байна, хаха гуйгаад байх даа яахав дээ. 

Сая орж ирээд сэтгэгдлүүдийг уншаад энэ өгүүлбэрийг нэмж бичлээ. Би гол нь халтар гэдэг үгийг арьс өнгөөр ялгаравласандаа хэлээгүй болно. Тэд нар чинь хар ч биш, цагаан ч биш, шар ч биш учраас хүмүүс бүгд л халтар гэдэг юм. Би өмнө нь цагаанууд, харууд гэж бичиж байхад хүмүүс ингэж хэлээгүй дээ. тэдэн шиг л ялгаж хэлж байна. Мөн арьсны үзэлтэй биш. Зүгээр л тэднийг халтар гэдэг учраас тэгсэн юм. Би ч гэсэн анх тэднийг халтар гэхэд доромжилж байгаа юм шиг санагддаг байсан. 

Tuesday, December 21, 2010

Цасан охид

Шинэ жил болж байгаа юм чинь Монголд тэмдэглэсэн хамгийн сүүлийн шинэ жилийнхээ тухай бичнээ.


2008 оны 12 сард гэсэн үг. Манай байгууллагын шинэ жилээр багш нарыг баг багаараа шинэ жилдээ өөрсдөө ямар нэгэн үзүүлбэр үзүүл гэлээ. Аль ч сургуулийн багш нар 12 сарын сүүл болохоор бүгд л дүнгээ гаргаад завгүй болдог юм. Би 7 хоногийн дараа наашаа нисэх гэж байсан юм чинь бүр л завгүй байсан таараа. Нөгөө товлосон өдөр ойртоод л байлаа. Бид одоо юугаа үзүүлэх вэ гэж худлаа санаа зовоод л яваад байлаа. Бүгдээрээ зэрэгцэж суугаад ярилцах ч завгүй байсаар нөгөө өдөр ч тулаад ирлээ дээ. Манай өрөөнд 5 эмэгтэй, 1 профессортойгоо суудаг юм. Нөгөө өрөөнд суудаг хэд маань эрчүүд голдуу, санаа зовж байгаа юм ч байхгүй байгаад байдаг. Ашгүй нэг хүүхэн маань 6 ширхэгСанта өвөөгийн цасан охины дэрвийсэн хормойтой, богинохоон юбкатай улаан хувцас малгай хамтарч ажилладаг байгууллагаасаа олоод ирж. Тэр нь харин өргөөшөө сайхан сунаад, манай мариалаг хөөрхөнүүдэд ороод явчихсан. Тэгэнгүүт нөгөө 5 хүүхэн чинь ярьж байгаад цасан охины бүжиг хийх юм боллоо. Бидний 3 нь нилээн бүдүүн, тэдний 2 нь 43 настай, хэхэ. Бид бас л 30 гараад явчихсан хүмүүс шүү дээ. Тэгээд намайг бүжгээ дэглэ гээд, надаас бусад нь ер нь номын мундаг багш нар л даа, би л бүжиг таанц эргүүлдэг юм. Ердөө тэр оройдоо нөгөө баяр маань болох гэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө 4-өө би командлаад, 3 бүдүүнээ арын эгнээнд зогсоогоод, нэг жижигхээн хүүхэнтэйгээ урд нь зогсоод, хэдэн хөдөлгөөн хамтдаа хийж үзээд л шинэ жилдээ ороод явчихсаан. Тэр хэдэн хөдөлгөөнүүд нь янз бүрийн бүжгийн холион бантаан.

