Saturday, August 21, 2010

Би намбагүй хөөн

Бага байхдаа карате-аар хичээллээд жоохон юм заалгангуутаа л гудамжинд намайг хэн нэгэн дээрэлхээсэй гээд л бодоод явдаг байлаа. Хэрэв дээрэлхүүл азны юм гээд л сурсан юмнаасаа турших гээд л гар загатнаад гараа зангидаад л алхана шүү дээ, ямар ч шалтгаангүй хүн зодолтой биш дээ тээ. Гэхдээ азаар хэнтэй ч гудамжинд зодолдож үзээгүй, зодолдвол тэгээд би алуулах байх доо. Тухайн үедээ хөөрөөд л гүуж явсан.

Рок сонсоод л гэртээ гитар дарж байгаа юм мэт хий гараа савлаж, сэгсэлзэж бүжиглэх юм. Энд би мөнгөө төлөөд концерт энэ тэр үзэж, баар саванд орж чадахгүйгээс хойш гэртээ л хүүхдүүдээ айлгаж мангасдаж байна.

Бага байхдаа мотоцикль унаад л салхи татуулаад давхих юмсан гэж их мөрөөддөг байлаа. Одоо энд л мөрөөдлөө биелүүлж кайф авъя даа. Уул шугамандаа миний насны бүсгүйчүүд ямар байдгийг та нар андахгүй дээ. Гэтэл би яаж байна. Мотоциклиор давхина гээд л хөөрцөглөөд, харин азаар хямдхаан олоод авлаа. Явахдаа зарж чадахгүй бол төмрийн хогонд өгөхөөс. Гэхдээ япон эмээ нарын унадаг, сурагчийн ширээний ард өвдгөө нийлүүлээд томоотой сууж байгаа байдлаар унадаг мотоцикль биш шүү. Ганц хүний, ардаа хөөрхөн авдартай (мотоциклоо унаж явахдаа түүнд үүргэвчээ хийчихнэ, буугаад сургууль руугаа орохдоо мотоциклийн малгайгаа хадгалчихна) улаан хүрэн өнгийн чика унаатай болоод байна.
Мотоцикль унахад олон давуу тал байна. 1. Мөнгөнд хэмнэлттэй. Би сургуульдаа машинтайгаа явахаар зогсоолын мөнгөнд алуулж дуусах юм. Тэгээд автобусаар явахаар талдаа 2 доллар 70 цент төлөхөөс гадна 30 минут тутамд явдаг автобусаа алдчихвал дараагийнхийг нь хүлээхээс өөр арга байхгүй. Мотоцикль бол бензин үнэрлээд л давхиад байна. Бас зогсоолд мөнгө төлөхгүйгээр сургуулийн ойролцоо айлуудын хогийн савны ард нь замаас гаргаад нуучихаж болж байна. Нээрээ хог гээд андуураад ачаад явчих вий дээ. 2. Хэзээ ч бөглөрч цаг гарздахгүй. Машинууд бөгрөлөөд зогсож байхад нь эгнээ хоорондуур нэг хөлөө унжуулаад хажуугаар нь хурд багатай өнгөрөөд хамгийн урд очоод л зогсчихно. Тэгээд л ногоон гэрэл солигдонгуут хаазаа нэмээд л хамгийн түрүүнд нь сүнгэнэнэ дээ. 3. Хамгийн сайхан нь кайф авна. Олон ч жил мөрөөдөж дээ. Ямар ч байсан энд 2 жил давхинаа.
Би мөнгө хэмнэх гэж авч байгаа юм шүү. Энд байх 2 жилийн тээврийн зардлаас маань хямд тусаж байна гэдэг тооцоонд үндэслээд авчихлаа. Ганц гэм нь мотоцикь унахдаа даашинз банзал өмсөж болохгүй юм даа.

Монголд мотоцикль унах тохиромжгүй санагдаад байдаг юм. Нэгдүгээрт, улирлын чанартай, хоёрдугаарт, замын хөдөлгөөнд оролцоход мотоцикльтой хүнд аюултай. Иймд монголд би унахгүй л дээ. Тэрнээс чика мотоцикль уначихаад Мангас Мөнхсайхан, Камертоны Эба нартай нийлээд сүрэглэн давхих ч кайфтай л байлгүй яахав.

Тэгээд хажуугаар нь зөндөө юм авчихсаан. Мэдээж мотоциклийн жакэт, тасархай моодтой. Гарын арын үе нь ил гарсан, ар дээрээ зангуутай хуруугүй савхин бээлий, (нөгөө хумс сарвуугаа хурц өнгөөр будаж байгаад л). Хямдарсан байхаар нь тод шар, гэрэлтдэг ногоон, үзмэн ягаан өнгийн гурван ширхэг хүзүүний алчуур мотоциклийн хар жакэт дээрээ зүүж эмэгтэй гэдгээ илэрхийлэх гээд авчихсан. Уранхай жинс авах мөнгөгүй тул муу жинсээ өөрөө энд тэнд нь цоолноо.

Цаашид яах вэ гэвэл: 1. өөрөө үсээ тайраад байгаа, тэрийгээ болиод ургуулна. Малгайны дороос нуруугаа дагаад урт үс цухуйгаад салхинд хийсэж байвал гоё биз дээ. 2. Арзгар ултай тахал гутал авч өмсөнө. Одоохондоо цайвар кобой гутлаар орлуулж байна. 3. Нүдний шилтэйгээ каск өмсөх хэцүү юмаа, линз авахаас 4. Хүмүүс шиг мотоцикль унахдаа бөгтийхгүй, нуруугаараа хотойж унана. 5. Хамартаа гархи зүүж, өмд жакэтны хоорондуур цухуйх ууцан дээрээ шивээс хийлгэнэ. Хаха энэ сүүлийнх нь худлаа шүү.
Одоо тэгээд мотоцикль унаад эхлэхээр шинэ шинэ адал явдал намайг хүлээж байгаа даа. Нөхөр их л дургүй байгаа, хүзүүгээ хугалж үхэх гээ юу гээд л. Би гаж байгаа биз, яадгийн.

Өчигдөр сургууль гэр 2-н хооронд 3 удаа явлаа, өнөө өглөө бас 3 удаа явлаа, бөгсний хорхой дарагддаггүй ээ. Күэ үгээр илэрхийлэх арга алгаа, үүүнэн кайфтай байнаа.

Хамгийн их харамсдаг зүйл маань

Би 8 дүгээр ангид байхаасаа эхлэн 4 жил гар буудлагаар хичээллэж байсан юм. Буудлагын тийр одоо ч гурвалжингийн гүүрний урд байдаг. Тэр үед би 3,4 хорооллоос 2 номерийн тролейбусанд суугаад Саппора дээр буугаад урагшаа алхдаг байлаа. Ээрмэлийн автуусны чиглэл нээгдээгүй байсан. Буудлагаар хичээллэж байхдаа бид марголин гэдэг гар буугаар бэлтгэл хийдэг байсан юм. Би чинь Олимпийн мөнгөн медальт Гүндэгмаатай хамт гар буудлагын секцэнд явж эхэлж байлаа, надаас хоёр гурав дүү л дээ. Биднийг анх өндөр Алтанцэцэг гээд одооч байгаа даа нээх өндөр маш царайлаг дасгалжуулагч анх дасгалжуулж байлаа. Та нар мэднэ дээ зурагтаар зөндөө гардаг шдээ, манай багш. Тэр үед зах зээлд орж эхэлж байсан болохоор сумны норм маш бага бид хэдхэн сумаа дор нь буудаж хаячихаад, буугаа өргөөд л хүйтэн тийрэндээ даараад л зогсоод байдаг байлаа.

