Saturday, July 31, 2010

Хамгийн их ичсэн минь

1999 оны зун би үсээ хусаад, үгүй ээ тэгээд эртхэн ч хусахгүй, наадмын дараа ч хуслуу даа. Тэгээд л 9 сард хичээл орохоор ургачихна гээд л сүрхий амьтан алчуур боочихоод л яваад байлаа. Хичээл эхэлсэн чинь халимаг болчихно гээд горьдоод байсан үс маань байдаггүй шүү. Ямар халзан оюутнуудын өмнө гаралтай биш дээ. Оюутнууд ч яахав, орчин үеийн стиль сайтай багш байнаа гэж магадгүй ч, сургуулийн захиргаа ёс суртахууны доголдолтой гээд хичээл заалгахгүй шд. Тэгээд 15000 төгрөгөөр тас хар үс авч зүүлээ. Нээх урт биш л дээ.

Намар хичээл жил эхлээд удаагүй, оюутнуудын сагсны тэмцээн эхэллээ. Тэгтэл ч миний дааж байсан ангийн охидууд тэмцээнд ормоор байна, нэг хүн дутаад байна, яагаад ч дахин нэг хүн гарахгүй байна, бид түрүүлж тэр шагналын 15000 төгрөгийг авч ингэж зарцуулмаар байна гээд намайг ороод тоглоод өгөөч гээд салдаггүй дээ. Тэгээд та нар хожих юмуу гэхээр, хожно бид хожиж тэр мөнгийг авна гээд бүр яаж зарцуулахаа тооцчихсон хүснэгт надад үзүүлээд л байна. Тэгж тэгж яадгийн би ч гэсэн нэг хөлсөө гаргаад авъя гээд л зөвшөөрлөө.

Тэмцээн эхлээд л нэг талдаа тоглож дуусаад, нөгөө талдаа гарчихсан овоо бидний гар хөл нийлээд хожих магадлалтай оноо авчихсан байваа. Тэгтэл ч би нээх мундаг шийдний дороос самбараас буцсан бөмбөг рүү үсэрлээ. Бөмбөгний араас бүх юмыг умартаад үхэж байгаа юм чинь. Тэгээл үсрээд л бөмбөгөө аваад буутал толгой хөнгөн оргиод ч байх шиг, сэрүү татаад явчихлаа. Гэтэл хамт бөмбөгөнд үсэрсэн дайсны талын охин өөдөөс айчихсан харж байна. Би ойлгосонгүй тоглолтоо үргэлжлүүллээ. Тэгтэл надаас бусад нь тоглодоггүй шүү. Тэгээд л заал дүүрэн оюутнууд элэг нь хөшиж үхтлээ инээж, би гэнэт нөгөө гоё гил хар үсгүй болсноо ухаарч, ичээд үхсэн дээ. Ёоноо газар доогуур л ормоор байсан шүү. Тэгээд шүгэлийн дуугаар тоглолт хэсэг завсарлаваа, надад зориулж. Тэгэхээр чинь бүх хүний анхаарал бүр албан ёсоор над руу хандана биз дээ. Та нар төсөөлдөө, ганцхан чамайг заал дүүрэн хүмүүс шоолж инээнэ гээд.
Миний үсийг хэн ч санаатай татаагүй бөгөөд эсрэг багийн надтай зэрэг бөмбөг рүү үсэрсэн охины бугуйн дахь цагны төмөр оосорт миний үс татагдаж унасан юмсанж. Уг нь хиймэл үс дотроо резинтэй, нээх амархан уначихгүй л дээ. Тэгээд цаашаа бүр тэнэг үзэгдэл үргэлжлэнээ. Миний даасан ангийн надтай ойр зогсож байсан охин миний үсийг газраас аваад өгсөн чинь буруу зөвийг нь шалгаж байгаа ч юм байхгүй, шууд л өмсөх гэж оролдоод, ичсэндээ өмсөж чадахгүй, хэд хэдэн удаа буруу зөрүү толгой дээрээ тавьж үзээд, сүүлдээ ер нь яадгийн халзан л хүн байгаа биз гээд багийнхаа балиашигүүдэд аваачиж өгчөөд тоглолтоо үргэлжлүүлж билээ. Тэмцээн дуусаад ангийнхаа охидод уурлаад, та нараас болоод миний нэр хүнд уналаа энэ тэр гээд гомдоод сүйд болсон ч манайхан "багшаа энэ чинь их гоё дурсамж шдээ, та хэдэн жилийн дараа инээгээд л ярина даа" гээд хайртай шавь нар минь намайгаа панаалдаж билээ. Халзан толгойгоо гайхуулан гайхуулан, хүний элэг аваад, үхэн хатан тоглоод манай баг эхний шагналт 3 байранд ороогүй л дээ, харамсалтай нь. 15000 төгрөгний төлөө ийм л юм болсон юм даа, хаха.

Харин маргаашнаас нь надтай инээмсэглэн мэндлэх таних танихгүй оюутны тоо эрс нэмэгдсэн шүү.

Ганцаараа чангаар тэнэг юм шиг инээж билээ

Манай сургуулийн хичээлийн байрнууд ихэнх нь тоосгоор баригдсан байх бөгөөд анги танхим дотроо ч хана нь тоосгоороо байдаг юм. Анх нээх сонин санагддаг байж билээ. Энэ буланд самбарын хажууд байх янз бүрийн тоног төхөөрөмжүүд. Багш нар орж ирээд л өөрийн картаа уншуулаад л хэрэглээд эхэлнэ. Японд ч гэсэн багш хичээл заах төрөл бүрийн юмтай л даа, Австралиас илүү л гарна даа, тэр талаараа.
Энэ зурган дээр сургуулийн маань нэгэн зааланд aboriginal /австралийн уугуулууд/ хүмүүс өөрсдийн урлаг соёлыг сурталчилж, бүжгээ бүжиж, хөгжмөө эгшиглүүлж, тэр гартаа барьсан хоёр төрлийн бумаренгаар хэрхэн ан агнадагаа тайлбарлаж үзүүлсэн юм. Энэ заал ч гэсэн доторх хана нь тоосгоороо.
За тэгээд нэгэн сайхан өдөр хичээл дээр юм бодоод сууж байснаа би нээх чангаар ганцаараа инээхгүй юу. Ангийн нөхөд болон багшийн нүд нь орой дээрээ гараад, бүгд л гайхсан, асуусан харцаар над руу харж байна. Би ч эвгүй байдалд ороод, тэднийг асуугаагүй байхад нь ингэж тайлбарлалаа:
-Уучлаарай нөхдөө, би түр зуур өөр юм бодож байгаад инээчихлээ. Монголд байшингийн хана гаднаа л тоосгоороо байдаг юм, дотроо тоосгоороо хана би үзээгүй юмаа. Энэ ангийн хана нь намайг төөрөлдүүлээд, тэгээд би өөрийгөө гадаа сууж байна гэж андуураад инээчихлээ гээд үнэнгээ хэлсэн чинь л манай ангийнхан багштайгаа савж унатлаа инээж билээ.

Friday, July 30, 2010

Цаг нөгцөөх их хэцүү

Японд цагийн ажил хийж байх үед цагийг минь хэрхэн бүртгэж байсныг товчсон өгүүлнээ. Японд хоолны газар, зочид буудалд аяга таваг угаах ажил элбэг бөгөөд тэр нь Япон хоолны онцлогтой холбоотой байх, зөвхөн нэг хүний хоолонд гэхэд маш олон жижиг аяга тавагнуудыг хэрэглэнэ. Эхлээд би аяга таваг угаадаг байлаа. Тэр олон аяга тавгаа ялгаж харж мэдэхгүй шүү дээ, яваандаа таниад эхэлнэ.
Ажил эхлэхээс хэдэн минутын өмнө ирж, ажлын хувцасс өмсөнө. Тэгээд үүдний өрөөнд байх машинд картаа уншуулна. Хэрэв миний ажил 8 цагт эхэлдэг бол би картаа нэг 2 минутын өмнө уншуулсан нь дээр. Учир нь чиний карт 8 цаг 1 минутад уншигдвал чиний ажлыг автоматаар 8 цаг 15 минутаас эхэлж тоолж хөлс бодно. Тэгээд чи 8 цаг 1 минутаас ажилласан ч чиний ажилласан 14 минутад хөлс бодогдохгүй, чи үнэгүй ажиллаж байна гэсэн үг. Мөн тарахдаа 10 цаг 59 минутад картаа уншуулбал бас л 14 минут үнэгүй ажилласан болдог. Би цагийн 700 иенээр ажилладаг байсан, тэгэхээр 15 минутын ажлын хөлс маань 175 иен. Эхлээд би үүнийг ойлгохгүй зөндөө үнэгүй ажилласан даа. Тэгээд ажил дуусаад цаг харахад 15 минутын үечлэлээс 10 минутыг нь ажилчихсан бол ер нь л 5 минутыг иднэ дээ.
Хамт ажилладаг нөхдүүд ажлаа тарчихаад хөдөлж ядаад, сүүлдээ шударга ганцхан минут гээд л зогсоод байдаг байлаа. Учрыг нь мэдээд би ч гэсэн худлаагаасаа тонгойгоод үдээсээ задлаад дахин үднэ, нөгөө хөлийн үдээсээ үднэ, тэгээд л цаг харна минутын зүү байрандаа л байж байх. Үсээ задлаад л худлаагаасаа үсээ намируулаад л үсний боолтоороо дахин бооно, өмдөө дээш нь татаж үзнэ, жорлон ороод хэсэг байж байгаад гарч ирнэ. Хэн нэгэнтэй их чухал яриа өрнүүлнэ, ярилцагч этгээд бас их сайн анхаарч хандана, тэр чинь бас цаг нөхцөөгч юм чинь. Тэгсэн ч хүлээхээр үнэхээр цаг явахгүй шүү дээ. Хэрэв биднийг картаа уншуулахгүй машины хажууд байж байгааг дээдхи хүмүүс харвал болохгүй шд. Зарим газрын ажлын цагийн бүртгэл нь бүр 30 минутаар тоологдоно гээч.

