Tuesday, November 30, 2010

Анх бааранд орсон тухайгаа хүүрнэюү

Би анх 3-р курсын оюутан байхдаа ангийнхаа 2 охинтой бааранд орж үзсийншд. 21 настай байхдаа гэсэн үг л дээ. Аймаар хөгширсөн хойноо бааранд орж үзсэн байгаа биддээ. Баар сав гэдгийг чинь аймаар газар гэдэг байсан юм чинь.

Бид 3-н нэгний маань төрсөн өдөр болоод хэдхэн төгрөгтэй тэмдэглэх гэж байгаан. Тэгээд л бааранд хоол нь их үнэтэй гэсэн гэж 3лаа ярилцаад бааранд орохоосоо өмнө сургуулийнхаа гуанзны хуушуураас баахан идэж аваад баар хайлаа. Тэр үед баарнууд 7 цагаас онгойдог байсан юм уу хаашаа юм бэ, онгорхой юм олдохгүй гадуур цаг нөхцөөж хүүхдийн паркаар баахан тэнэж зураг энэ тэр авахуулж байгаад 7 цаг болонгуут бааранд орлоо. Бааранд орох болсон чинь бүгдээрээ анх удаа орж байгаа юм болохоороо яг хаалган дээр нь ирээд эхлээд чи ор, үгүй би орохгүй гэж баахан бие биеэ түлхэлцэж байгаад нээх ичингүйрч байж орлоо. Тэр үед бааранд оронгуут л хүн угтаж аваад ширээнд дөхүүлээд өгдөг байсан биш, нэг ширээ олж суугаад яахаа мэдэхгүй баахан бие биеэ хараад суугаад л байлаа. Тэгсэн цэс өгдөг юм байна. Бүгдээрээ нөгөөхөө уншиж байна, юм захиалах гэж байна гээд л баахан шаагилдаж шаагилдаж мөнгөндөө тааруулаад 6 пиво захив. Бид цаг нөхцөөж явах үед нэг маань гудамжинд гутлаа тослуулна гээд маяглаад байсан юм, тэгсэн мөнгөө төлөх болсон чинь нөгөөх гутал тослогч нь 960 төгрөг гэж авдаг юм, 1990-ээд оны дундуур ч шдээ. Бид ямар үнэтэй юм бэ гэж байгаад төлөөд салсан юм. Одоо харин пиво захих үедээ нөгөө гутлаа тослуулсан найзыгаа зэмлэж байгаа байхгүй юу "чи одоо 2 пивоны мөнгөөр гутал тослуулчихсан байна шдээ, хайран юм" гэж мэгээд сайхан загналаа, би. 3-лаа 2хон лааз пивоо юу байдаг юм бэ дор нь уучлаа. Тэгээд одоо мөнгө байхгүй юм чинь харих уу гээд байж байтал манай ширээн дээр 2 танихгүй залуу ирээд "бүгдээрээ танилцая, өнөөдөр бид 2 бас нэг баяр тэмдэглэж яваа юм" гээд л биднээс зөвшөөрөл авах ч үгүй нийлээд суучихлаа. Бид 3 айгаад л "үгүй ээ, бид явах гэж байлаа" гэсэн чинь шууд 24 ширхэгтэй хайрцагтай пиво захиалаад биднийг дайллаа. Бид 3 айгаад л ширээн доогуураа хөлөөрөө бие биендээ дохио өгөөд л "энэ 2 биднийг яах гэж байгаан бол" гэж хоорондоо шивэгнээд л тэнэгтэж өглөө дөө. Гэхдээ би бас пивоноос нь уучмаар байдаг, нэмээд тэдний пивоноос 2-г уучихлаа. Тэгээд бид явахаар эргэлт буцалтгүй шийдээд явлаа гэдгээ зүрх зориг гарган байж би хэллээ. Манай нөгөө 2 чинь хөдөөнийх, юм болгон дээрээ "за чи хотынхоороо ингэ тэг" гээд л өөрсдөө хэлгүй юм шиг. Нөгөө 2 залуу маань "та нар бид 2-оос улаан цагаан айгаад байх юм. Бид яав л гэж дээ" гэж гомдонгуй дуугараад "за за явбал яв даа, бид зүгээр л энэ хэдэн пиво-ийг хамтдаа л ууя гэж бодсон юм" гэж байна. Тэгээд 10 цаг болоход би "уучлаарай, та нарт баярлалаа, одоо бид явахгүй бол болохгүй нь, автобус зогсох гээд байна" гэж үнэнгээ хэлээд гараад явж байж билээ. Би нээх мангар шалтаг хэлдгийн, өөр cool шалтаг хэлж болно шдээ тээ. АВТОБУС ЗОГСЛОО байх даа яахав дээ, хэхэ.