Анх намайг Алтаа багш маань нээх олон хөвгүүдтэй сагс тоглож байхад маань олж хараад секцэндээ сонгоход нь Би нүдний хараа муутай би чадах болов уу гэж асууж байлаа. Буудлагаар хичээллэхэд нүдний хараа хамаагүй байдгийн шдээ, овоо хараагаа л харж байвал цаад байг нарийн харах шаардлагагүй, тархиараа бууддаг юм. Миний амьдралдаа хамгийн харамсдаг юм бол буудлагаа хаясан маань. Яагаад харамсдаг вэ гэвэл би Гүндэгмаагаас илүү бууддаг байсан юм, тухайн үедээ. Онгироогүй шүү, гэхдээ сүүлдээ түүнийг гүйцэхгүй болох байсан байх л даа, бидэнтэй хамт бууддаг байсан олон охид сураг алга л байна. Гүндэгмаагийн маань аав Отряд гээд мундаг шүхэрчин хүн байсан юм. Тэгээд л тамирчны хүүхэд тэсвэр хатуужилтай, гүргэр, хичээнгүйлэн хичээллээд байсандаа. Харин намайг буудлагаа хаяснаас хойш дасгалжуулагчаа сольсон байсан.

Нэг удаа би буу алдаад өмнөх ширээн дээр байх дурангийн хөлийг хуга буудаж байлаа. Бид чинь буудчихаад, хэд дээр тусаж вэ гээд бай руугаа дуранддаг юм. Тэгэхэд би айгаад уйлахад, Алтаа багш намайг аргадаад, одоо амар гээд эрт харьж байлаа. Би чинь шоконд орсон тул юун бэлтгэлээ үргэлжлүүлэх. Харин яаж хүн рүү буудчихаагүй юм.

Бид гэртээ бэлтгэлээ бас их хийнээ. Гэртээ буудахгүй л дээ, баруун гартаа хүнд индүү өргөөд л зогсоод байна. Өргөөд буулгаад л байна. Гар буугаар буудахад гар ямар ч хөдөлгөөнгүй байх ёстой юм.

Биднийг одоо ч байгаа Өлзийбаяр багш маань аймаар загнадаг байлаа, загнуулахаасаа айгаад л Өөжгий багшийн бараа харагдангуут нуугдана даа. Бас Мөнхбаяр Германы иргэн болоогүй бидэнтэй хамт бэлтгэлээ хийгээд л явдаг байлаа даа.

Би их сургууль ороод явахаа болиход Алтаа багш минь сургууль дээр ирж намайг очооч гэж гуйж, би нэг удаа буцаж очоод бас хаячихсан. Дараа нь Алтаа багштай гудамжинд таараад бас л намайг буудаач чамд уг нь авьяас байна гэхэд нь очоогүй мангар шдээ би, одоо харамсаад боож үхмээр санагдаад байдгийн. Тэгээд багш минь яаж намайг 3дахиа гуйж ирэх вэ дээ.

Би одоогийнхоо амьдралд хангалуун ч гэлээ, буудлага гэнгүүт л голоос юм чангаагаад л байдаг юм. Цаг хугацааг эргүүлж болдог бол...

Өнгөрч байгаа 7 хоногт

Даваа-зочин профессор лондонгоос ирж лекц уншсан. Нээх сонин нэртэй Tewdwr-Jones. Манай багш энэ хүнтэй, өөр нэг багштай хоол хамтдаа идэх үү, бид сургуулийн мөнгөөр иднэ гэхээр нь үнэгүй хоол идэх шаансыг алдаад яахав дээ гээд л тэгье гэчихлээ. Тэгээл бүгд нийлж аваад багш нар ордог ресторанд /би мэддэггүй байж/ орлоо. Би бол оюутны хоолны газруудад ч ордоггүйг та нар мэднэ дээ. Гэрээсээ хоолоо авчираад идчихнэ. Би ер анх удаа өөрөөс дээш зиндааны /би болбасу оюутан/ бас цагаан 3 залуутай ресторанд орж байгаа юм байнаа. Өмнө нь олон орны өнгө өнгийн хүмүүстэй голдуу босоо хүлээн авалтанд ордог байж. Тэгээд ресторан болохоороо ч юм уу нөгөө 3 чинь намайг хүндлээд байх шиг байнаа, эхлээд намайг суусны дараа тэд ширээндээ суулаа, захиалга өгөх болтол над руу харахаар нь би эхлээд цэснээс харж байгаад стейк, байхуу цай захьчихлаа. Гэтэл дараа нь зочин маань грек салад гэдэг бөөн өвс, манай багш 2 талханд хавчуулсан навч, 3 дахь багш маань махгүй гоймонгийн салад захьлаав шд, тэгснээ бүгд крантны ус ууя гэдгийн. Эд нар дандаа өвс идэж ус уудгийн. Гэхдээ эд нар бас үнэгүй юманд нугасгүй болохоор нь арай ч иймхэн юм захьна гэж мэдсэнгүй. Миний захиалга ирсэн чинь мангар том таваг дүүрэн том мах, сайхан харагдаж байгаа юм чинь. Авахаас энд хоолны орц их шүү. Тэгээд тэд нар юм яриад л, би идээд л байлаа. Күэ яаж вино амттан гээд балайраад зөндөө юм захичаагүй юм бэ. Захьсан хоолоо барахгүй үлдээвэл муухай л даа, тэгээд л чихээд байлаа. Би хаая ярианд оролцчихоод л идээд байлаа. Зоог дуусахад тэд над руу "ийм туранхай байж хаана нь ийм их хоол орчив" гэсэн маягаар харснаа "ийм авгайтай бол тэжээж барахгүй ээ" гэж бодсон байхаа. Надад яг тэгэж санагдсаан. Би махчин мангас юмаа.

Мягмар-Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр би гэмгүй мөртлөө л замын цагдаа тааралдахаар л гэлбэлзээд байдаг юм. тэгээд замын цагдаа байвал аль болох 3дугаар эгнээгээр холуур л явна даа. Өнөөдөр хөдөлгөөн багатай нарийн зам дээр яг урдаас замын цагдаагийн машин удаанаар над руу хараад л өнгөрлөө. Би тэр зам дээр буцаж эргэх гэж байсан болохоор тэднийг алга болохоор эргэнэ дээ гэж бодоод л голын толиндоо хараад л айжуухнаар урагшилж байв. Тэгээд тэднийг хажуугийн жижиг гудам руу ороод харагдахгүй болонгуут л буцаад эргэтэл намайг яг анаж байгаад гараад ирдэг юм даа. Тэгээд над руу дохиогоо хангинуулаад хүрээд ирлээ. Дохиж байна. Тэгээд над дээр ирснээ үнэмлэх шалгалаа. Би эндхийн үнэмлэхгүй, монголын жолооны үнэмлэхээрээ машин барьдаг юм. Оюутны түр визатай бол заавал эндхийн үнэмлэх хэрэгггүй. Тэгээд нөгөө юмаа үлээлгэлээ, бас тоо тоолууллаа. тэгээд яагаад энд U эргэв гэхээр нь энд эргэхийг хориглосон тэмдэг алга л байна шдээ гэлээ. Би дүрэм зөрчөөгүй л дээ. Тэгээд миний бичиг баримтыг аваад машиндаа ороод алга болчихлоо. Намайг хилээр хэзээ орж ирсэн энэ тэр гээд байсан, бодвол цаашаагаа утсаар ярьж намайг шалгасан байхаа. 20 минутын дараа машинаасаа буугаад ирлээ, тэгээд надаас уучлалт гуйгаад л явуулсан. тэр хооронд манай босс намайг хурдал гээд л бачимдаад байлаа. тэгээд цагдаа зогсоочихсон байна гэсэн чинь яасан гээд л асуугаад, босс бол буцаж эргэдэггүй газар шууд л эргэ гээд л орилоод байдаг юм.

Баасан-2 дугуйт авсан. Онгирмоор санагдаад байна, энэ тухайгаа үүний дараа бичнээ.