Яг л анх багш болоод эхний лекцээ бэлдэж бэлдэж ороод 90 минутад заах юмыг 40 минутад машиндаад хаячихаад, үлдсэн хугацаагаа яаж өнгөрөөнөө гээд хуйхаа маажиж байсан шиг л юм болно доо. Биднийг хичээлийн цагаас өмнө завсарлавал хэдэн ч билээ төгрөг цалингаас суутгаж шийтгэдэг байсан юм. Тэгээд нөгөө үлдсэн минутандаа гол гол тодорхойлолтыг цээжээр бичүүллээ, тэгээд ч дуусдаггүй ээ. Тэгээд нээх зориг муутай "хичээлтэй холбоотой асуух юм байна уу?" гэж асууж байлаа. Дотроо бол хэн ч юу ч битгий асуугаасай гээд л, хэрэв миний мэдэхгүй юмыг асуучихвал шараа гэж айгаад л. Тэгээд л хүүхдүүдээ бүртгэж бас хэдэн минут авнаа. Тэгээд ч бараагүй 10 минутын өмнө завсарлаж, тэр нь баригдаж, анхны хичээлээ эрт завсарлуулсан том толгойт нэр зүүж, цаашид миний багшлах эсэх нь тодорхойгүй болж ирж билээ. Одоо бол цагтаа багтдаггүй яриа болчихсон, бас лекцэн дээр хэзээ ч ирц бүртгэдэггүй ч нэг мэдэхэд цаг дуусдаг юм.

Хөөрхөн хорлон сүйтгэгч

Өчигдөр хичээлийн өрөөндөө ороод иртэл хэн нэгэн хүн нэгжлэг хийж, чухал бичиг баримт хайсан бололтой хамаг юмыг маань буснуйлаад самраад хаячихаж, ханын тавиур дээрх бүх цааснуудыг доош буулгаад, холиод, газраар нэг цацчихсан байна. Би тэр цааснуудын учрыг нь арай ядан олдог байхгүй юу, одоо бүр ч олохоо болилоо л доо.
Тэгээд миний дараа идэхээр үлдээсэн алим жимс таргийг маань идээд, уугаад, асгаад, ПС-ний товчлууруудыг ажилгүй болгож хаяжээ. 20 цаасаар авсан кофе найруулж уудаг шилэн савыг маань унагаж хагалж, бас хүүхдүүддээ авсан жижиг савалгаатай чихэр боовыг бүгдийг нь ураад идчихэж /за энэ хорлон сүйтгэгч хүн биш боллоо/. Энд сургуулийн хүүхдүүд lunch box авч явдаг. Тэрэнд нь зориулаад аятайхан, арай үнэтэй юм авахаар хүүхдүүд гэртээ миний нуусан газраас яаж ийгээд олоод идчихдэг юм. Тэгэхээр чинь би эндээ хадгалж, 2 гурван ширхэгээр нь гэр лүүгээ зөөдөг юм. Хэхэ бид ч багадаа ээжийн нуусан тавагны чихрийг олоод л идчихдэг байж билээ. Ээжийг яасан гэнэн юм бэ ийм олоход амархан газар нуугаад байх даа яадаг байнаа гээд л шоолдог байлаа.
Тэр хорлон сүйтгэгч бол Австрали possum гэдэг хөөрхөн амьтан байлаа. Өрөөнд орж ирэхэд ханын тавиурын хамгийн дээд талын тавцан дээр байсан. Тэгээд нээх ч айж сүйд болохгүй байсан, удалгүй орж ирсэн цонхоороо гараад явсан даа. Энэ мөчөөс хойш манай өрөөнийхөн явахдаа цонхоо хаадаг журам гаргалаа. Хэмжээгээрээ ердийн муурнаас арай жоохон амьтан байна лээ. Манай өрөө чинь 3 давхарт байдаг байхгүй юу.

Зургийг гүүглэ-ээс авлаа. Надад түүний зургийн дарах овсгоо самбаа байсангүй. Possum гэдэг амьтан маш олон төрөл юм байна.

Wednesday, July 28, 2010

Монгол руу ном захиад,

дараах зурган дээрх номнуудыг авчрууллаа. Өчигдөр ирсэн номнууд, нэгийг нь уншчихсан.
Эдгээр номнуудыг блог анд нарын бичлэгээс олж мэдэж захьсан бөлгөө, та нарт баярлалаа.
Х.Болор-Эрдэнийн номыг харин гарын үсэгтэй байх гэж горьдсон чинь алга. Дараа өөр номнуудыг нь гарын үсэгтэй нь олж авнаа.
Үлгэрийн номыг хүүхдүүдийн монгол хэлийг мартуулахгүйн тулд авчрууллаа. Уг нь би түүх огтоос сонирхдоггүй байснаа Баабарын "Монголчууд нүүдэл суудал"-г уншаад түүх сонирхож эхэлсэн. Зөвхөн монголын ч түүх биш, дэлхийн түүх, өөр бусад орнуудын түүх газарзүй сонирхолтой санагдаад байгаа.

За тэгээд зав гаргаад уншина даа.

Sunday, July 25, 2010

Оюутны нүдээр Япон ба Австрали

За энд одоогоор би санаж байгаа, хүний амьдралын анхдагч хэрэгцээтэй зүйлсийн цөөхөн ялгааг дурьданаа. Өөр бусад албан ёсны мэдээллийг та бүгд энд тэндээс олоод уншина биз.

Японд бүх юм нь жижиг, газар нутаг, байшин сав, машин, жорлон угаалтуур, хүнсний бүтээгдэхүүний савалгаа, бас хүмүүс нь. Ганцхан жоом, шавьжнууд нь л том. Австралийн бүх юм нь том, бас жоом, шавьж нь ч бас том.

Японд таних танихгүй хүн болгон мэндэлдэг, Австралид нээх танихгүй хүмүүс мэндлээд байхгүй ээ.

Нийгмийн хамгааллын хувьд Япон бол асар энэрэнгүй нийгэм байнаа. Япон улс хэнийг ч ялгалгүй шинэ төрсөн гадаад хүүхдүүдэд өөрсдийнхөө хүүхэдтэй адил мөнгөн тэтгэмж олгодог бол, энд Австралийн иргэн эсвэл оршин суух эрхтэй хүмүүсийн хүүхдэд олгоно.

Японд ерөнхий боловсрол хүн бүхэнд үнэгүй бол энд ерөнхий боловсролын сургуульд гадныхан мөнгө төлж хүүхдээ сургана. Манай мужид хүүхдийн сургууль жилийн 4610 доллар байна даа. Канбэрра бүр эндээс бараг 2 дахин үнэтэй гэсэн шүү.

Японд цэцэрлэгт хамрагдахад орлого бага оюутан хүний хүүхэд маш бага төлбөрөөр хүмүүжиж болдог бол Австралид тэр огт хамаагүй, өөрсдийн болон амьдрах эрхтэй хүмүүсийн хүүхдүүд орлогоосоо хамаараад хямд үнээр хүмүүжих эрхтэй. Японд манай хүүхэд цэцэрлэгт 7 хоногийн 5 өдөр яваад сард 3000 иен төлдөг байсан бол энд өдөрт 69 доллар төлж байна. Иймд бид хүүхдээ 7 хоногийн 3 өдөрт цэцэрлэгт өгдөг, 5 өдөр өгч барахгүй нь дээ. Хотын төвд цэцэрлэг бүр үнэтэй өдрийн 100 гаран доллар гэсэн шүү.

Японы эмнэлэгт /миний амьдарч байсан мужийн/ 3-аас доош насны бүх хүүхдийн оношлогоо, эмчилгээ, хагалгаа, бас эм нь үнэгүй. Мөн эмнэлэгт үзүүлэхэд оюутны даатгалаар төлбөрийн 30%-г төлөөд үзүүлнэ, жортой эмийг бас 30%-аар нь худалдаж авдаг. Австралид хүүхдийн заавал хийлгэх вакцинаас өөр үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ гадаад оюутанд байхгүй. Байдаг бол сэтгэгдлээр үлдээгээрэй, би ч гэсэн мэдээд авъя. Энд оюутны даатгалтай ч эхлээд заавал төлбөрөө бүрэн хийж байж, эрүүл мэндийн үйлчилгээ авна. Дараа нь даатгалын компанидаа хандаж төлбөрийн зарим хэсгийг буцааж авна. Улсын эмнэлэгт үзүүлсэн бол төлбөрөө бүтэн авна, гэхдээ улсын эмнэлэгт үзүүлэхэд олон хоног сараар хүлээдэг. Мэдээж яаралтай тусламжийг эхлээд төлбөрийг төлөхгүй аваад, дараа нь төлбөрөө төлдөг.

Японд Хотын захиргаанаас маш олон төрлийн эрүүл мэндийн шинжилгээг оршин суугчдад үнэгүй хийж өвчнөөс сэргийлдэг. Энэ нь өвдчихсөн хойно нь их зардлаар эмчилэхгүйн тулд улсаас гарах эрүүл мэндийн зардлыг хэмнэж өгдөг. Гадаадын оюутан бид ч хамрагдахаас гадна манай ээж /даатгалгүй хүн шдээ/түр очихдоо олон төрлийн шинжилгээ үнэгүй өгч байлаа. Австралид хотын захиргаа нь 55-аас дээш насны эмэгтэйчүүдэд үнэгүй хөхны хавдарын оношлогоо хийнэ гэсэн зар харж байсан юм байна. Гэхдээ сайн уншаад судлаад байвал үнэгүй хүртэх эрүүл мэндийн үйлчилгээ байгаа л байх даа.

Японд манай сургууль жил бүр оюутнуудаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт үнэгүй хамруулдаг байсан. Хамрагдаагүй оюутнуудад цагийн ажил хийх эрх авахад нь тодорхойлолт гаргаж өгөхгүй гэж айлгаж биднийг хамруулдаг байлаа. Үнэн хүмүүнлэг байгаа биз. Энд тийм юм алга.