Thursday, November 25, 2010

Гадаад жоомнуудыг дээ

Австрали жоомнууд аймаар том мөртлөө халуун хөнжилд хүнтэй хамт унтах бас дуртай юм гээч. Өглөө сэрэхэд минь хөлөн дээр нэг юм хөдлөх нь мэдэгдлээ. Юу билээ гээд хөнжлөө сөхөөд хартал нөгөө том жоом чинь шалан дээгүүр тар тар гэх дуу гаргаад \арай ч дуу гаргаж зугтдаггүй юмаа\ ум хумгүй зугтаж байна. Аа ну погоди гэж орилоод хойноос нь хөөгөөд алдчихлаа. Энэ жоомнууд намайг ор байхгүй газар унтдагаар нь дээрэлхэж байгаа юм байлгүй. Эсвэл хааяа орон дотроо юм иддэг гэж мэдээд гал зуухны өрөө гэж андуураад хөнжилд ороод ирдэг байхаа. 4 жилийн өмнө япон жоом бас хөнжлөөс гарч татами дээгүүр зугтсан шүү.

Хөл нүцгэн Австраличууд бас би

Энд Австраличууд гадуур гуталгүй яваад намайг ихээр гайхшруулна шүү дээ. Анх ирээд түр байранд байрлаж байхад хоолны зааланд нь “гуталгүй хүнд үйлчлэхгүй” гэсэн бичиг хадаатай байдаг байв. Би хоол идэх болгондоо л гадуур хар халуунд өмсөж байсан салаан углаашаа тайлаад пүүз эсвэл битүү гутал өмсөөд л хоолоо иднэ. Гэтэл хүмүүс зүгээр л углааштайгаа хоол идээд байдаг. Тэнд танилцсан найзаасаа асуусан чинь тэр “Австрали хүмүүс гадуур хөл нүцгэн явдаг юм. Бүр хөл нүцгэн хүнд үйлчлэхгүй гэсэн утгатай юмаа” гэж байна. Нээрээ л гадуур хөөрхөн хөөрхөн охидууд гутлаа барьчихсан хар улаа гялалзуулаад алхана, гуталгүй хосууд сугадалцаад хүүхдийн тэрэг түрээд зам хөндлөн гарч явна, галт тэргэнд автобусанд хөл нүцгэн оюутнууд шаагилдаад, нээх сайхан залуу машинаасаа хөл нүцгэн бууж ирж ч байх шиг. Одоо ч нүд дасаж дээ.

Харин би сая монголоос ирэхдээ онгоцонд ямар нэг асуудалгүй ирлээ гээд онгироод байсан чинь. Бээжингээс суусан 2-р онгоцондоо гутлаа тайлаад л хөл нүцгэн онгоцон дотор яваад л байсан юм. Тэгсэн тэндээ гутлаа үлдээж буугаад, Синга дээр гуталгүй унтаад, 3-р онгоцондоо бас гуталгүй зорчоод бүр оймсоо тайлаад, онгоцноос буугаад гуталгүй чигтээ машиндаа суугаад гэртээ ирээд 4 хоносны дараа гутлаа 2-р онгоцонд мартаж бууснаа санаж байвал яанаа. Намайг онгоцны буудлаас тосож авсан нөхөр маань гутлаа яагаад тайлчихсан юм бэ гэхэд нь хөлөө амрааж байна, ер нь хөл нүцгэн явах чинь их зүгээр юмаа гэж мэгээд л их байсан чинь, олон сар хямдрахыг нь хүлээж байгаад авсан гоё гутал байхгүй болжээ.

Tuesday, November 23, 2010

М

Өнөө өглөө машинтайгаа явж байтал урд талын машины өмнөх мотоцикльтэй (цаашид М гэнээ яадгийн) хүн уначихсан. Өмнөх машин ч зогслоо, би ч зогслоо. Гэхдээ тэр хүн гэмтээгүй ээ. Гэхдээ яагаад уначихсаныг ойлгоогүй. Түүнийг хараад манай найзын хэлсэн үг санаанд ороод. Сая монголд байхдаа найздаа “би М унаж байгаа, үүнэн саак байнаа” гэсэн чинь харин найз маань өөдөөс “М унахаараа хүн 3 удаа баярладаг юм шд” гэнээ. Тэр нь “эхлээд М-той боллоо гэж баярлана, дараа нь амьд үлдлээ гэж баярлана, эцэст нь зарлаа гэж баярладаг” гэнээ, хүн айлгаад.