Бямба-өнөөдөр энд сонгууль явалдаж байгаа юм. Энд сонгууль өгөөгүй иргэдээ торгодог юм байна билээ. Манай босс бас их алиа хүн байдаг юм. Хэрэв ажил гайгүй завтай бол дотуур холбоогоороо марзаганаад л байна шүү дээ. Өнөө өглөө бидэнд дараах зурвасыг утсаар илгээжээ "Remember vote 1 Me, make your vote count. I will wash your car, vacuum your house and cook for your if I am elected. I swear on the tele tubbies". хэхэ би яаж зүгээр байх вэ дээ, хариуг нь дор нь илгээнэ шд.

Thursday, August 19, 2010

Блогоо хаалаа

Хайрт найз нараа би хэд хоногийн дараагаас блогоо нийтэд уншигдахгүй болгохоор шийдлээ. Уг нь хэн ч намайг танихгүй гэж бодож бичиж байсан юм гэтэл одоогийн байдлаар миний мэдэхийн 4-н зэрэг таньдаг хүн гараад ирлээ. Тэгэхээр үргэлжлүүлэх боломжгүй болоод байна. Зарим блогчид намайг танина, гэхдээ таньдаг гэдгээ илэрхийлээгүй л байгаа л даа. Энэ блогоо өөртөө зориулаад өдрийн тэмдэглэл маягаар үргэлжлүүлье дээ. Тэгээд гэнэт хаачихаар зарим хүмүүс олж уншиж амжихгүй, гайхах байх гэж бодоод хэд хоног онгорхой байлгаж байгаад нийтэд уншигдахгүй болгоё гэж бодлоо.

Дараа магадгүй би Бундангийн ноён гэдэг ч юм уу шинэ нэрээр хүнд хэрэгтэй юм бичье гэж бодлоо. Гэхдээ хэзээ гэдгээ би хэлж мэдэхгүй байна.

Урьд өмнөх шигээ би хий үзэгдэл шиг уншдаг блогуудаараа хэрэн тэнүүчлээд л байх болно. Блог ертөнц үнэхээр гайхамшигтай юм байна. Энэхэн хооронд зөндөө юм сурлаа. Бас зөндөө шинэ найзтай боллоо, заримтай нь захидлаар харьцаж байна. Хэрэв би сэтгэгдэлд хариулахдаа анзааргагүй хариулт өгч хэн нэгнийг гомдоосон бол намайг уучлаарай. Боол би үхвэл таарна, пар пар.
Би та нартаа хайртай шүү.
Ёсолсон Гилийн хатан

жич: 1.хаатлаа ганц нэг юм нэмнээ.2.хөнгөхөн гуниг төрж байна.

Мөрөөдөл биелдэг юм

Би мөрөөдөл биелдэг юм байна гэдэгт итгэдэг болоод байгаа. Нэгэн мөрөөдөл маань хэрхэн биелсэн талаар яринаа. Яринаа бишээ, бичнээ. Ууг нь та нар миний бүдүүн дуу хоолойг сонсдог бол айнаа. Би ч өөрийнхөө дуу хоолойноос цочоод байдгийн. Эмэгтэй хүн байж холын тээврийн жолооч шиг эсвэл заанаас дээш цолтой бөх шиг ПАР ПАР гэж инээнэ шд. Азаар та нарт миний дуу сонсогдохгүй юм даа.

За мөрөөдөл рүүгээ. Надад зурагтаар гарах шаанс байхгүй учраас би зурагтаар гарахыг ихээр мөрөөддөг байлаа. Хэрвээ зурагтаар гарвал би тийм гутал хувцасаа өмсөнө, гараа тэгж хөдөлгөнө, үсээ ингэж хойшоогоо хаялна, дорсгоо шүднүүдээ харагдуулахгүйгээр гоё инээнэ, бас их гоё хоолойгоор ярина гээд л мөрөөднө шд. Гоё л мөрөөдөл байгааз дээ.

Манай мэргэжлийн оюутнууд хавартаа нэг сарын хугацаанд хоорондоо бяцхан тэмцээн зохиогоод дүнгээ танилцуулах болохоор нэгэн жижиг бааранд бяцхан үдэшлэг зохиогоод шагналаа гардуулаад багш оюутангүй ганц нэг пиво уугаад хэдэн бүжиг товшдог уламжлалтай. Тэр нэгэн уламжлалт өдөр миний даасан ангийнхан баарны гадаа цуглараад бусдыгаа хүлээгээд л хийх юмаа олж ядаад л цаг нөхцөөж байсан үед папарацууд бидний зургийг зөндөө авчихсан байгаа юм даа.

За маргааш нь билүү нөгөөдөр нь гэртээ Цагийн хүрд үзээд сууж байтал цаг агаарын мэдээ зарлахаас өмнөхөн нэвтрүүлэгч ийн текст уншиж байна “Өнгөрдөг 2004 онд ажилгүйдлын түвшин тэдэн хувь байлаа. Хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр хангалттай байна. Хөдөлмөрийн насны залуучууд ажил олдохгүй байна гэх боловч зарлагдаж байгаа ажлыг голж, амар хялбар ажил хийх сонирхолтой” гэснээ үргэлжлүүлээд “залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх газар нь зөвхөн баар сав болжээ. Үүнтэй холбоотой гэмт хэрэгт холбогдох нь ихсэж байна” гэсэн текстийн ард харин бид нарыг фон болгочихсон байдаг юм даа. Би оюутан хөвгүүдийнхээ дунд хөхрөлдөөд зогсож байснаа хамтдаа баар луу орж байгаа нь тов тод гардийм даа. Би чинь уг нь улсад татвараа төлөөд ажиллаад байгаа хүн бид дээ. Мэдээллийн хөтөлбөр байсан болохоор нь хүмүүс их үзсэн байх, олон л хүн намайг харсан байна лээ. Хамгийн инээдтэй нь хөдөөнөөс хадам ээж бас үзчихсэн нөхөр лүү утасдаж нилээн ярьж байснаа “гилийн хатан сайн уу? Ажлаа хийж байгаа юу” гэсэн шүү.

Ингэж л миний мөрөөдөл амархаан биелсэн юм даа, пар пар.

Wednesday, August 18, 2010

Цэцэрлэгийн эрэгтэй багш нар

Монголд бас Японд би цэцэрлэгийн эрэгтэй багш хараагүй юм. Бодвол байдаг л байхдаа. Энд манай хүүгийн цэцэрлэгт 2 эрэгтэй багш байдаг юм. Хорин тав зургаан настай, нээх бөх баймаар бие бялдар сайтай, мангар өндөр, би дээшээ өлийж хардаг юм, бас их царайлагаа тэр хоёр. Энэ 2 ажилдаа их дуртай, өдөржин л хүүхдүүдтэй тоглох чинь сайхан л ажил биз дээ. Нөгөө хүүхдүүд нь ч гэсэн бусад эмэгтэй багш нараа бодвол энэ 2-оос салахгүй. Энд анги гэж байгаа ч хүүхдүүд нь бүгд л холилдоод байж байдаг юм.
Айлын хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүй авах нь хориотой тул өнөө өглөө хүүхдээ хүргэж өгөхдөө би хүүхдийнхээ зургийг авч байгаа болж байгаад энэ 2 хөөрхөн багшийн зургийг нууцаар авчихлаа, эндээс энэ 2 олж үзэхгүй л байлгүй гэж бодоод.



Түүнийг Matt гэдэг, багш маань хүүхдүүдэд цаасаар л юм хийхийг зааж өгч байгаа бололтой юмаа. Би хараагүй царайлж байгаа болохоор яг юу хийж байгааг нь харсангүй. Босох шинжгүй байхаар нь энэ чигээр нь зургийг нь дарчихлаа.