Японд сургуулийн спорт заал, фитнес, аливаа бүжгийн, бөмбөрийн гэх мэт олон секц дугуйлан бүгд үнэгүй хамрагдах боломжтой. Австралид манай сургуулийн ийм үйлчилгээнүүд бүгд төлбөртэй.

Японд оюутнууд маш олон төрлийн хөнгөлөлт эдэлнэ. Ядаж л тээврийн хэрэгсэлээр хөнгөлөлттэй зорчиж байна. Энд бол үгүй шүү дээ. Ноднин жил энэтхэг оюутнууд нэг хэсэг бослого хөдөлгөөн өрнүүлж байхдаа тээврийн хэрэгслийн хөнгөлөлтийг шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй. Бусад мужид яадаг юм бэ мэдэхгүй.

Японд бүх жорлон цаастай, бас цоожгүй /бас л жорлонгоо яриастай/. Зарим оюутнууд сургуулиасаа цаас зөөгөөд, өөрсдөө худалдаж авдаггүй байсан. Гэхдээ энэ муухай л даа, үнэгүй юм гэж хэзээ ч байдаггүй гэж би боддог. Хэзээ нэгэн цагт ямар нэг байдлаар тэр өрөө эргүүлж төлдөг гэдэгт би итгэдэг. Австралид зарим газрын /парк/ жорлон цаасгүй, цаастай нь бүгд цоожтой.

Японд сургуулийн номын санд ороход заавал үнэмлэхээ уншуулж байж орох эрх нээгдэнэ, гадны хүн орох эрхгүй. Австралид сургуулийн байтугай аль ч номын санд хэн ч шууд ороод ном уншаад, нэт-ээр зугаалаад, бас унтаж болно. Энэ их гоё байгаа биз.

Японд шоппинг хийхэд надад урамгүй. Надад таарах гутал /39-40 размер/ олдохгүй, пүүз бол олдоно л доо. Бас хувцаснууд нь Л сайз мөртлөө л ханцуй нь богинодоод, мөр нь багадаад эсвэл бэлхүүс нь тээр дээр. Австрали харин шоппинг хийхэд урамтай. Энд үхэр мал элбэг болоод ч тэр юм уу, арьсан гуталнууд дуу алдтал хямдарсан байгаа юм чинь, ойлгож байгаа биз дээ намайгаа, оюутан хүний нүд бол хямд бараанд хурц шүү дээ. Бас хувцас бол улирал солигдоход дуртайгаа л хямдхан авна. Эндхийн Л сайз нь надад бараг томдох гээд байдаг юм.

Хүнсний хувьд, Японд мах их үнэтэй их идэж чадахгүйгээс гадна амт нь тиймхэн, будаа голдуу хоол иддэг байв. Гурилан идэх юм бас муу, дэлгүүрээр дүүрэн хүнс, гэхдээ авах юм ховор оргиод байдаг байлаа. Австралид махыг монголоос их идэх гээд байна, амттай шүү харин ч. Хүнсний хувьд их сайхан, хэлэх юм байхгүй.

Японд газар хөдлөөд байдаг нь их хэцүү санагддаг юм. Австрали тэр талаараа тайван даа.

Японы далай их бохир бол Австралийн далай үнэхээр цэвэр шүү.

Санаанд орж ирснээ бичээд байсан тул нээх дараалал муу болчихлоо. Та нар нэмэх зүйл байвал нэмээрэй.

Thursday, July 22, 2010

Энэ өвлийг өнөтэй давж байнаа

Өнгөрч байгаа 7 хоног жирийн л ажлын өдрүүд байлаа. 2 дох өдөр хүүхдүүдийн хичээл эхэлж, 3 дахь өдрийн өглөө гаражаас ухарч гарч байгаад машиныхаа зүүн талын толийг хагалснаас болж өдөр нь гудамжинд ухарч байгаад тольгүйгээс болж /бусдад буруу өгдөг гэнээ/ машиныхаа арын дохионы гэрлийг мод мөргөж хагаллаа. Тэгээ л юмыг эвлүүлж угсарч сурч байгаа юм болохоороо дохионы гэрлээ цавуудаж наалаа, хэсэгтээ явчих байх. Толь хайгаад олоогүй, нэг "easy mirror" гэдэг гялгар цаас аваад хайчлаад наачихсан чинь хүн харахад тольтой ч тэрэнд нь юу ч харагдахгүй юм. Амралтын өдрүүдээр хүүхдүүдийн усанд сэлэлтийн хичээлтэй, би хичээлээ хийхийг хичээнэ. Би ч худлаа амьтан юмаа, нээх л сургуулийнхаа жимд элсээд л сарын 55 цаас төлөөд л одоо ч усанд сэлээд, його, пилатиз, тай-чи-д яваад чухам хөдөлгөөний дутагдлаас гарчихна гэсэн байхгүй. Ядаж 7 хоногт нэг удаа юунд нь хамаагүй оролц гэсэн уриатай болоод байна.

Гэртээ байхаар даараад зуданд явж байгаа юм шиг л байна. Энэ доорх зурган дээр миний болон хүүхдүүдийн гэртээ өмсдөг дулаан гуталнууд. Тэр баруун талын хараас бусад нь Made in Mongolia. Тэр царай муутай ногоон нэхий бас жижиг эсгий гуталыг Японд байхдаа өмсөж байсан юм. Тэгэхээр энэ гуталнууд монголд төрөөд, Японд өмсөгдөөд, дахин монгол руу ачигдаад, монголд харин хадгалагдаад, энд өмсөгдөж дуусаад, эндээ нас эцэслэх юм шиг байна.



Өвлийн салшгүй нэг хэсэг бол яах аргагүй Австрали вино байна, энэ өвлөөс. Австрали бас виногоороо алдартай. Даараад байна гэдэг нэрийн дор сүүлийн үед орой болгон нэг аяга ууж байгаа, манайх чинь гоё ганган хундага энэ тэр байхгүй ээ, цай шиг л аягаар нь уучихаж байна. Доорх вино 4 л, үнэ нь 12 доллар, хямд байгаа биз дээ. Мэдээж жижиг савалгаатай бол үнэтэй болоод л ирнэ. Энэ гэхдээ хамгийн хямд нь биш, үүнээс хямд нь ч байна.


Виногоо Dan Murphy's дэлгүүрээс авч байна. Удвал виноны мэргэжилтэн болох шинжтэй.


2010-7-24 01 цаг болчихож.

Энэ ээжийн хайртай ах

Өнгөрдөг амралтын өдрүүдээр манайхан надгүйгээр шоппинг хийгээд, тэгээд баахан хямдарсан юман дунд ороод явчихсан юм байх. Тэгтэл манай хөвгүүд ээждээ их хайртай юм болохоороо энэ СиДи-г олоод авчихсан "Энэ ээжийн хайртай ах, ийм хямдхан юм чинь ээжид авч өгнө" гээд ааваараа авахуулчихсан байгаа юм. Үнэхээр хямд байгаа биз. Big W гэдэг дэлгүүр энд байдаг юм.


Энэ дуунд нь бүр ч их дуртай, би.


Wednesday, July 21, 2010

Японы юунд дуртай вэ

гээд л хүмүүс асуудаг юм. Би ч "ЖОРЛОНд нь дуртай" гээд л үнэнгээ л хэлнэ шүү дээ. Үнэн юм чинь. Хар л даа та нар, ёстой саак байгаа биз дээ.

Ийм жорлонг та нар Японы хаанаас л бол хаанаас олж орж болно. Өвөл суултуур нь хална, хайрахгүй. Бас хүн ойртоод очихоор цочтол өөрөө таг нь нээгдэнэ. Дуусаад холдоод явахаар өөрөө усаа тал эсвэл бүтэн татна. Манай сургуулийн жорлонгийн 50% нь ийм байсан. Ер нь манай гэрээс бусад газар л ийм гоё юмтай байлаа, айлууд нь ч.


Энд товчнуудыг нь сайн тод харууллаа. За япон англиар байгаа юм чинь хэнд ч ойлгомжтой, эдгээр хэлийг мэдэхгүй хүмүүст ч зураг нь тайлбарлаад өгнө. Энд л гэхэд усны даралтыг өөрчилж, хөгжмийн дууг чангаруулж сулруулж болж байна.

Зарим нь бүүр ийм комьпютер шиг ханандаа суурьлуулсан байх. Энэ олон товчнуудын заримынх нь үүргийг ч мэдэхгүй юм, бодвол бас л гоё үйлчилгээнүүдийг үзүүлэх байх.

Харин Австралид нэгэн эмч айлд зочлохдоо ийм жорлонгийн бараа харж нэг илснээс өөрөөр ийм жорлонгоо олж хараагүй л байна.

Зурагнуудыг Гооглэ-ээс зээлэв, ямар өөрийнхөө гоё жорлон дээр сууж байгаа зургаа оруулалтай биш тээ.

Курьер хүний асуудал

бол жорлон шүү дээ. Ойлгож байгаа бид дээ. Хотын төвд зогсох газар олдохгүй. Олдлоо ч 15 минутанд чинь ачаа хүргэх газраа хайсаар байгаад 15 минут дуусах тохиолдол байна. Гэхдээ зогсох газар л олох юм бол жорлонг хаанаас л бол хаанаас олдоно. Бас өглөө оройдоо зам дээр бөглөрөөд л зогсоно.

Жорлон гэхээр ямар сонсогдож байна. 00 гэхээр чинь ХОЁР НООЛЬ гэж унших уу эсвэл ТЭГ ТЭГ гэж унших уу. Би энэ ЖОР-ЛОН гэдэг үгэнд дуртай, албаар тасалж байгаад л чанга хэлнэ шүү дээ, бүдүүлэг байна уу. Аан бие засах газар гэж хэлж бас болно л доо.

Эцэст нь хэлэхэд, энэ Австрали улс намайг юм юманд сургаж байнаа. Биологийн хэрэгцээгээ хүртэл удирдаж сурч байна шдээ, би.
Заримдаа балай юм бичих юмаа, гэхдээ л энэ чинь өдрийн 10 цаг машин дотор байгаа хүнд чухал асуудал байгаа биз дээ.