Баяр эхэллээ. Айлын багууд шинэ жилийн дуу дуулаад, мэндчилгээ дэвшүүлээд байх юм. Бидний ээлж болох хүртэл бяд яаж зүгээр суух вэ дээ, ам цангаад юм ууж сууна биз дээ, зарим маань ичээд байна гээд байхаар нь зоригийг нь чангалаад сууж байлаа. Бидний ээлж болохоор хувцасаа солиод, мини юбкатай тайзан дээр зүгээр л гараад ирэнгүүт хүмүүс хөхрөлдөөд эхэлж байгаа юм чинь. Тэгээд хөгжим явангуут бид бүжгээ хийлээ, тэгсэн хөгжим нь бэлтгэл хийж байх үеэс урт болчихсон дуусдаггүй дээ. Би чинь бүжгийн багийн түүчээ нь шд, нөгөөдүүлдээ хөдөлгөөнөө мартаж санавал намайг дагаад хөдлөөд бай гэж үүрэг өгсөн байсан юм. Тэгээд хөгжим дуусахгүй байгаа юм чинь ямар нэгэн хөдөлгөөн хийх ёстой биз дээ, нөгөө хэд маань намайг л харж байгаа юм чинь би халуураад макарина хийлээ амарханаар нь, нөгөө хэд маань дагаж макарина хийгээд, даанч зөрж хийгээд, ийшээ тийшээ харчихсан хамаа замбараагүй юм болж байнаа, хүмүүс наана нь савж унаж байнаа. Энэ хүмүүс хүний мууд дуртай шүү. маниусыг шоолоод орилдоод л зарим нь суудлаасаа босчихсон хашгиралдаад, ёоо хүмүүс аймаар санагдсан шдээ, үнэнгээсээ хүмүүсийн сэтгэл нь хөдлөөд, ойрд инээгээгүйгээрээ инээсэн байхаа, хаха. Тэгээд бид хамаг амьтны цөсийг хөөргөж хаячихаад суудалдаа суусан чинь манай багийн идэвхигүй олон эрчүүд “та нар багаа аварлаа, та нар ёстой күүл байлаа, та нарыг ийм цоглог байна гэж бодсонгүй” гээд л биднийг худлаа хөөргөөд, бидэнд баахан бэлэг өгсөн шд. Хамгийн инээдтэй нь багш нарын багуудын үзүүлбэрүүдээс манайх шагналт байранд шалгараагүй ч янз бүрийн уух юмаар шагнуулсан, хаха.

Манайхан өнгөрсөн жил шинэ жилээ хийгээгүй гэсэнөвчин гарсан гэлүү дээ, тэгээд бидний тэр бүжиглэдэг бичлэгийг үзэж баяссан гэсэн. Энэ жил бас л тэр бүжигчид түүх болчихсон яригдаад л байна гэсэн шүү.

Яг одоо би гэр лүүгээ гялс шурхийх ажил гарчихлаа, орой буцаж ирээд сэтгэгдэлд хариу өгөөд, найзуудын блогоор орноо.

Бүжиг гэснээс маргааш би орой бүжгэнд явах гэж байгаа. Нөхөр зөвшөөрсөн. Ёстой нэг балай авнаа.

Friday, December 17, 2010

Юм үзээгүй амьтан шд би

2010 оны 12 сарын 5-нд нэг баян айлд очоодоо. Оюутан маньд ямар баян найз гэж байх биш. Гэхдээ нэг найзынхаа урилгаар түүний найзынд нь очоод. Юм үзээгүй амьтан чинь гоё санагдаад байхаар нь хэдэн замбараагүй зураг оруулчихъя. 



Гэрийн эзэн их энэрэнгүй хүн байнаа. Олон ч морьтой юм байна. Морь унуулах хүмүүсээ хүртэл хөлслөөд тэнд цугларсан хүүхдүүдэд морио унуулсан.
 Энэ Jumping castle. Бас нэг залуу баахан хүүхдүүдийг осол авааргүй тоглуулах гээд тэнд өдөржин халуун наранд шарагдана билээ.
 Хониныхоо дээжийг харуулж байгаа юм байх гэж ойлгосон. Олон төрлийн фермийн амьтантай, бас гахай, туулайнууд байсан шүү.
 Тугал
 Ямаа
 Пони гэдэг жижигхэн морьнуудтай юм билээ.
 Галуу
 Усан санд бөөн хүүхдүүд. Манай хүүхдүүд хүртэл усны хувцасгүй ирчихээд орчихсон.
 Энэ мангар том хашааных нь нэг хэсэг газар нь.
 Энэ усан дотор нь улаан загаснууд байна лээ.
 Теннисний талбайтай.
 Тэр бидэнд зориулсан хоолны газар
Энэ дээр хүмүүс шатар тоглож байгаа юм. Шатрын хүүний толгой харагдаж байгаа биддээ.
Бас 2 алиалагч хөлслөөд ажиллуулчихсан, тэр 2 нь хүүхдүүдийн нүүр гаран дээр юм зураад, нарийнхан шаар үлээгээд янз бүрийн юм хийж өгч байна лээ. Тэр олон хүнийг хөлсөлж ажиллуулж, маниусыг баясгаад, бид ч баясаад л байлаа.