Түүнийг Shaun гэнэ, элсэн байгаа хүүхдүүдтэй л элсээр тоглоод байсан, би хүлээж байгаад яг босохоор нь зургийг нь дарсан. Аминдаа та нарт бакь гэдгийг нь харуулах гээд, хэхэ.

Энд цэцэрлэгийн багш болоход хамгийн эхлээд хүүхдэд хайртай байх гэсэн маш энгийн шаардлага тавигддаг юм байна лээ. Хүүхэд тээршаадаг хүмүүс нь хүүхдэд дургүй гэдгээ мэддэг болохоороо цэцэрлэгийн багшийн сургуульд анхнаасаа л ордоггүй юм байна.

Sunday, August 15, 2010

Зөвлөлгөө авах уу

Зарим нэг журмын андаас "дандаа л жорлон, баалаа шээлээ гэсэн хүнд хэрэггүй юм бичих юм" гэсэн шүүмжлэлийг нааштайгаар хүлээн аваад аливаа тохиолдолд амьд үлдэх маш хэрэгтэй зөвлөлгөө өгөхөөр шийдлээ. Нээрээ нэг удаа хүнд хэрэгтэй юм бичье дээ.



Энэ зураг дээр миний эрхий болон долоовор хуруугаараа бусад түлхүүрээс онцгойлсон төмрийг юу гэж бодож байна? Энэ бол ШҮГЭЛ. Үүнийг би Японд байхдаа 100 иений дэлгүүрээс аваад Японд 2,5 жилийн турш хүзүүнээсээ зүүсэн юм. Японд байнга газар хөдлөдгийг бүгд андахгүй. Титаник киног бүх хүн үзсэн дээ, тэнд гол дүрийн эмэгтэй яаж амь аврагддаг билээ дээ. Тийншдээ, хүйтэн далай дотор хөлдөж үхэхийн даваан дээр хоолой нь гарахгүй, тусламж дуудаж чадахгүй байхдаа хажуугийн цогцосын хүзүүнд зүүлттэй байх шүгэлээр завьтай хүмүүсийг дууддаг бид дээ. Яг үүнтэй адил газар хөдлөөд миний хөлсөлж байсан нилээн эрт баригдсан байшин нурвал, хэрвээ би нуранги дор амьд байдаг юм бол аврагчдийг шүгэлээрээ дуудах төлөвлөгөөтэй байлаа. Азаар шүгэлээ хэрэглэх тохиолдол гараагүй л дээ. Одоо энэ шүгэл маань миний түлхүүрийн оосорт явдаг юм. Энд газар хөдлөхгүй л дээ. Хөдлөлөө ч ховор бөгөөд нээх хүчтай байхгүй гэж боддог.

Аминдаа хайртай байна уу? Японы байнгын газар хөдлөлтийн аль нэгэнд нь би тэнд үхчихвэл би сурсан эрдмээ түгээгээд, хойч үеэ сурган хүмүүжүүлж эх орондоо хувь нэмэр оруулж амжихгүй бол хайран биз дээ.

Хүнийг хурууны хээгээр илрүүлж болох ч гарын зургаар таних боломжгүй учраас зүүн гарын зургаа оруулчихлаа.
За тэгээд монголд газар хөдлөнө гээд айгаад байгаа хүмүүст зөвлөхөд газар хөдлөлтийг хэн ч урьдчилан мэдэх боломж одоогоор алга л байна, тэр өндөр хөгжилтэй Японд ч гэсэн. Гэхдээ бэлтгэлтэй байхад гэмгүй. Үүнд:
1. Газар хөдлөж эхлэхэд сандралгүй цахилгаан хэрэгслээ салга, гал гарах аюултай тул
2. Бүргэд хаалгаа онгойлгоод тоосго хавчуулчих. Газар хөдлөх явцад төмөр хаалга гажаад онгойдоггүй тул хөдөлж эхлэнгүүт хаалгаа онгойлго. Нэг ширхэг тоосго гутлынхаа шүүгээ хавьцаа хадгалчих
3. Үүд хавьцаагаа нэг муу цүнхэнд савтай ус, шоколад, хөвөн маарль гэх мэт эмнэлгийн анхан шатны тусламжид хэрэглэгдэх зүйлс, бэлэн мөнгө, радио, гар чийдэн, зай хийчих, бас гадаад паспорт ч юм уу ямар нэгэн АиДи. Дараа нь амьд гарсан тохиолдолд чамд тэр АиДи чинь их хэрэг болно, чи өөрийгөө хэн гэдгээ батлах шаардлагатайгаас гадна аливаа тусламж хүртэхэд хэрэгтэй.
4. Газар хөдлөнгүүт эхний савалгааг өнгөртөл ширээн доогуураа байж байгаад, шил тольноосоо хол бай, түр амсхийж дараагийнх нь эхлэх хооронд гарч гүйхдээ нөгөө муу цүнхээ шүүрээд аваад гарна.
5. Гарахдаа заавал гутал өмс. Хагархай шил энэ тэр дээгүүр гүйх тул
6. Шөнө унтахдаа унтлагын хувцастай унтаж бай. Гэнэт газар хөдлөвөл хувцас өмсөх цаг байхгүй. Би их гоё унтлагын хувцас өмсдөг байлаа, хүн харахад унтлагын хувцас гэж мэдэгдэхгүй.
7. Байшингаасаа гарахдаа цахилгаан шат хэрэглэж болохгүй, шатаар л уруудана даа.
8. За тэгээд өөрсдөө амьд байрнаасаа гарсан бол сургуулийн спорт талбай гэх мэт задгай талбай олж газар хөдлөж дуустал аюулгүй байна даа. Мэдээж энэ хооронд өөр тусламж хэрэгтэй хүмүүст сэтгэл харамгүй туслах хэрэгтэй.
Эцэст нь Монголын үндэсний ТВ ба радиогоор газар хөдлөхөд яах ёстой талаар шууд зааварчлага өгч баймаар байгаа юм. Мөн аливаа албан байгууллага, сургууль цэцэрлэг, дэлгүүр хоршоо ард урдаа байдаг олон цоожтой хаалгаа ийм аюулын нөхцөлд шууд автоматаар онгойлгож, олон хүн зугтаж гарах боломжийг олгож баймаар байгаан.
Сонирхуулахад, дэлхийн энэ тэнд болсон аливаа газар хөдлөлт, галын аюулаас Япон хүмүүс хамгийн амжилттайгаар, зохион байгуулалттайгаар зугтаж амь гарч чаддаг нь байнгын далайн шуурга галт уул газар хөдлөлтөн дотор амьдардаг, онцгой тохиолдолд яахаа мэддэг, бас байнгын сургалтыг цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд явуулж байдагтай нь холбоотой байхаа.
Ж нь: манай хүүгийн цэцэрлэгт л гэхэд ангийнх нь нэг хаалгаар гадны хүн орж ирвэл бүгд арын хаалгаараа зугтана эсвэл гал гарвал ийм дохио дуугарна, тэр үед нь хүүхдүүд ийм дарааллаар ийм ийм гарцуудаар зугтана гээд л сургуулалт хийгээд байдаг байлаа. Гэтэл монголд олон мянган хүүхэдтэй сургууль орох гарах ганц хаалгатай, хэн ч зугтаж боломжгүй нь харамсалтай.
Жич: Японд манай сургуульд манай төслөөр 30-аад оюутан сурч байсан бөгөөд биднийг 3 аравтад хуваадаг байлаа. Би нэг аравтын дарга бөгөөд аливаа тайфуу-далайн шуурга, газар хөдлөсний дараа миний доорх 10 оюутан над руу утасдаж амьд гэдгээ мэдэгдэнэ, би дээшээгээ Япон координатор руугаа миний аравт энэ удаагийн газар хөдлөлтөөр амьд үлдлээ гэж илтгэх үүрэгтэй байлаа. Хэхэ Япончууд их сүртэй, заримдаа бага зэргийн газар хөдлөхөд гадуур тэнэж яваад мэдээгүй өнгөрөөчихсөн байхад "чи амьд уу" гээд утасдаж шалгадаг байж билээ. Гэхдээ л япончуудын занд би дуртай.
Миний санаа зовдог зүйл бол Улаанбаатарын шинэ барилгийн чанар, мөн байгаа хуучин барилгынхаа дотоод зохион байгуулалтыг бүү өөрчлөөсэй гэж хүсдэг. Хуучин 9 давхар байрнуудын даацын бус ханыг бол дураараа өөрчлөөд л байх юм, хичнээн даацын бус ч гэсэн тэр барилгын чанарт нөлөөлж л байгаа. Нэг хана өөрчлөхөд тэр байрны насжилт 2 жилээр буурч байгаа ч юмуу, зовлогоо зовоож худалдаж авсан байрандаа хэдэн жил илүү амьдармаар байна шд.
Өө шаал өөр юм яриад хадуурчихаж, миний зөвлөлгөө бол хүзүүндээ ШҮГЭЛ зүү, хихи.