Monday, July 19, 2010

Бас эдэнд дуртай BEGIN - 島人ぬ宝

Би түүнд дуртай B'z Ocean

Сайхан цай байна гээд уугаад л байлаа

Энэ хөгтэй явдал 90-ээд оны дундуур болсон юм. Бидний 4 оюутан охид хавар агаарт алхангаа нэгнийхээ зуслангийн байшинг цэвэрлэх юм болоод, 7 буудлын эцэст автобуснаас буугаад цаашаа алхсаар байгаад хүрэх газраа хүрлээ. Тэгээд л чухам сайн найзууд юм чинь найзынхаа байшинг дотор гадаргүй сайхан цэвэрлээд ядардаг юм байгаа биз дээ. Авч гарсан жоохон хүнсээ идэх юм болов. Тэгээд л бүгд ядарснаа гайхаад л цай чанах хүн олддоггүй ээ, хуруудлаа. Хэн ялагдсан 2 нь түлээ хагалж, гал түлж, цай чанана. Хуруудлаа, би ч мэдээж хожоод л диван дээр нь тухлаад, нөгөө нэг хожсонтойгоо хөзөр тоглоод, тэсэлгүй хиам талх, зүсмэл боорцогоо хэвж эхэллээ. Хожсон 2 бол жаргачихсан гэхдээ ам нь зүгээр байхгүй, нөгөө 2-оо "хурдал боолуудаа, гороож үхлээ" энэ тэр гэчихсэн, өөрсдийгөө хатад гээд өргөмжилчихсөн хэвж байнаа. Тэгж тэгж нэг юм хар цайтай золгоод л 4-лээ данхтай цайгаа дундаа тавьж байгаад л идэж ууж өглөө. 2 боол өлсгөлөн юм чинь цай нь халуун учраас эхлээд л боов боорцгоо мэрж байсан юм. Харин хатад бол идэхээ идчихсэн юм чинь цайгаа халууныг нь ч тоож байгаа юм байхгүй хөлсөө гаргаад л оочоод байлаа. Хатад эхний аяга цайгаа уугаад, 2 дахиа аягалж байтал данхны цоргоноос .....та минээ юу харсан гээч аяганд минь хөөрхий талийгч оготны цогцос... Ааааа аааааа.

Энэ явдлаас сургамжлах нь: хүнийг боолчилж болохгүй. хаха худлаа худлаа, цай чанахаас өмнө данхаа угааж бай.

Sunday, July 18, 2010

Социализмыг дурсахуй

Энд ердөө 3 түүх өгүүлнээ.

1. Улс төрийн дууны "Энхийн цуурай" хамтлаг. Аймаар сонсогдож байгаа биз дээ. Биднийг 2-р ангид "улс төр" гэдэг үгний учрыг ч мэдэхгүй байхад ийм хамтлаг байгуулаад, бидний хэдэн онцчуудыг шууд л нялх хүүхдийн шажигнадаг тоглоом бариулаад л зогсоож байгаа юм чинь. Тэр хамтлагт чинь онц сурдаг л бол дуулах нь утгагүй биддээ? Сайхан дуулах ирээдүй цухуйлгасан хүүхдүүдийг сонгомоор. Тэгээд бид чинь аль дуу нь улс төрийн дуу вэ гэдгээ мэдэхгүй, энэ дуу бол улс төрийн дуу энийг дуул гэхээр нь дуулчихдаг байлаа. Арай томроод ирэхээрээ шажигнадаг тоглоомоо гитараар солиод явж байтал ашгүй ардчилалтай золгож, хамтлаг тарж амарч билээ.

2. "Миний бага нас дэлгүүрт өнгөрсөн шдээ". Аймаар харамсмаар байгаа биз дээ. Өглөө сүүнд оочирлоно, өдөр талханд оочирлоно, орой маханд алалдана. Тэгээ л махаа заавал 5цагт зарж эхэлнэ. Өглөөнөөс хойш баахан хүн цуглуулж байгаад л, хооронд нь алалдуулж байгаа юм чинь. Бас 1 хүнд 2 кг-аас илүүг өгөхгүй. Шал тэнэг. Би бухимдаж эхэлж байна шүү, урт амьсгаа аваад тайвшир. Ёоо арай дээр боллоо.

3. "Би шоронд оров". Манай ангийн Б гэдэг хүүхэд их сайхан зурдаг юм. 4 ангид билүү дээ, нөгөөх маань ийм нэртэй их гоё зураг зураад, үнэндээ гоё зурсан байгаа юм чинь. Эрээн малгай, цамцтайгаа торны цаанаас гунигтай ширтэж байгаа байдлаар өөрийгөө зураад, тэгээд алуулсан л даа. Зургийн багш маань хичуулийн эрхлэгч захирлыг дуудаад л, "энэ ангид ийм ёс суртахууны доголдолтой нөхөр суралцаж байна" гээд л бас би бүлгэмийн зөвлөлийн дарга юм чинь намайг ангиа зөв чиглүүлээд аваад явж чадсангүй гээд ПАУ тэргүүтэй баахан өөр ангийн бүлгэмийн зөвлөлийн дарга нарын хурлаар намайг авч хэлэлцээд л "нийт нь нэгийнхээ төлөө, чи бусаддаа анхаарал хандуулах ёстой, чи их амиа бодсон байна" гээд л намайг бас хамт шийтгэсэн шд.

Saturday, July 17, 2010

1 хүү +1 хүү = 2 хүү

3 жилийн өмнө нөхөр хадам ээжтэй утсаар ярьсан яриа.
Би Японд төрөхдөө хэнд ч жирэмсэн болсноо хэлэлгүй төрсөн юм. Мангаржуу байгаа биз. Тэгээд төрсний дараа хэлж эхэлж байгаа юм. Эхлээд л нөхөр ээждээ энэ сайхан мэдээг дуулгах гээд л догдлоод л чухам зүгээр нээх баясгалантай хүн утас цохьлоо.
Н-нөхөр
Хадам ээж-Хэ гэж товчиллоо.
За эхлэе. мэдээж эхний жижүүрийн үгсийг алгаслаа. Мэдээ дуулгах мөчид,
Н: 3 хоногийн өмнө Гилийн хатан төрөөд манайх хүүтэй боллоо. /нээх гоё үг сонсох гээд л инээмсэглэл нүүрэнд нь тодорчихож, хөөрхий дөө Н минь/
Хэ: Аан, юу?
Н: Манайх хүүтэй болоод оо /хариу сонсох гээд л хүлээж байна, хөөрхий/
Хэ: сонсогддоггүй ээ, юу гээд байнаа?
Н: Эхнэр төрөөд өө
Хэ: /цаашаагаа хүнтэй ярьж байна/ Энэ одоо юу яриад байнаа?
Н: манайх дахиад нэг хүүтэй болчихоод байнаа
Хэ: юу гэсэн үг юм бэ наадах чинь?
Н: юу Юу гэсэн үг гэж? Эмэгтэй хүн чинь хүүхэд төрүүлдэг юм байгаа биз дээ? /нөгөө нүүрний баясгалан байхгүй болсон шд/
Хэ:жаахан тодорхой яриачээ, хүү минь, ээж нь нэг л ойлгохгүй байнаа
Н: манайх урьд нь Ц гэдэг нэг хүүтэй байсан даа.
Хэ: тийм, Ц зүгээр үү?
Н: зүгээрээ зүгээр. Дахиад нэг хүүтэй болчихоод байна. 1 хүү нэмэх нь дахиад нэг хүү тэнцүү 2 хүү. Ойлгов уу? манайх 2 хүүтэй боллоо.
Хэ: ээ, одоо л ойлголоо. /хэлэх үгээ олж ядаад, гайхаад баярлаад/
1 хүү+1 хүү=2 хүү. За за нэг юм ойлголоо.

Ингэж хэлээд дуусав уу үгүй юу, нэгж дуусаж утас тасарлаа. Хөөрхий хадам ээжийг шоконд оруулаад хаясан шд, хэхэ.

Тэгээд би Японд 6 сарын сургалтанд ирээд буцах гэж байсан найз руу залгаж дуулгатал, найз маань: Ну погоди гэсэн шд, хаха.

Энэ явдлаас сургамжлах нь: хүнийг ч өөрийгөө ингэж эвгүй байдалд оруулахгүйн тулд өглөө босоод л бид өнгөрсөн шөнө 6 хийсэн, жирэмсэн болсон байж магадгүй гэж эртнээс ойлгуулж баймаар юм байна лээ шүү.

6 гэхээр ойлгож байгаа биддээ? бичихдээ өөр ч, ижил л сонсогддог биз дээ.

Wednesday, July 14, 2010

Хайртай машин минь энэ шүү дээ

Энд ийм машиныг wagon station гэдэг юм. Монголд бид комби гэдэг байхаа. Куриерууд голдуу ийм машинаар ажлаа хийнэ. Учир нь хотын төвд wagon 15 минут үнэгүй зогсох эрхтэй. Зарим куриер van-аар ачаа зөөнө. Van хотын төвд 30 минут зогсох эрхтэй. За өөр жип суудлын тэрэгт үнэгүй зогсох газар олдохгүй шүү дээ.

Машин маань бас яаж зүгээр байгаад байх вэ, зам дээр юм юм л болно шдээ. Нэг удаа нэг газраас ачаа аваад гараад иртэл жолоочийн урд талыг ухарч байгаад мөргөсөн бололтой хонхойлгочихоод яваад өгсөн байсан. Эзнийг нь би мэдэхгүй юм чинь яаж ч чадахгүй. Хэнийг нь харсан бол нэг эмэгтэйн машиныг би мөргөхөд 500 цаас төлдөг шиг би мөргөгчөөс мөнгө нэхэхгүй юу. Засварын газраас асуусан чинь 600 доллараар засна гэхээр нь тэр чигээрээ яваад байгаа.