Нэг хүүхэд маань усанд хөл алдаад би хувцастайгаа үсэрч орж татаж гаргаж хөглөснийг үл тооцвол сайхан байлаа. Тэр палааж яах вэ, энэ химийн бодистой усанд нь цаг муухай болчих вий гэж харуусал төрлөө. Солих хувцасгүй би нь хурдан харихын түүс болноо доо. Уг нь гоё хоолноос нь идмээр байсан л даа. Даанч энд тэндээсээ ус дуслуулчихаад, хамаг хувцас нь биендээ наалдчихаад хоол руу дайраад байлтай биш. Би дандаа л өлсгөлөн, хоол ярих юм даа.

Жич: Нөхөр усанд сэлж чаддаггүй юм. Тэгээд зүгээр зогсож байхаар намайг эмэгчин бар шиг архираад ус руу дүүлэн орох агшинг дарсан бол би энд тэр зургаа оруулах байлаа, сүртэй шдээ тээ.

Thursday, December 16, 2010

Заримдаа би

далайн дээрэмчин болмоор санагдаад байдаг юм. Тэгээд далайн дээрэмчинтэй холбоотой ном уншиж судалнаа.
Өнөө өглөө энэ тоть манай балкон дээр ирж суучихаад надтай яриад байсан. Би даанч юу гээд байгааг нь ойлгодоггүй. Далайн дээрэмчин болбол энд далай нь байна, бас тоть өөрөө ирээд байх юм. Тэр дээрэмчид чинь нэг нүдээ хар бөөрөнхий юмаар хаагаад байдаг даа, би тэрийг нь далайн дээрэмчид бүгдээрээ л нэг нүдгүй юм байх гэсэн чинь, үгүй гэнээ. Гэрэлтэй газар байж байгаад доошоогоо завьны хөндий гэх мэт харанхуй газар руу орохоор нүд нь харанхуйд дасаагүй тул юм хардаггүй учраас тэр хар бөөрөнхий хаалтаа нөгөө нүд рүүгээ шилжүүлж, харанхуйд дассан нүдээрээ хардаг гэнэ шүү.

Ашигласан материал: Далайн дээрэмчин болохыг хүсэгчдэд гарын авлага, 1877 он. хаха


Гарчиггүй

Би 2-р ангид байхдаа амьдралдаа анхны бөгөөд сүүлийн хайрын захиаг ангийнхаа хөвгүүнээс авч байлаа шд. Гэвч тэр захиа миний гарт ирээгүймаа, харамсалтай нь. Захиа өгөгч бид 2 зэрэг самбарт гараад би тоогоо түрүүлээд бодоод суучихгүй юу. Нэр нь П. Нөгөөх маань захиагаа надад өгч байгаа царай нь самбарын шохой тавьдаг тавиур дээр надад ойрхон тавьчихсан байгаа юм, түмний нүдэн дээр, нээх хулчгар гарт минь атгуулчихгүй. Тэгээд суухдаа буцаагаад захиагаа авчихаж чадахгүй, орхиод суусан чинь ангийн жижүүр Н.У олоод түмэнд дэлгээд, бас өөдгүй гар, хэхэ.