Thursday, August 12, 2010

Эрч хүч авдаг юм

Boney M ба Abba-г сонсдоггүй хүн байхгүй байхаа. Би энэ 2-н аль ч дууг сонсоод урам зориг орон эрч хүчээр цэнэглэгдээд л ирнэ. Ядраад уначихсан байвал сонсоод үсэрч босч ирээд манга татгийн, эмнэлгийн орон дээр хэвтэж байвал эдгэрээд босоод ирдийн, үхэх гээд өдрөө хүлээн хэвтэж байхад минь надаас эцсийн хүслээ хэлээч гэвэл энэ 2-н дууг сонсоод үхье гэж магадгүй шүү.

Boney M No woman no cry




ABBA I have a dream

Wednesday, August 11, 2010

Монголын Ардын Армийн буу шийдэм

Энэ бол миний нэр шүү дээ. Би эхлээд энэ нэрэндээ күээ мөн дургүй байж билээ. Одоо тэгээд дуртай болсон гэх ч хаашаа юм. Хүмүүс шууд л нэр сонсоод л надаас айж байгаа юм чинь, ялангуяа эрчүүд.

Нэгэн удаа онцгой нэр минь хамт ажилладаг багшийн маань давсгийг аварсан тухай хүүрнэе. 2003 оны үед байхаа манайхан Эрдэнэтэд очиж хичээл заачихаад буцахдаа манай нэг багш,цаашид А гэж нэрлэе, бид 2 автуусаар хот орох боллоо. А надаас арай ахмад юм болохоор автуусанд суухын өмнө тушаал буулгаж байна:-чи залуугаараа дэлгүүр гүйгээд замдаа идэх уух юм аваад ир, би билетээ бичүүлээд автуусандаа сууж байя гэлээ. Би ч дэгдээд хэдэн пиво хийсэн тортой юмтай автуус руу орох гэтэл жолооч нь Монголын Ардын Армийн буу шийдэм автуусанд минь тавтай морил гэв. Би ч мэндэлчихээд, миний нэрийг яаж мэддэг байнаа гэж бодоод цаашаа суудалдаа суулаа. А:-билет бичүүлж байтал жолооч нь чиний нэрийг сонсоод бүр гайхаад, надтай танилцуулаарай гээд байсан гэдгийн, би ч нээх тоосонгүй. Тэгээд автуус хөдлөөд явлаа, бид ч пивоо уугаад л чалчаад байлаа. Хэсэг яваад нэг цайны газар хоол идлээ, бид 2 ч хоол идлээ. Манай жолооч удалгүй хажууд минь ирж суугаад л:- би ийм хачин нэртэй ийм сайхан хүүхэнтэй огт тааралдаж байгаагүй, намайг Батзориг гэдэг гэж ирээд л танилцлаа. Нэрийг нь яг санахгүй байнаа. Би ч хүн намайг сайхан гэж байгаа болохоор чинь хөөрөөд л танилцлаа, хөдөө явж байж бариу жинс өндөр өсгийт шахчихсан байсан болохоор л тэгж харагдсан юм байгааз. Ер нь би өөрийгөө сайхан биш гэж хэлэх хэрэг байна уу? та нарт өөрийгөө сайхан гээд итгүүлчдэг ч юмуу, хэхэ. Жолооч маань надад жигтэйхэн их сайн байнаа, нөгөө хоолны газрын хүндэт зочин шүү дээ, жолооч маань. Автуус дүүрэн хүн авчраад хоол авахуулахаар чинь хоолны газрынхан түүнд байдгаараа үйлчилнээ дээ. Нөгөөх маань нээх үнэтэй ресторанд найз хүүхнээ урьчихсан дайлж байгаа аятай л, юу авахуулах вэ гээд л, үйлчлэгч нарт тэрийг ч аваад ир, энийг ч аваад ир гээд, миний өмнө зөндөө амттан өрөөд л, би сандарч байгаа юм чинь, бас ичээд. Тэгээл цаашаа хөдлөөд явж байтал А шээмээр байнаа, зогсох болов уу гэж байна. Удалгүй автуус гэнэт зогссоноо нэг эрэгтэй хүн буугаад морь харах үед нь А би шээнээ гээд л урагшаа очоод буух гэсэн чинь манай найз жолооч сайхан хүүхнийхээ хамт яваа хүнийг харин:- шээлгэхгүй, түрүүн зогсоход шээхгүй яасийн гэж том дуугаар уурсдаг байна шд, рээтингээ унагаадаад. А маань эргээд над руу горьдлогын нүдээр харах агшинд миний дургүй гэнэт хүрээд, энэ муу одоо биднийг эр хүн шиг босоогоороо адуу харж чаддаггүйн болохоор нь хүйсийн зохион байгуулалтаар ялгаварлан гадуурхаж байна гэж бодогдоод ухасхийн бослоо. Босох үедээ тэртээ тэргүй шингэн талханд талимайрсан байсан нүдэн дээрээ чимх инээмсэглэл нэмээд автуусны голын кордоороор урагшлангаа “Батзоригоо найз нь БААМААР байна” гээд автуус дүүрэн чангаар эмэгтэйлэг дуугаар уянгалууллаа. Тэгтэл ч хүмүүс пир хийтэл инээлдэж, жолооч маань намайг болон шээхийг хүсэгчийг буулгалаа. Яаж сайхан хүүхэндээ НО гэхэв дээ тээ. Тэгээл шээгчийг шээхэд нь би жорлонгийн үүрэг гүйцэтгэн, автуус руугаа хартал автуус дүүрэн хөдөөний голдуу хүмүүс сайхан хүүхэн яаж баадгийг харах санаатай бүгд биднийг тас ширтэж байлаа, хаха. Буцаж орж ирээд би баахаа болилоо гээд найз жолооч руугаа ширэвтатаад, дахин үг дуугараагүй салсандаа.

Monday, August 9, 2010

Австралид эмнэлэгт хэвтсэн тухай

Өмнөх бичлэгт Нараагийн үлдээсэн сэтгэгдлээс үүдэж энд анх эмнэлэгт хэвтсэн тухайгаа бичихээр шийдлээ. Энд ирснээс хойш одоогоор би бага хүүтэйгээ 3 удаа түргэн дуудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд байна. Мэдээж эмчилгээ оношлогоог нь Монголтой харьцуулах аргагүй л дээ.