Тэр ард нь байгаа төмрийг харж байна уу. Австраличууд амралтын өдөр болохоор л завиа чирээд л далай руу яваад өгдөг юм. Тэр ёрдгор төмөр завь чирэхэд зориулагдсан байх. Хүндхэн ачаатай, огцом өгсүүр газар, жоохон хурдтай гарахаар тэр төмөр газар тулдаг болохоор нь би тэр төмрөнд дургүй байдаг юм. Энэ зурган дээр богино юм шиг гарсан байна, яг хажуунаас нь харахад хойшоо нилээн илүү гарасан байдаг юм.
Энд төв замын дохио маш удаан, буруу урсгалтай тул туслах замаас гол зам руу баруун эргэхэд богинохон ногоон гэрлээр хурдхан шиг л амжиж гарахыг бүгд хичээдэг юм.
Нэг өдөр баруун эргэх гээд л хүлээгээд зогсож байлаа, ногоон асангуут нь нилээн хэдэн машин амжиж орох гээд л хурдална биз дээ. Юу болсныг би мэдэхгүй, миний урд талын машины урдах машин огцом тооромслоод, бас миний урдах машин гэнэт тоормосоо гишгээд, би бүгдийг нь харж байсан болохоороо амжиж өмнөх машинаа мөргөлгүй зогслоо. Гэтэл арын машин намайг чинь толгой дөнкүүртэл мөргөлөө. Би ч тэр мөргөгч ч машинаасаа буулаа. Азаар миний машин нөгөө ёрдгор төмрийн ачаар яагаа ч үгүй, харин мөргөгчийн машин будаа болсон байлаа.
будаа болох-бидний үед хэрэглэдэг байсан хэллэг, одоо ч хэрэглэдэг байхаа

Хамгийн их горьдсон минь

Хүмүүст 10н жилээ төгсөх хонхны баяр хамгийн дурсгалтай өдрүүдийн тоонд ордог байх. Харин миний хувьд тийм бишээ.

Эхлээд оршилдноо. Би бол 10н жилийн турш ангийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн гээд байнга сонгуульт ажил хийж, улаан бүч маань байнга л хөх эмжээртэй байсан. Ангийнхан Баатарчууд байхад би ганцаараа пионерийн гишүүн байлаа, ангийнхан пионерийн гишүүн байхад би ганцаараа МХЗЭ-н гишүүн байлаа, даанч татварын 20 мөнгийг хэдэн сар төлөөд ардчилалтай золгоод энэ түүх үргэлжлээгүй. Бас МПБ-н медальтай. Бидний үед улаан шугам татаж төгсөгчдийг сурлагаар нь жагсаадаг байлаа, би 8 болон 10төгсөхдөө 1т жагсаж, сургуулиа төлөөлөн математик, физик, химийн олимпиадуудад жил дараалан ордог, зарим жил Октябрийн районоос гарч Хотын олимпиадад ордог байв. Улсад харин орж байгаагүй юм. Алтан медальтай төгссөн ч намайг төгсдөг жилээс өгөхөө больсон юм. Би ГИБ-д явна гэж өөрийгөө бэлтгэдэг байлаа. Бараг ЗИБ-г тоохгүй байгаамаа. Харамсалтай нь миний дээд талын төгсөлтөөс гадаадад сургуульд явах боломжгүй болсон юм.

Би чинь 2 ах, 1 эрэгтэй дүүтэй, бас аав ээж маань цэргийн хүмүүс болохоор би эрэгтэй юм шиг л байдаг байв. Хөвгүүдтэй сагс тоглоно, карате, гар буудлагаар хичээллэнэ. Аан бас 9-р ангид байхад машин засварчны курс сургууль дээр хичээллэсэн юм, тэрэнд хүртэл мөнгө төлөөд суусан юм. Тэрний оронд бүжгийн дугуйланд явахгүй, ёстой маанагжуу. Гоё сайхан хувцас өмсөж, нүүр амаа будаж мэдэхгүй, шал тэнэг байсаан. Монгол явахаараа карате-ээр хичээллэж байсан зургаа олж тавьнаа.

За гол горьдсон руугаа. 10 жилийн хонхны баяр боллоо. Тэр үед одоогийнх шиг ангиараа амралтанд явдаггүй байсан. Өдөр нь бид ангиараа хоол идээд, 10 төгссөн 4 ангиараа орой нь сургуулийнхаа спорт зааланд үдэшлэгт ороод л хонхны байр дуусаа. Үдэшлэг дээр ёстой нэг горьдсон доо. Бүжиг эхлээд л явлаа, намайг хэн ч урьдаггүй ээ, эхлээд л харж явдаг гайгүй хөвгүүдээ урих болов уу гээд л хараад суулаа. Гэтэл тэд багш нарын хамгийн дургүй аальгүй хөөрхөн охидуудыг уриад байх юм. Багш нар “аальгүйгээс хамаргүй нь дээр, та нар цаашдаа яаж амьдарна даа” гээд л баахан хичээлдээ муу хөөрхөн охидуудыг загнадаг байв. Би “нээрээ л аальгүй байснаас хамаргүй байсан нь дээр” итгэчихсэн байдаг байв. Гэтэл цаг дээрээ тэдэнд хөвгүүд дуртай байх юмаа. Одоо ч миний мэдэх тэдгээр хөөрхөн охид хөөрхөн ганган чигээрээ ямар ч ажил хийхгүй, нөхрөөрөө тэжээлгээд л жаргалтай гэртээ суух юм. Зарим нь жижигхэн хувийн бизнэс эрхлээд л надаас хамаагүй сайхан залуу харагдаад л гүйж явах юм.
За гайгүй хөөрхөн хөвгүүд намайг тоодоггүй юм байна, тэгэхээр надаас хуулагч нар намайг урих байх гээд горьдлоо үгүй шүү, тэгэхээр нь сагс тоглодог хөвгүүдээ харлаа тэд над руу харах ч гүй өөр ангийн хөөрхөн охидтой бүжиглэж байна, шалдаа буулаа, ядаж багадаа бөөстэй байсан ч хамаагүй тэрийг чинь мартсан гэж дотроо бодоод горьдсон ч тэд намайг урьдаггүй гэнээ. Ёоо ёстой тэр өдрийг delete хиймээр өдөр шүү. Тэр үдэш 2 хон охиныг хэн ч бүжгэнд уриагүй бөгөөд нэг нь хөл муутай охин, тэр бүжиглэх боломжгүй, ойлгомжтой. Нөгөө нь би, мэдээж хэн ч ботинктой, эр ч юм шиг тооны машинтай бүжиглэх билээ дээ. би туфль гэдэг юмыг чинь их сургуульд орсон хойноо анх өмсөж байлаа.
Би гэртээ хариад нууцаар уйлж билээ. Үгүй яагаад ч нуугдаж уйлсан юм. Ил уйлвал эмэгтэйлэг биз дээ. Тэнэг чинь уйлахдаа хүртэл нулимсаа нуугаад, эр хүн шиг. За ийм л юм болсон юм даа, хэхэ.

Ингээд цаашид миний амьдрал шал өөрөөр үргэлжлэх болсон юм. Гадаадад сургуульд явах боломжгүй, дурын дотоодын их сургуульд өрсөлдөж, дээгүүр жагсаж дуртай ангиа авсан ч би их сургуульд олигтой сураагүй юм. Гадаадад сурах хүсэл мөрөөдөл маань замхарсан чинь дэлхий хөмөрчихсөн юм шиг, хичээлдээ дургүй, сайн голдуу дүнтэй төгссөн. Миний үед нөгөө л онц сайн дунд муугаар дүгнэдэг байв. Ардчилал эхлээд байсан болохоор шар сонин гардаг болов. Тэр үед Афродита гэдэг нэртэй гоо сайхны сонин хэвлэгддэг байсан юм. Тэр сонингийн дугаар бүрийг шимтэн уншиж, өөрийгөө асар их өөрчилсөн, тухайлбал, нөгөө тэнэг нүдний шилээ авч хаяад линз зүүв, нүүр ам үсээ янзалдаг болов, хувцсаа зөв сонгож өмсдөг болов, харин хумсаа ургуулснаар гитар тоглохоо огт больж /гитараа хаясандаа одоо ч харамсдаг/, сагс воллейбол тоглох тоо эрс буурсан. Онц сурахаа болихоор хөвгүүд сонирхож эхэлсэн шүү. Одоо би охиноо бага зэргийн аальгүй байхад гэмгүй гэсэн маягаар хандаж байна даа, бас хүн заавал онц сурах албагүй.

2 жилийн дараа 10 жилийнхэнтэй таарахад намайг танихгүй байсан, тэр ч бүү хэл 2-р курсээ төгсөөд зун амраад намар орж ирэхэд манай ангийнхан дуу алдаж уулзаж байлаа.

Жич: бага ангид байхад бөөс, хуурстай хүүхдүүдийг ПАУ, хичээлийн эрхлэгч нар ангиудаар явж илрүүлж, олны өмнө зарлаж, хүүхдийн нэр хүндийг асар ихээр унагадаг байлаа. Гэхдээ тэр үед бөөстэй байсан ангийн хүүхдүүд маань одоо төрийн өндөр алба хашаад л явж байна даг. Манай сургуульд бөөсийг шинжлэх ухаанчаар нэрлэж шифр гэдэг байсан. Бөөс гэхээр муухай, та нар шифр гэж бай гээд л биднийг спорт зааланд хорьж байгаад л ПАУ ухуулж байж билээ. Өөр сургуулиуд тэгж нэрлэж байсан болов уу. Сайхан БӨӨС гэдэг монгол үг байхад чинь тээ заавал гадаад үгээр яах нь вэ дээ.

Бөөс гэснээс, энд Австралид бас бөөс байдаг шд. Манай хүүхдүүдийн сургууль цэцэрлэгээс нь бөөс байна шүү аптекаас ийм юм авч хэрэглэ гээд л захиа ирээд байдаг юм. Гэхдээ хэн бөөстэй тухай байхгүй лдээ, хүүхдийн нэр хүнд гэж байна.

Өөрийгөө магтчихав уу муулчихав уу, за за хэн мэдэхэв, үнэн л юм чинь, хэхэ.