5-р ангид байхад би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болоо. А гэдэг юм. Сагс тоглоход гар сайхан нийлнэ шд, эсрэг тал болсон ч санамсаргүй алдаж байгаа юм болоод надад хааяа бөмбөгөө өгөөд ч байгаа юм шиг, хааяа надад тусалж өөрийн багтаа шавар хаагаад ч байгаа юм шиг болохоор чинь дурлахаас яах юм бэ. Намайг угаасаа хэн ч тоодоггүй байсан юм чинь, би өөрөө л хэн нэгэн надад сайн байх л ёстой гэж ургуулан бодож байгаа байхгүй юу. Нэг өдөр дал тариа хийнэ гээд л ангид цагаан хувцастай хүмүүс орж ирээд л биднийг 1-р эгнээнээс эхлээд тарьж эхэллээ. Би тариулчихаад нөгөөхөө харна биддээ. Тэгтэл тэрний ээлж болсон чинь муухай дуугаар бархираад, уйлаад, зугтаагаад бөөн юм болоод, хайрт маань ангиас гараад зугтчихсан. Рээтингээ унагаагаад, хэдхэн хормын дотор шууд 0 болоод миний хайр тэр дороо л дуусчихсан. Нээх булчин шөрмөс нь зангирсан сайхан залуу маань юу вээ, энэ чинь одоо, хэлэх үг олдохгүй, хэхэ.  Намайг цагаан морио унаж ирээд л авна даа гэж хүлээж байсан чинь нэг муу зүүнээс айгаад, сэлэм эргүүлээд намайг дайснаас хамгаална гэж мөрөөддөг байсан чинь, би оронд нь сэлэм эргүүлээд тэрийг аврах юмуу хаашааен. Би 5-р ангидаа хатуу чанга ээжийнхээ удирдлага дор судас тариа хийж сурч байсан шд.

Үүнд гарчиг өгөх гэсэн чинь олдоггүй ээ. "Хайрын захиа" гэж нэрлэх гэтэл тэр захиаг нь би уншаагүй, "10 жилийн дурлалын түүх" гэж нэрлэх гэхээр намайг тоож үерхээгүй юм чинь одоо гарчиггүй байхаас. Амарсайхан блог дээрээ тарианаас зугтсан гэж бичсэн байсан, бас нэгэн охины хайр зогссон байхдаа гэхгүй юу, хэхэ.
Уг нь хайрын захиа авч үзсэн бол байнга биедээ авч яваад л, хүмүүсээс нууж уншаад л, бас захиагаа үнсээд л, зарим захиа авч үзээгүй охидод гайхуулахгүй юу, би энэ тал дээр нээх азгүй. Угаасаа маанагжуу тооны машиныг хэн ч тоох билээ дээ.

Wednesday, December 15, 2010

Bakugan

Ийм тоглоомоор манай хүүдүүд тоглодог юм. Би ч бас хүүхдүүдийнхээ тоглоомоор их тоглоноо, цуглуулна.

Эвхээтэй байгаа нь. Үүнийг дэлгэхийн тулд заавал төмөр дээр эсвэл соронзон дээгүүр өнхөрүүлдэг юм

Хөргөгчин дээр.

Халуураад бага хүүгийн зурсан зургийг нь орууллаа. Зургийн нэр нь Акул гэнээ.

Tuesday, December 14, 2010

Монголын ардын армийн буу шийдэм 2

Өмнөх бичлэгт дурьдсан, их сургуулиа төгсөөд 16, 17 жил уулзаагүй байсан ангийн хөвгүүн намайг эндээс хэрхэн олсныг хэльюү.

Тэрээр Сөүлээс Сиднэй рүү хөөрсөн онгоцонд манай ээжтэй зэрэгцэж суусан байгаа юм. Тэгээд онгоц газардахын үед ээж маань түүнээс "энэ хуудсыг эндээс хуулаад бөглөөд өгөөч" гээд нэг цаас өгчилдээ. Ангийн залуу нөгөө цаасыг нь хартал дээр нь "Монголын ардын армийн буу шийдэм" гэдэг миний нэрний ард утасны дугаар минь байж л дээ. Тэгэнгүүт л ээжээс танай охин чинь төдөн онд тийм сургууль төгссөн үү гэж асуугаад л намайг олоод авч байгаа юм. Ээж болохоор түүнийг зурагтаар л их гардаг хүүхэд зохиолын дууны дуучин байх гэж бодож явж. Харин ангийн хүүхэд эрдэм сурахаар Австралийг зорьж яваа нь тэр байв. хэрэв намайг Нараа Сараа Навчаа Цэцгээ гэдэг байсан бол ангийн андтай ингээд хөрш болохгүй нь байна шд.