Түргэн дуудахад triple zero руу залгадаг юм. Гэхдээ өөрийн унаа тэрэгтэй бол түргэн дуудахгүй өөрсдөө эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт очвол түргэний үйлчилгээнд мөнгө төлөхгүй. Түргэн дуудахад гэрийн хаягийн дагуу гэрт хамгийн ойрхон эмнэлгээс түргэний машин гарах бөгөөд манайд 5-6 минутад л ороод ирдэг юм. Түргэний машин ирэн иртэл call centre-н оператор нь өвчтөн ямар байдалтай байгааг эхлээд асууж тодруулаад, дараа нь өвчтөнд ямар арга хэмжээ авахыг зааварчлана. Зааварчилгаа нь түргэний хүмүүс гэрт орж иртэл үргэлжлэнэ. Тэд үргэлжлүүлж шаардлагатай зүйлсийг гэрт хийгээд аваад явна даа. Түргэний машинд 2 хүн явах бөгөөд нэг нь жолоо барьна, нөгөө нь өвчтөний даралт, халууныг хэмжиж, хүчилтөрөгч залгаж, байнга ажиглаж, шаардлагатай бол дусал залгана. Түргэн тусламжийн хүмүүс нь эсвэл 2 эрэгтэй эсвэл 2 эмэгтэй хүн хамтдаа ажиллах юм байна лээ.

Бид эхлээд түргэн дуудахад өөрийн машингүй байсан, дараагийн 2 удаа нь машинаараа эмнэлэг яваад очиж болох байсан ч бидэнд түргэн ирэх хүртэл оператороос өвчтөнд өгдөг зааварчилгаа нь чухал байдаг юм. Бидэн дээр ойрхон эмнэлгээс түргэн маш хурдан ирэх боловч, тэр эмнэлэг маань хүүхдийн тасаггүй учир арай хол өөр эмнэлэг рүү биднийг зөөдөг юм. Манай гэрээс тэр эмнэлэг хүртэл машинаар 20 минут л явдаг юм. Гэхдээ түргэний үйлчилгээний төлбөр нь 750-800 доллар гардаг. Иймд өөрсдөө эмнэлэг дээрээ очвол мөнгө төлөхгүй гээд байгаа юм. Түргэн дуудах зайлшгүй шалтгаан миний хүүд байдаг гэж эмнэлгийн бичиг бүрдүүлж байж, оюутны даатгалаараа түргэнд төлсөн төлбөрийнхөө талыг нь би буцааж авдаг.

Анх эмнэлэгт хэвтэхэд ирээд удаагүй, газар орчноо сайн мэдэхгүй, хүн танихгүй байлаа. Анх удаа түргэн дуудсан чинь зааварчлага өгсөөр байгаад гэрт ороод ирсэн чинь би өөрийгөө бэлдээгүй байж байгаад шууд л ирсэн хүмүүстэй гараад явчихлаа. Би түрүүвчгүй, мөнгөгүй, картгүй, утасгүй, шөнө дуудсан тул унтлагын хувцас углааштайгаа гараад явчихлаа. Хүүг маань нөгөө 2 залуу носилка дээр өргөөд гарсан юм. Эмнэлэгт үзээд хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлчихлээ. Тэгээд биднийг гадаад хүн байна гээд л нэг өдрийн ор хоолонд 830 доллар төлнө шүү гэдэг юман дээр гарын үсэг зуруулчихлаа. Цааш нь эмнэлгээс гарахад чинь хийсэн эмчилгээний зардлыг чинь тодорхойлоод даатгалын компани руу чинь явуулна гэж байна. Би ч одоо хэд ч гарсан хүүгээ л эмчлүүлж авна, монгол руу ярьж байраа заруулдаг юм билүү гэж л бодож байлаа.

Маргаашнаас нь хүүгийн бие дээрдээд овоо боллоо. Би нэг юм амьсгаа авлаа. Ирээд удаагүй байсан болохоор бид дундаа нэг утастай /мөнгө хэмнэж байгаа юм/ байлаа. Тэрийгээ гэртээ нөхөртөө үлдээсэн, надад утас байхгүй. Бас мөнгө байхгүй. Эмнэлэгт хүүд хоол өгөхөөс надад өгөхгүй шүү дээ. Ядаж эмнэлгийн хүүхдийн хоол нь нээх жоохон монгол хүүхэд цадахгүй. Манай хүү бие нь муу байсан тул нээх их хоол идэхгүй, эмнэлгийн хоол болоод байсан юм. Харин би өлсөж эхэллээ. Хэрэв би мөнгөтэй бол хоолны газар зөндөө байгаа л даа. Крантны ус уулаа. Уг нь хамт хэвтэж байгаа хүүхдүүд эргэлтээр хангалттай л их идэх юм авдаг тэрийгээ идэж бардаггүй ч би тэднээс идэх юм гуйхыг хүсээгүй юм. Хэрэв би хоол гуйвал хэн нь ч харамлахгүй өгнө л дөө, тэр тал дээрээ өрөвчхөн шүү.

Би үүдний рэсэпшин /шал буруу бичээд л байх шиг байна/-д би утасгүй, утсаар яриулаач гэхэд уриалгахан яриуллаа. Нөхөрт утсаа үлдээсэн нь ч болж, бид сайн надад бас хоол өгч байгаа гэж худлаа хэлээд, чи эргэж ирээд хэрэггүй, олохгүй байх их хол, хэзээ эмнэлгээс гарахаа хэлж мэдэхгүй гээд л яриагаа дуусгалаа. Яг үнэндээ би өөрийгөө хаана байгаагаа мэдэхгүй, мэдлээ ч нөхөр биднийг олж ирэх нь хэцүү бөгөөд бидний мөнгө тэртээ тэргүй маш бага байсан болохоор нөхрөө эмнэлэг рүү ирүүлэх зүрх хүрээгүй юм. Ирээд удаагүй ч уг нь надад 2 монгол хүний утас байсан ч би бас л тэдэнд төвөг удахыг хүсээгүй юм. Угаасаа би хүнээс юм гуйх үнэн дургүй юмаа. Найзуудаасаа ч тэр гуйхгүйг л хичээдэг. Хэн нь ч намайг сайн танихгүй байсан ч монгол хүн л юм чинь цай хоол бариад ирэх байсан гэдэгт итгэдэг ч тэднээс тусламж хүссэнгүй. Угаасаа би хүнд төвөг удахыг боддоггүй, Монголд эмнэлэгт хэвтсэн ч хүнд хэлдэггүй, найз нар төрсөн ах нар дүүдээ ч хэлдэггүй, хэвтэж байгаад эмнэлгээс гараад ирдэг юм. Энэ ер нь хэрэггүй зан байхаа, мангар байгаа биз би. Аргагүй ажил таслах болдог болохоор ажлынхандаа дуулгаж, ажлыг минь зохицуулахыг гуйдаг юм. Найз нарын хувьд санамсаргүй намайг эмнэлэгт хэвтээд гарсныг мэдчихвэл, би тэднийг эмнэлэг сувилалд эргэдэг, тэд намайг эргэж чаддаггүйд жоохон гомдох гээд байдгийн.

4 хоноод эмнэлгээс гарах боллоо. Би яаж харинаа гээд л бодоод байлаа. Гараад таксинд суугаад мөнгө байхгүй хариад өгье гэх нь хамгийн амархан ч бас л мөнгө бага тул зүрх хүрсэнгүй. тэгээд би хаана байнаа гээд хүнээс асуугаад газрын баримжаа авсан чинь хол юмаа. Алхаж амжихгүй, би унтлагын хувцастай, углааштай, хүү маань хөл нүцгэн, хөлөөрөө явах аргагүй, би тэврээд хол явж чадахгүй. Энд хүмүүс голдуу өөрийн машинаараа явдаг. Автобус, галт тэрэгний чиглэл хүнээс асуухаар мэдэхгүй. Интэрнэт олдохгүй газраас би гэрийн зүг явах тээврийн хэрэгслийн чиглэлийг тодорхойлж чадахгүй. Бас мөнгөгүй байж тээврийн хэрэгсэлд сууж ч чадахгүй. Тэгээд гарах өдөр өрөөнд маань хэвтсэн хятад охины ээжийг гуйлаа, орой нөхрөө ирэхээр намайг манай гэрт минь хүргээд өгөөч гээд. Тэр ч тэгэлгүй яахав гээд туслахаа амлалаа. Тэгээд би өдөр гэртээ харьж болох байхад орой хүртэл хүний нөхөр хүлээлээ. Тэгж оройдоо гэрийн бараа харж билээ.