Энд буй товчилсон үгсийг мэддэг нь мэддэггүйдээ хэлээд өгөөрэй.

Tuesday, July 13, 2010

Манай багш нүүдлийн шувуу

шиг энд хүйтрээд өвөл болохоор халуун болж байгаа европ руу яваад өгдөг юм. Энэ удаа 6 сарын дундаас 8 сарын 10 хүртэл европийн 3 оронд болох хуралд оролцохоор явсан. Багшийн аав ээж нь Англи эсвэл Италид байдаг юм, хурлаас бусад үед нь аав ээж дээрээ байдаг байхаа. Өнгөрсөн өвөл бас л ингэж яваад ирсэн. Австралийн засгийн газар судалгаа шинжилгээнд асар их хөрөнгө зарцуулдаг бөгөөд үүний нэг илрэл нь багш эрдэмтдээ дэмжиж олон улсын эрдэм шинжилгээний хуралд байнга оролцох хөрөнгийг сургуулиуд нь төсөвлөж өгдөг юм.
Анзаараад байхад нилээд хэсэг хүн нүүдлийн шувуу шиг амьдардаг байх юм. Өөр бусад үйлчилгээний, биеийн хүчний ажил хийдэг хүмүүс ч гэсэн, Европ гаралтай хүмүүс голдуу.

Monday, July 12, 2010

Хөл бөмбөг дууслаа

За би хөл бөмбөгийн мэдлэг нимгэн бөгөөд, та нар шиг тухайлсан багийг дэмжих хэмжээний аугаа фэн биш. Гэхдээ бас аль нэг багийг дэмждэг юмоо. 2006 оны тэмцээнээр Японд байсан болохоороо blue samurai-уудыг блайшиглаж байтал Австралид хожигдож байсан юм. Энэ удаа Австралид байгаа юм болохоороо Австралиа дэмжтэл аль эрт хожигдоод нутаг буцахаар нь би бас хувираад л Ази юм болохоор нь бас л Японоо дэмжлээ. 2 жилийн дараа Монгол руугаа буцах тул 2014 оны дэлхийн аваргаар хэнийг дэмжих нь тодорхойгүй болов, хэхэ.
Ингээл тэмцээн дуусахаар нээх гунигтай санагдаад, хийх юмгүй ч юм шиг санагдаад байдаг юм.

Сиднэйн наадмын талбайгаар - ганц зураг

Өчигдөр Сиднэйн монголчууд наадмаа сайхан хийлээ. Гэхдээ энд наадмын тухай бичихгүй ээ, өөр хүмүүс зөндөө зураг энэ тэр нийтэлчихдэг юм. Энд ганц л зураг оруулнаа. Наадмын талбайд цугларсан монголчуудын машинуудын нэг. Би энэ машины эзнийг мэдэхгүй тул, эзнийх нь зөвшөөрөлгүй зураг оруулчихлаа. Гэхдээ нээх дургүйцэхгүй байх гэж найдаж байна. Биднийг баяраа тэмдэглэж байх үед олон хүн зураг дардаг бөгөөд тэд хэнээс ч зөвшөөрөл асуулгүй өөрсдийн фото буландаа бидний зургийг тавьдаг юм. Тэгэхээр энэ бол машины зураг юм чинь гайгүй байх гэдэг гаргалгааг би өөрөө хийгээд орууллаа.



Энд машиндаа дугаар авахдаа өөрийн дуртай тоо үсэгнээс нийлсэн 6 хүртэлх оронтой дугаарыг бас өөрийн хүссэн өнгөөр хийлгэж болдог юм. За ийм дугаартай машин унавал гоё байна уу?

Friday, July 9, 2010

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

Даваа. Энэ өдрийн өглөө 197 долларын торгуулийн хуудас хүлээн авсан. Зогсохыг хориглосон тэмдгийн дор зогссон учраас. Ачаа хүргэх газар маань олон замын уулзварт, 2 удаа үүдэнд нь очоод, үнэндээ зогсох аргагүй байлаа. Тэгэхээр нь хаалганых нь харалдаа зогсоод гэнэт үсэрч буугаад л гүйхээрээ ачаагаа оруулж шидчихээд буцаж гүйгээд машиндаа суугаад яваад өгсөн юм. Үүнд ердөө 1-ээс 2 минут л орсон байх. цалингийн хүснэгтээс энэ ажлын хөлсийг хартал 8 доллар. Одоо ийм нөхцөлд хол ч хамаагүй машинаа найдвартай газар тавиад алхаж очно, бас босс хурдал гээд байсан ч яарахгүй ээ. Босст миний торгуулах ямар ч хамаагүй юм чинь.
Мягмар. Энд хүүхдүүдийн сургууль заримдаа "хүүхдээ нэг хоёр доллартай сургуульд нь явуул, хүнс жижиг сажиг юм зарна, орлогыг тийм юманд хандивлана" гэдэг юм. Энэ өдөр том хүү 3 доллартай яваад орой 6 болгоод ирсэн. Нэг долларын кеск ангийнхнаасаа түрүүлж аваад буцаагаад зарчихсан байгаа юм. Би их гайхсаан, нөхөр бид 2-т огт бизнес сэтгэлгээ байдаггүй юм. Хүү Wii гэдэг юм авах гээд мөнгө цуглуулж байгаа юм.
Баасан. Энэ өдөр сургуулийнхаа онлайн сэтгүүлд ярилцлага өгөөд. Би мундагтаа өгөөгүй шүү, зүгээр л намайг сонгосон юм. Зураг хөрөг, нэр устайгаа гарах тул нөхөд минь олон хүн уншдаг сайт дээрээ бүү тавьчихаараа, плийз.
Бямба. Энэ өдөр анх удаа сургуулийнхаа бассейнд, акуа дасгалд явж эхэллээ. Даанч арын эгнээнд зогсчихсон чинь ардуур хүмүүс сэлээд, шумбаад байх юм. Ардуур хүн шумбаад өнгөрөхөөр нь би дасгалаа хийхгүй зогсчих юм. Шумбах гэснээс арван жилд сурч байхдаа би хүүхэд залуучуудын усан спортын төвд сэлж сурч байсан юм. Нэг удаа шумбасан чинь нов ногоон цэр бас шумбачихсан явж байсныг хараад би дахин яваагүй ш дээ, тэнд. Уучлаарай муухай юм биччихлээ.
Ням. хамт сурдаг найз маань сургуулиа дүүргээд нутаг буцаж байгаа тул бид 2 өдрийн хоол хамт идээд, бяцхан бэлэг солилцоод саллаа. Дахин хэзээ ч уулзахгүй байж мэднэ.

Thursday, July 8, 2010

Нөхрийн нойрыг яах вэ

Өчигдөр би бага хүүтэйгээ унтлагын өрөөнд, нөхөр том хүүтэй ливинг өрөөнд Артгаа багшийн хэлдгээр хөмбөг үзнэ энэ тэр гээд л унтсан юм. Шөнө гэнэт сэрлээ, нэг сонин санагдаад ливинг өрөө рүү ороод хартал нөхөр маань 2 хүний том хөнжлийг ганцаараа эзэмшээд, бүх биеэ ороогоод лаг сайхан унтаж байна. Нөгөө хүү маань хажууд нь хөнжилгүй нүцгэн, даарчихсан унтаж байна. Одоо чинь энд өвөл болоод хамгийн хүйтэн сар нь болоод байдаг. Нөхрийн нойр гэж...энэ юу ч биш.

Энэ дааруулдаг хүүгээ 2 сартайд нь шөнө өлгийдөөд дундаа хийгээд, 3лаа нэг орон дээр унтдаг байв. Нэг шөнө хүү дуугарах шиг болохоор нь би нойроо харамлаад сэрсэнгүй, дахиад дуугарч байнаа. Би гараа явуулаад хүүгээ тэмтэртэл олддоггүй, сандраад босоод гэрэл асаасан чинь яасан байна гээч, хайрт нөхөр маань өлгийтэй хүүхдээ аваад дэрлэчихсэн хурхирч байдаг байгаа даа. Үүнэн хэцүү нойр байгаа биз дээ.

Манай багш шивээстэй

Их сургуулийн профессор хүн шүү дээ. Гэхдээ нээх том хэмжээтэй биш. Шивээс бол Австралийн нэг гол имиж байх гэж бодогдтол хүмүүс шивээс хийлгэнэ. Энд та нар төрийн цагдаа нь хүртэл хөл гараа битүү эрээн өнгийн өмд цамц мэт шивүүлсэн байхыг харж болно. Тэр бүү хэл биеэ хайр гамгүй пийрсингээр чимэглэсэн цагдаатай таарч байлаа. Оффист ажилладаг хүмүүс нь гайгүй л харагддаг юм. Мундаг том шивээстэй эмээ өвөө нар ч гудамжаар дүүрэн. Анх энд хоригдлуудыг цөлдөг байсантай нь холбоотойгоор шивээс ийм дэлгэрсэн байдаг юм болов уу даа. Бодвол шивээс, пийрсинг энэ тэрийг хэн хэн хэрэглэж болох талаар зохицуулалт байдаг л байлгүй, эсвэл хүний эрх гээд хэн ч хийлгэдэг юм болов уу. Шалгахаас залхуурав.

Wednesday, July 7, 2010

Хайрт банжигчидаа

Хайрт банжигчидаа, та нар минь хаана байнаа?

Энэ блогийн тухай

Нээрээ зарим хүний хэлснээр, амьдралаа дэлгээд л байх нь мангар ч юм уу. За одоогоор бичиж л байя. Эхлэн бичигч би бээр энэ блогоо өөртөө болон хүүхдүүддээ зориулж бичиж байгаа болно. Энэ бол миний амьдралын түүх бөгөөд 30 эсвэл 40 жилийн дараа эдгээр бичлэгүүдээ эргэн харж дурсаж суухын тулд бичиж байгаа билээ. Би өөрийгөө машинд л дайруулчихгүй л бол дор хаяж 80 хол гартал наслана гэж боддог, хэхэ монгол хүний дундаж наснаас илүү наслах гэж байна. Тэтгэвэртээ гараад би блогоо хөтлөөд л, хэрэв нүд минь харахаа боливол ач гучаараа дуудуулж байгаад л залуу нас, амьдралаа дурсана гэж бодож байгаа. Хөгшрөхөөрөө хүн дурсамжаараа л амьдардаг юм байна гэж ойлгосон. Яахав өөрийн сурч байгаа мэргэжлийн чиглэлээр блогтоо бичвэл сонирхолгүй байх бөгөөд энэ чиглэлээр юм бичвэл тусдаа өөр блог нээсэн нь дээр гэж боддог, мэргэжлийн юмаа бичихэд маш их цаг орох тул энэ блог дээрээ зүгээр л амьдралд болсон тохиолдсон, нүдээр харж байгаагаа л бичье гэж бодож байна. Тэрнээс өөр бусад төрлийн мэдээллүүдийг та бүхэн хаанаас л бол хаанаас олоод авна шүү дээ.

Мөн би хэзээ ч амьдарч байсан, одоо амьдарч байгаа улс орноо муулж, гоншгонож байгаагүй бөгөөд муулах эрх ч надад байхгүй. Би агаараар нь амьсгалж, усыг нь ууж байж яахан муулж зүрхлэх билээ. Тэр бүү хэл би найзууддаа, миний 2 дахь эх орон бол Япон, 3 дахь эх орон минь Австрали гэж хэлдэг. Би Япон орон, японы ард түмэнд хайртай, япон хоолонд дуртай, бас би Австрали орон, австрали хүмүүст хайртай. Би эдгээр оронд сурч амьдрах хугацаандаа маш олон зүйлийн сурч мэдэж авсан, одоо ч би суралцсаар л байна. Миний ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, амьд явахын учир утга, хүн байхын мөн чанарыг ойлгуулж өгсөн аугаа ард түмэн юм. Хамгийн чухал нь эдгээр улсад амьдарсан нь, элэг зүрх минь байнга уяатай байх хайрт эх орноо гэх үзлийг минь бүр тодруулж өгсөн нь хэмжээлшгүй их гавьяа юм.

Би эдгээр орноос зөвхөн эрдэм сурах биш өөр бусад мөнгөөр хэмжих аргагүй үнэ цэнэтэй зүйлсийг сурч, шинэ санаа оноо, ололт амжилтыг мэдэж авч байна. Миний гэр бүл энд хэсэг амьдрах хугацаагаа үр ашигтай өнгөрүүлснээр бид монгол улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гэж ойлгодог. Миний хоосон хонож байсан, өөр бусад /дараа бичнээ/ бэрхшээлүүд бол миний арчаагүйгээс болсон болохоос биш өөр хэний ч буруу биш.

Эцэст нь хэлэхэд, миний блог дээрээ бичээгүй хувийн мэдээллийг минь энэ тэнд бичихгүй байхыг хүсэж байна. Энд бичээгүй байнаа гэдэг чинь би хэлэхийг хүсээгүй байна гэсэн үг. Аан тийм ганц хоёр сэтгэгдэл устгачихсан шүү.

Хэхэ, би юу бичих гээд юу биччихэв ээ. За за яадаг юм бэ, энэ бичлэг бас л түүх өгүүлэх байх. Уучлаарай андуудаа.

Hawaii-аар хамтдаа аялах уу

Энд зүгээр л гудамжаар явж байгаад л дарсан хэдэн зураг орууллаа. Өөр бусад зураг оруулах гэхээр тайлбар шаардагдаж, цаг их орох гээд. Энэ оны 3 сард Хавайн Хонолулу хотод болсон хуралд оролцсон юм. Би Америкт анх удаа хөл тавьж байгаа минь энэ бөлгөө. Зүгээр л гудамжаар нь хамт зугаалъя. Над шиг хуралд ганцаараа ирчихээд, хурал дуусангуут яваад өгдөг хүн ч байдаггүй юм байна. Хуралд оролцогчид амралтанд ирж байгаа юм шиг л 14 хоногоор, гэр бүлтэйгээ ирж, хуралдаа ч оролцоод, амраад явдаг юм байна.

Энд Япон хэл бараг л албан ёсны хэл нь юм шиг л өргөн хэрэглэгдэх юм. Дөнгөж онгоцноос буугаад л эхний хүн л японоор яриад эхэлсэн, бүх тэмдэг тэмдэглэгээ нь бас японоор. Мартагдаж байгаа япон хэлээрээ 4 хоног сайн ярьж авсан шүү. Хавайн арлууд нэгд Японтой маш ойрхон тул олон япон хүмүүс 2 улсын давхар иргэншилтэйгээр энд амьдран суух юм, хоёрт энд ирэх жуулчдын ихэнх нь япончууд тул япон хэл яах аргагүй эндхийн хамгийн өргөн хэрэглэгддэг хэл юм. Чайна таунаас гадна, энд Жапан таун гэж байна. Бүр гайхалтай нь яг японд байдаг байшингаа тэр материалаар нь барьсан байх юм.Сиднэйн онгоцны буудлаас авсан зураг. Австралийн авиа компани Qantas-аар ниссэн бөгөөд гайхалтай нь онгоцны үйлчлэгч нар нь нас тогтсон хүмүүс байлаа. Бүр 50 гаран насны 2 эрэгтэй хүн 2 гол коридороо хариуцаад үйлчлээд байсан. Бусад эмэгтэй үйлчлэгч нар нь ч гэсэн залуу хүн байхгүй байсан. Өнгөрсөн жил би энэ компаний орон нутгийн нислэгээр нисэхэд бас эмэгтэй үйлчлэгчид нь 40-өөд насны хүмүүс байсан.
Хүнийг нас, өнгө зүсээр ялгахгүй ажиллуулсаар байгаа нь надад таалагдсан.

За аргагүй л амралт зугаалгын газар, хаа сайгүй лимузин машин, бүр зөндөө гээч. Австралид би цөөхөн харсан, харин Японд би огт хараагүй, хөдөө байсан болоод хараагүй байх.

Sheraton Waikiki зочид буудалд буусан бөгөөд энэ буудлын үүдэнд байх далайн яст мэлхийнүүдийн баримал. Эндхийн гол бэлэгдлийн нэг юм байна.


Лифт дуудах товчийг нь эхлээд олдоггүй, гэтэл энэ хүрэн шүүгээний хажуу бөөрөн дээрх дугуй дотор товч нь байх. Үүнийг тойроод 10 лифттэй. Хаана лифт ирэх нь үү гээд харж байгаад гүйнэ, гүйхгүй бол амжихгүй шинжтэй, хүн бүр л үүнд гомдоллож байсан.



Надтай өрөө share-лэгч Jill бол Нью Йорк хотын Их Сургуулийн Хантэрс коллэжийн профессор. Хүүхэдгүй, нөхөр нь насаараа төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, тэтгэврийн хэмжээ нь цалингийнх нь 90%-тай тэнцүү гэж намайг гайхшруулсан. Гэхдээ ийм тохиолдол ховор гэж байна лээ. Бараг л цалингаа аваад байгаа биз дээ.


Гудамжинд Хавайн уянгалаг дуу, алдарт Хула бүжгийг нь хаа сайгүй үнэгүй үзэх боломжтой. Нэг газар очихоор л хүзүүнд тэр амьд цэцгийн хэлхээгээ зүүгээд л өгдөг.



Вайкики эрэг дээрх цагдаагийн хэлтэс, гэхдээ маш тайван намуухан газар байна лээ.


Гадаа нь машин нь сойлттой.


Жуулчдад зориулсан ийм задгай автобус их олон чиглэлд явна. Аялал жуулчлалыг үнэхээр хөгжүүлсэн, хүнээс мөнгийг хэрхэн сайхан салгахыг ч нэг үзүүлэх юм байна лээ.


Surfing бол Хавайн гол ажил. Үүнтэй холбоотой хөшөө баримал ч зөндөө. Би чинь одоо тэр патиараа татуулж байна, гэхгүй юу, хэхэ. Худлаа худлаа, уг нь тэр барималын зургийг авах гээд зөндөө хүлээсэн юм. Хүмүүс зургаа авахуулаад удаад байхаар нь хүнтэй нь авчихсан юм.


Энд байна бас. Өглөө манай хурал 6 цагт эхлээд өдөр 3 цагт дуусдаг байв. Би өглөө 5 цагт босоод л далай руу харахад хүмүүс аль эрт surfing хийгээд эхэочихсэн байна шүү дээ. Энд бас эрт нар мандаад, эрт харанхуй болох юм.


энэ Хавайн бүх юм нь гоё гоё цэцгээрээ чимэглэгдсэн байх юм. Та нар Хавай цамц мэднэ дээ.


орой болохоор л хаа сайгүй бамбар асаах юм. Гэнэт сайхан залуу гүйж ирээд л дун үлээгээд л бамбараа асаагаад л ямар нэг үзүүлбэр үзүүлээд эхэлнэ. Энэ залуу галтай үзүүлбэр хийсэн.


Дал модгүйгээр Хайвайг төсөөлөхгүй шүү.


Үнэгүй үзүүлбэр, эдгээрийг нь үзээд л байхад гоё.


Шөнийн гудамж.


Нар жаргаж байна. Үүнийг харах нь үнэхээр үзэсгэлэнтэй. Наад талын 3 хүн буудлын бассейн дотроос харж байна, залгаад далай. Бас усан онгоцон дээрээс үдшийн зоог барингаа жаргах нарыг харах нь их үнэтэй юм байна лээ, надад шүү дээ.



Гудамжаар хүний хөл тасрахгүй, бас бамбар асаалттай.


Хавай бэлгэвч. Дэлгүүрт үүнийг хараад инээд хүрээд болдоггүй шүү. Бүх юм Хавайнх гэнээ.

Дараа өөр зурагнууд оруулж магадгүй.