Бидний түргэнээр очиж хэвтдэг эмнэлэг маань хүүхдийн эмнэлэг биш, хүүхдийн жижигхэн тасагтай том хүний эмнэлэг тул хүүхдийн нарийн мэргэжлийн эмч байдаггүй юм.
Бид хүүгээ эмнэлэгт үзүүлэхийн тулд /манайхаар өрхийн эмчид/ 50 доллар төлж тодорхойлох бичиг хийлгэж олшруулаад, хүүхдийг минь үзээч гэж гуйсан захианы хамт хүүхдийн эмнэлгүүд рүү факсдаж, үзэх эмнэлэг олдоход нь их баярласан. Тэгээд эмнэлэг үзэхийг зөвшөөрсөн ч 3-6 сараар үзүүлэх өдрөө хүлээнэ. Энд нарийн мэргэжлийн эмч үнэхээр дутагдалтай. Гэхдээ яаралтай оношлогоо эмчилгээг хүлээхгүй авна.

Өөрт нь хог ухаж өл залгаж байснаа хэлсэн чинь нөхөр маань хэлсэнгүй би яаж ийгээд л олоод л очих байсан гээд гомдсон, надад.

Нээрээ алиалагч-эмч гээд 2-3 алиалагч өвчтэй хүүхдүүдийн өрөөгөөр явж, тэднийг хөгжөөж, жижигхэн бэлэг тараадаг юм. Хүүхдүүд хөөрөөд инээж баясахаар нь нүдний нулимс гарна шүү дээ. Үнэндээ уяхан болжээ, одоо үүнийг бичиж байхдаа нулимс дусалж байх юм. Тэр үедээ огт уйлаагүй юм байж.

Аан тийм, би 4 хоногт 3 кг турсан байсан.

Одоо ч миний утас дуугарахад би их дургүй бөгөөд дотроос нэг юм хатгаад явчихдаг юм. Хүүгийн цэцэрлэгээс нь утасдаж байгаа болов уу гээд. Тэгээд цэцэрлэгээс нь утасдаж хүүгийн бие муу байна гэж магад гээд сүлжээ барьдаггүй тул газар доогуур явдаг тээврийн хэрэгсэлд суудаггүй, машин барьж явбал тунэлээр явахгүйг хичээдэг. Мөн хичээл хурал цуглаанд оролцож байхдаа утсаа унтраахгүй, эхлэхээс нь өмнө багш хурал даргалагчид дуудлага ирвэл утсаар ярих зайлшгүй шаардлага байдаг учраа хэлээд гарч ярих зөвшөөрөл авдаг. Бүр рефлекс болчихсон амралтын өдөр гэртээ хүүтэйгээ байхдаа хүртэл утас дуугарахад дотор муухайраад л цэцэрлэгээс нь утасдаж байна уу гэсэн бодол толгойд харваад ороод ирнэ.

Хүмүүс монгол руу мөнгө явуулдаг байхад бид монголоос л мөнгө авдаг байлаа. Бид ямар ч байсан байрныхаа түрээсийг цаг тухайд нь төлөхийг урьдал болгож байсан, өлсөөд ч хамаагүй. Хэрэв хугацаа хоцроогоод төлбөл бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гээд түрээсийн гэрээ цуцлагдвал хэдүүлээ хаана толгой хоргодох билээ дээ. Яг энэ эхний удаа эмнэлэгт хэвтэхэд бид монголоос мөнгө хүлээж байсан мөнгөгүй үе байлаа.

хэрэггүй ч юм биччив үү, арилгачихаж магадгүй

Tuesday, August 3, 2010

Дахиад л торгуулчихлаа

Өнөөдөр хотын төвд зогсоол үнэхээр олддоггүй газраас ачаа авах гээд яалтгүй азаа үзээд зогсоод, ачаагаа аваад гараад иртэл рэйнжир яг торгуулийн хуудас бичээд зогсож байна. Үтэр түргэн гүйж очоод уучлалт гуйгаад бараг л сөгдтөл, нөгөө цагаан залуу маань үнэхээр арга алга, би хэвлэчихлээ гээд яаж ч чадсангүй, 86 цаасаар торгуулчихлаа. Уг нь заримдаа рэйнжирүүд бидний курьерүүдийг харж үзээд өршөөдөг юм. Би ганцхан минутын өмнө гараад очсон бол тэр намайг өршөөх байлаа, азгүй юм бэ.

Өнгөрсөн 7 хоногт машин маань замын голд унтраад асдаггүй, аккуммулятор нь суучихсан. Аккуммулятор цэнэглээд яваад байдаг юу ч гэнэв ээ нэг юм нь бүр элэгдээд намхан болчихсон, зайгаа цэнэглэж чадахгүй, зай дуусаж, гол хөдөлгөөн ихтэй зам дээр 2 цаг зогсож, замын бөглөөг би жинхэнээсээ үүсгэлээшд. Зөрж өнгөрч байгаа машинууд их уриалгахан бас санаа нь зовсон бололтой "ослын дохионы гэрлээ асаагаач, юу нь болохоо байчив, тусламж дуудсан уу" гээд л хурдаа хасаж байгаад, түр ч гэсэн санаа тавиад өнгөрч байлаа. Тэгж тэгж шинэ зай авчруулж, машиндаа сольж тавьж, машины сэлбэг зардаг дэлгүүрээс тэр цэнэглэдэг юмыг нь 65 цаасаар сольж тавьлаа. Тэр өдрийн үдээс хойшийн ажлыг хийж чадсангүй өнгөрлөө. Ууг нь машины зай маань муудаагүй байсан юм. Шинээр зай 170 цаасаар авч, хуучин зайгаа нөгөө дэлгүүртээ хураалгав. тэд хуучныг нь заавал авдаг юм байна.
Гол нь машиныг маань ачаад аваад явчих вий гэж айж байлаа. Тэгвэл би мөнгийг нь төлж дийлэхгүй шдээ.

Ингээд л төлөвлөгдөөгүй зардал гараад байдаг юм.

Monday, August 2, 2010

Манай гэрийн цэцэгс

Яг үнэндээ манай гэрт ганц ч цэцэг байхгүй ээ. Би ёстой энэ тал дээр НООЛЬ. Гэхдээ сайхан цэцэг харах дуртай л даа, мэдээж. Бага байхдаа ээжтэй хамт янз бүрийн цэцэг гэрээрээ дүүрэн тарьдаг байжээ.

Энэ удаа оюутны амьдралынхаа л тухай хүүрнэх гэж байна. Австралид сарын тодорхой нэг өдөр айлууд гудамжинд том хогоо гаргаж тавьдаг бөгөөд бид түүнийг цэцэг гэж нэрлэн түүдэг бөлгөө. Сайхан ургасан цэцгүүд бас байнаа.

Харин Японд том хогоо хаяхдаа мөнгө төлж авахуулдаг бөгөөд япончууд тогтсон дүрмээс гажиж, хамаагүй гадаа юмаа хаяхгүй тул бидэнд цэцэг түүх боломж олгодоггүй байлаа. Бид хуучин барааны дэлгүүрээс гэрийн бүх тавилгаа худалдаж авч байлаа.

Энэ манай ливинруум. Манайх хөргөгчнөөс бусад бүх цахилгаан бараагаа шинээр авсан. Тэр нь ч дээр байдаг юм. Зурагт болон ДВД тоглуулагчийг Big W гэдэг дэлгүүрээс авч байлаа. Зурагтын суурь болон тэр хүрэн тавиур бол гадаа ургачихсан байсан цэцгүүд.
Зарим мундаг цэцэгчид хөргөгч бас зурагтаа ч түүсэн байна лээ. Надад олдоогүй л дээ.