Saturday, July 3, 2010

Миний өрөө

Өөрийнхөө хичээл хийдэг өрөөний надад хамаатай хэсгийг та нарт сонирхуулнаа. Ер нь өөрт холбоотой зүйлүүдийн зургуудыг аваад тайлбарлаад хадгалчихвал хэдэн жилийн дараа сайхан дурсамж үлдэнэ дээ. Бас энэ тэр дэлгүүрийн нэрүүд, идсэн уусан хоолны газар энэ тэрийг тэмдэглэж байвал зүгээр санагдсаан. Учир нь би японд байхдаа 3 банкаар үйлчлүүлж байсан. Нэгнийх нь ч нэрийг санахгүй байна. Бүр дандаа ордог байсан дэлгүүр, хоолны газар, хажуу дахь паркийн нэр, тэр бүү хэл гэрийн хаягаа ч санадаггүй гэнээ. Иймд ичиж зоволгүй юу идэж ууснаа бичиж баймаар юм гэдэг дүгнэлтэнд хүрлээ. Монголдоо оччихоод уншиж байхдаа, нээрээ Австралид ийм дэлгүүр, банк, парк байдаг гээд санана шдээ. Эдгээр нь өнөөдөр авсан зурагнууд.

Миний ширээ ихээ замбараагүй. Ширээний баруун талаар дүүрэн идэх юм. Оюутан би чинь гадуур хоол иддэггүй, дандаа л гэрээсээ идэх юмаа зөөж байгаад идчихнэ. Хааяа гэр бүлтэйгээ гадуур иднэ. Манай давхарт бидэнд зориулсан гал тогоо байх ба тэнд байнгын буцалсан ус, пэйж /буруу бичсэн дээ/, хөргөгч, аяга таваг угаагч машин, сав суулга бүгд бий. Иймэрхүү гал тогоо аль ч орны албан байгууллага, сургуулиудад, давхар болгонд нь зөндөө байдгийг та нар мэдэх байх.

За захын 5 долларын таргийг Franklins дэлгүүрээс өглөө онгойнгуут нь 2,6 доллараар авчээ. Хажуугийн 5 долларын таргийг Woolworths-өөс 3,11 доллараар авчээ, гэх мэт дэлгүүрт оройдоо зарим хүнс хугацаа нь дуусах гээд дөхөөд ирэхээр нь хямдруулдаг юм. Японд бид бас аль болох хямд хүнс авах гээд л үзчихдэг байлаа. Японд орой 8 цагаас маш олон төрлийн хүнс хямдардаг, голдуу хонуулахгүй дуусгах ёстой хоол голдуу их хямдарнаа. Энэ вафль печенийг Aldi дэлгүүрээс 65 центээр авдаг. Кофе-г бол янз янзаар нь сайн уунаа, тэр хирээр шүд шарлах гээд байна шүү, яадаг юм байгаан. Тэр дуу хураагуурыг би хичээлийн үед, заримдаа багштайгаа уулзахдаа ашигладаг юм. Англи хэлэнд ус цас биш тул багш яг юу гээд хэлчихэв, мөн зарим зүйлийг мартахгүйн тул багшаасаа зөвшөөрөл авч байж бичиж авдаг юм. Гэхдээ дахин эргүүлж сонсох нь ховороо. Хажууд нь байгаа ногоон зүйлийг Блогтой хүний бичлэгээс уншиж, блогдохдоо хэрэглэдэг, хэхэ. Процессор дээр байгаа тос бол нарны тос, эндхийн нар хортой, арьсны хавдар их түгээмэл байдаг тул өглөө гэрээсээ гарахаас өмнө биеийн ил хэсэгтээ түрхэж байхыг зөвлөдөг юм. Бас тэр pilates-н DVD, үүнийг харж хийж хөдөлгөөний дутагдалд орохгүй байх санаатай ч бас л үздэггүй юм, бэлэгдлийн чанартай байж л байдаг юм.
Тэр дэлгэцийн цаана харагдаж байгаа улаан бүдүүн том Macmillan English dictionary толь бичгийг 50 долларын ваучерээр сургуулийн ко-оп-оос авсан. Нэг багшийнхаа Uni of Sydney дээрх хичээлээс нь 45 минутыг нь би үрж өгсний хөлсөнд тэр ваучер ирсэн. Дэлгэцний доогуур далайгаас түүсэн янз бүрийн хясаа хальт харагдаж байна.

Ширээн доогуур замбараагүй шүү. Тэр цаасан хайрцаганд цаас хийх ёстой ч, би усны хувцас банны алчуураа хийчихсэн байгаа. Хажуугийн углаашийг таньж байгаа биз дээ, монголоос олон цаг нисэх юм чинь онгоцонд өмсөөд хаячихна гэж авч гарсан ч хаяагүй, нэг сайхан өдөр бассейнд орж эхэлнэ гээд л жил болж байна. Тэр өөр 2 гутал нь сургууль дээр албан ёсны арга хэмжээ болох үед өмсдөг юм. Гэрээсээ углааш, пүүзтэй ирээд энд өмсдөг, эндээ л байж байдаг юм. Сүүлийн үед шорон өсгий, өндөр өсгийтэй гуталнаас татгалзаад байгаа.

Энэ хар шүүгээ бол миний өмч бөгөөд би янз бүрийн зүйлээ хийдэг. дээд 2 татуурганд нь хичээл номтой холбоотой цааснууд, доод талын 2 татуурганд бол юу ч байж мэднэ. Тухайлбал, миний албан ёсны арга хэмжээний үед өмсөх хувцас, найз нартаа авсан бэлэг сэлт гэх мэт.
хэрэв би single байсан бол амьдрах байр хөлслөхгүй, энэ өрөөндөө амьдраад байж болохоор л байгаа юм. Миний өрөөнд бас буйдан байдаг, дээр нь ундчихаж болно. Манай гал тогоонд бүх юм бий гэж хэлсэн, махаа хөлдөөгчид хийчихээд, хүмүүс ажлаа тараад явчихаар хоолоо хийж идчихээд, сургуулийн жим, бассейнд яваад, тэндээ шүршүүрт орчихоод байхад болоод л баймаар байгаа биз дээ, гэхгүй юу, хэхэ. За худлаа даа, хүн гэртээ тааваараа байх шиг жаргал хаа байхав. Гэхдээ л миний өрөөнөөс зүүн тийш 3 дахь өрөөнд нэг бангладеш эрэгтэй оюутан амьдраад л байх шиг байдаг юм, байр хөлслөх мөнгөө хэмнэж байгаа болов уу, хөөрхий. Хүмүүс яахав дээ, түүнийг өдөр шөнөгүй хичээлээ хийж байна гэж боддог байх.

Тэнэг үү эсвэл ухаалаг уу

Энэ бяцхан өгүүллэгийг Сургамжит өгүүллэгүүд 2 номноос авлаа. Харин түрүүвчин дэх мөнгөнийхөө зургийг хавсаргалаа. Эхлээд би ч гэсэн нэгт хоёртын долларыг андуураад байдаг байлаа.

Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том юм байна.Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос "Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу" гэж асуухад Жон "том мөнгийг нь авъя" гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв.
Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахи байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд "чи чинь тэнэг юм уу, хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх юм" гэхэд Жон инээмсэглэн "анх надаас асуухад нь би хоёр долларыг авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, би 1233 доллар цуглуулж чадахгшй байсан юм" гэж хариулжээ.



Friday, July 2, 2010

Ханийн заяа дуудуулах нь

учиртай гэнэ шүү, дуудуулах гэж байгаа хүмүүст нь зөвлөхөд. За өөрийн найз Ц-д тохиолдсон явдлыг хүүрнэх гэж байна. Найз маань нэг хүүхэдтэй нөхрөөсөө салаад дахин хүнтэй суулгүй хэдэн жил явж байгаад, ханийн заяа дуудуулсан юм.

Болсон явдлыг нэг бүрчлэн дүрсэлнээ. Ц маань ламд үзүүлээд учир явдлаа хэлтэл, ханийн заяа дуудуул, гээд өдөр товлож өгчээ. Аан тийм ирэхдээ тавгийн идээ, хадаг бас бус юм аваад ирээрэй гэж гэнэ. Ламбугай нь тавгийн идээгээ дараа нь чи өөрөө л иднэ, өөр хүнтэй хуваалцаж болохгүй гэж байсан юм болохоор нь өөрийн идэх дуртай бор үзэмтэй үрэл, чоко пай, дөрвөлжин бор вафль гэх мэтээр дүүргэжээ. Манай хүн тэр өдөр болохоос хэд хоногийн өмнөөс л гүн бишрэлд автаж, залбирч, дотроо их л итгэж биширсэн гэнэ лээ. Тэгээд ир гэсэн газар нь очтол өөрөөс нь гадна 3 бүсгүй бас ханийн заяа дуудуулах гэж байгаа гээд байж байна. За 4-лээ нийлж аваад ламбугай ч уншлага номоо эхэлж, нөгөө 4 хийх юмгүй тул бие биеэ сонжин харж, цаг нөхцөөж суув. Манай хүн хажуу дахь хүүхнүүдийнхээ тавгийн идээг хартал том урт хэвийн боов, урт урт цагаан ааруул энэ тэр байна гэнэ. За тэгээд л бүх юм дууссаны дараа найз маань ламаас "одоо би ингээд л нөхөртэй болчих уу, ямар нөхөртэй болох бол?" гэж асуутал, лам "аан удалгүй нөхөртэй болно, чи тавагаа юугаар дүүргэсэн тийм л нөхөртэй болно шдээ" гэж хариулсан гэж байгаа юм. Нээрээ л удалгүй найзыг маань бор бор намхан дөрвөлжин залуучууд эргүүлсээр, өөрөөсөө толгой намхан бор залуутай суусан даа. Манай найз чинь надаас өндөр тоомсог шиг хүүхэн байхгүй юу, хэхэ.

Ер нь бол нөхрийн дүр төрх, өндөр нам, янз бүрийн юмных нь size-г захиалж болох юм шигээ. хихи. За амжилт хүсье, охидуудаа.
Янз бүрийн юмных нь size гэж гар хөлийнх нь уртыг хэлж байгаа юм шүү, хо хо.