Манай гэрт байх бүх ширээ сандал цэцэг бөлгөө. Гал тогооны өрөө маань жижиг тул хоол унд нь ливинруумдээ байж байх юм.


Зурагтын эсрэг талд, буйдан-цэцэг. Үүнийг сайжруулах боломж асар их ч би энэндээ дуртай. Доор нь би олон новшоо хадгалдаг юм. дээр нь өлгөөтэй байх 2 уран зураг бол манай бага хүүгийн анги дээрээ урласан бүтээл болой. Зүүн талынх нь 10 цаас шүү. Бодвол тэрийг багш нь зурж өгөө биз.

Манай балкон. Өнгө өнгийн тотьнууд ингээд хүнээс айхгүй гэрт орж ирэх нь холгүй байж байдаг юм. Энэ балконы хаалганы панерийг хуулаад хаячихсан, нүүхдээ өрөнд орж байгаа юм.

Цаг 5 цаасны үнэтэй, цэцэг биш. Гуталны тавиур-цэцэг. Манай хүүхдүүдийн малгайнууд.

Гал тогооны өрөөний цонх. Энэ өнгөрсөн жил авсан зураг. Энэ зургийн аппарат эвдэрсэн бөгөөд одоо хамгийн хямд зургийн аппарат хэрэглэж байгаа болно. Сайн зургийн аппарат мөрөөдөж байгаа, одоогоор.
Манай ээж ирэхээрээ 2 тоть аваад харьмаар байна гээд л байдгийн, хэхэ.
Хорин жилийн настай хөргөгчийг хятад охиноос 320 цаасаар худалдаж авсан. Тэр сэргэлэн охины гудамжнаас түүсэн цэцэг байх. Иймэрхүү том хэмжээний шинэ хөргөч 1000 цааснаас доош олдохгүй ээ. Гал тогоонд харин цэцэг байхгүй. Плитка, ханын тавиурууд нь байртайгаа хамт хөлслөгдөөд л явдаг юм. Японд ч гэсэн.

Манай охины өрөө. Ширээний чийдэн, халаагуур 2-оос бусад нь цэцэг. Хажууд нь байх шкаф-цэцэг зурганд ороогүй байна.

Мастер бэдруум. Компютерээс бусад нь цэцэг дөө. Аан тийн, манайх ор байхгүй, хямдаар нь гудас хөнжил л худалдаж авсан.
За тэгээд оюутнууд цэцэг түүсэн шигээ л амьдралаа эхэлдэг юм даа. Мэдээж ирээд том хаус хөлслөөд шууд бүх тавилгаа шинээр худалдаж аваад, оюутны амьдралаа эхлэх оюутан байдаг ч зарим оюутны хувьд хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг үгүйсгэхгүй ээ. Орох оронгүй гадаа хонож байгаатай нь ч таарч л явлаа. Энд тэгээд гадаа хонолоо ч хөлдөөд үхчихгүй нь сайхан доо.
Жич: Нэгээс бусад бүх зураг өнгөрсөн 7 хоногт авсан зураг болно, бороотой бүрхэг өдөр таарсан тул зурагнууд сайн гараагүй байна. Яаж дахин авах вэ дээ.

Sunday, August 1, 2010

Үдээс өмнө хийсэн ажил

8 сарын 1 бол Австралийн Үндэсний мод тарих өдөр. Австрали улс хаа сайгүй дүүрэн модтой юм байж /их шуналтай, хэхэ/ жил бүр мод нэмж тариад л байх юм. Бас айлын хашаан доторх хувийн газар дээрх мод нь улсын өмч юм шиг л, тэр модоо тайрч хаяхын тулд улсаас тусгай зөвшөөрөл авч байж тэр модноосоо сална. Хэрэв зөвшөөрөл аваагүй дур мэдэн модоо тайраад хаячихвал өндөр торгуультай. Ингэж байж олон модтой, агаар нь цэвэр, чийглэг, тоосжилт дуу чимээ бага байдаг байхдаа. Үнэхээр л ногоон тив шүү.
Уг нь Гэгээн өөр паркэд хамт мод тарьяа гэж уриалсан байсан ч, бид дараа нь өөр тийшээ явах тул хамт мод тарьсангүй.

Өглөө босоод, гэр бүлээрээ манай сургуулийн ойролцоох Marsfield park-д мод тарьлаа. Уг нь 10-12 цагийн хооронд мод тарих байсан ч бид 10-11 цагийн хооронд модоо тариад, дараагийн арга хэмжээ рүүгээ яаран явсан юм. Бяд чинь аль болох үнэгүй юманд л их идэвхитэй оролцоно шүү дээ.


Энэ бидний тарих моднууд. Нэг хөөсөнцөр хайрцаганд зөндөө суулгац байна лээ.
Энд бүр олон байна. Монголд мод тарьж байсан шигээ л өндөр, том суулгац байх юм гэсэн чинь жижигхээн юм.

Эдгээр нь бидний багажнууд: жоотуу, хутгуур, өмнө нь хэрэглэсэн бээлийнүүд.
Хотын захиргаанаас бэлдээд аваад ирсэн байна лээ.
Чийгийн улаан хорхой.
Мод тарихад их амархаан байлаа. Жоотуугаар жоохон хонхойлоод л цэлцэгнүүр шиг юм ёроолд нь хийгээд л суулгацаа хийгээд, буцаагаад шороогоор нь булаад болоо.

Зөндөө хүн ирж мод тарьсан. Баруун гар талаас 2 дахь нь би. Өө эрэгтэй хүн байна. Надтай яасан адилхан юм бэ.

За энэ бидний тарьсан моднууд. Жижигхээн. Бид хэд нэг дор 15 мод тариад манай гэр бүлийн төгөл гэж аймшиггүйгээр өмчилж авав. Бид чанга дуугаар өмчилснөө /монголоор/ зарласан ч хэн ч эсэргүүцээгүйг бодоход зөвшөөрсөн юм байгаа биз.
За тэгээд бага хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөрт очлоо, багатайгаа би. Уг нь 11-13 цагийн хооронд гэж урилга дээрээ байсан ч бид 11.30-д очлоо.
Сонирхолтой нь төрсөн өдөр шууд л эмэгтэйчүүд нь шанпанск, эрчүүд нь виски тулгаснаар эхлэв. Томчууд л сайхан уух шив.

Тэр малгайтай цаашаа хараад зогсож байгаа энэтхэг хүүхдээс бусад нь дан цагаан хүүхдүүд цугларсан байв. Уг нь цэцэрлэгт нь зөндөө хятад хүүхэд байдгийн, тэд ирээгүй.

Төрсөн өдрийн эзэн Супэрмээн Harry. 4 нас хүрч байгаа юм.

Гэрийн гадаа 2 ширээ дүүрэн хүүхэд л цугларсан байв. Харин хоол их муутай байлаа, хэхэ.
Гадаах BBQ хийдэг шарагч дээрээ хүний тоогоор зайдас шараад л болоо. Нэг ч салад байхгүй, их л хэмнэлттэй төрсөн өдөр боллоо.

Супэрмээний аав ээж 2 нь төрсөн өдрийн торт идэх цаг болсныг зарлаж, биднийг явах болсныг сануулж байна.

Хөөрхөн торт, тортны голд нь усан сан дотор шалдан залуу хүүхнүүд л шүхэр дор суугаад мөстэй шүүс шимж байгаа болтой юмаа. Манай хүү нэг бүдүүн хүүхэн, нэг туранхай залууг нь би авна гээд л авчихсан.
Харин нөгөө аваачиж өгсөн "Бэн 10"-тэй бэлэг, хөөрхөн монгол хүүхэдтэй ил захидлын зургаа дарахаа мартаж.
Жич: Блогтой хүнийг дууриав. Баярлалаа.