Өөр нэг найздаа бас л тэгж хэлсэн чинь өөдөөс “Чи жинсээ цоолсон уу” гэж асууж байна. Би ч юу билээ гэж хэсэг пааниканд ортол манай тэр эрэгтэй найз миний блогийг уншдаг юм байна. Би бүр ичиж үхэнгээ алдлаа шд. Уг нь өөдөөс нь хараад пиво ууж сууснаа хахаж цацаад, нус нулимсандаа холилдоод, хэсэг нүүрээ гараа дарж сууж байж гайгүй боллоо. Тийм том дарга хүнийг чинь яаж миний блогийг уншдаг гэж мэдэх билээ дээ. Би уг нь ажил хэрэгч эмэгтэйн гоё багтай, улс төр, Оюу толгой, боловсрол шинжлэх ухаан гэх мэт сэдвээр том том юм ярьчихсан сууж байлаа. Одоо өнгөрсөөн, маний жинхэнэ нүүр царайг минь блогоос минь олоод мэдчихсэн, хэхэ. Д найзаа үүнийг уншиж байвал та бүү уурлаарай. Одооноос эхлэн тохитой томоотой юм бичиж байнаа.

Нээрээ би анх 14 жилийн өмнө жолооч болохдоо М-н үнэмлэх хамт авсан юм байна. Манай жолооны курсын багш нар маань мото спортынхон байсан юм. М-н багш маань миний ард суугаад би М-оо бариад дадлага хийнэ шүү дээ. Гэхдээ багш маань мундаг юм болохоороо над шиг өмнөх хүндээ наалдаад бүсэлхийгээр нь тас тэврээд нүдээ хагас аниад ертөнцөөс хэсэг тасрахгүй л дээ, миний ард байгаа байхгүй нь мэдэгдэхгүй юунаас ч барихгүй хичээлээ заана шүү дээ. Тэгээд дром дээр М-оороо дадлага хийхдээ ардаа багшийг л суулгахгүй бол нэг л болдоггүй юм. Тэгээд л багштайгаа дадлага хийгээд явж байтал хажуугаас багш дууддаг байхгүй юу, багш маань М -н явалт дунд сэмхэн үсрээд буучихдаг юм. Харахад нээрээ багш маань инээд алдчихсан даллаад зогсож байдаг байлаа. Өөдөөс нь инээх гэснээ гэнэт ард сууж байгаа шд гэж бодонгуутаа арагш хальт хараад байхгүйг нь мэдэнгүүт М маань хүндрээд, жолоогоо хэд мурилзуулаад л газар унана даа. Багш байхгүйг мэдэхгүй үедээ хэдэн удаа ч дромоо тойрдог юм бүү мэд, хажуугаас багш дуудангуут л шууд М-тойгоо унаж байгаа юм даа. Дараа нь овоо М унаж сураад хагас санамсаргүйгээр багшийгаа М-ээрээ элдэж хөөгөөд, хэхэ. Гэхдээ багш л миний М явж байгаа зүг рүү гүйгээд байсан даа.

Sunday, November 21, 2010

Онгоцны буудалд болсон явдлууд

Миний томилолтын 55 хоног харвасан сум шиг дуусаж, би буцаад Сиднейд хүрээд ирлээ дээ. Буцах замдаа онгоцонд ямар ч асуудал гаргалгүй ирлээ.

Эхлээд Бээжинд буугаад л энд тэнд оочирлосоор байгаад удаан хүлээлгүй дараагийн онгоцонд суух боллоо. Би ачаа ихтэй тул хүнд цааснууд болох судалгааны материалуудаа гартаа аваад, дээр нь лар топ, камера, гар цүнх гээд хэдэн бөндгөр юмнууд энд тэндээдээ зүүчихсэн аахилаад явж байтал хажууд гэнэт нэг машин давхиж ирснээ "хэддүгээр хаалга руу явж байгаа юм бэ" гээд намайг хариулаагүй байхад л шууд миний чирдэг жижиг чемоданыг минь өргөөд аччихлаа. Би ч дотроо "Энэ Бээжингийн буудал ямар сүрхий үйлчилгээтэй юм бэ, намайг харахад юмаа даахгүй их өрөвдөлтэй харагдсан юм байхдаа" гэж бодоод баярлаад хамаг юмаа тэврээд суучихсан, машин маань цааш хөдлөөд явж байхдаа инээд алдаад л "чи намайг яарч явааг яаж мэдэв ээ" гэсэн чинь нөгөө шалмаг залуу маань өөдөөс "10 юань" гэж байна. Тэгэнгүүт би "надад 10 юань байхгүй, уучлаарай" гэсэн чинь миний ачаануудыг дор нь буулгаад яваад өгсөн. Үнэндээ надад юань байгаагүй л дээ. Би доллар юань, төгрөг юань ямар харьцаатай байгааг мэдэхгүй байсан тул өөр мөнгөөр төлөхийг хүссэнгүй. Би нээх гэнэн тэр машиныг чинь такси гэж мэдэхгүй, ядарч яваа хүнд тусалдаг юм байна гэж бодоод явж байвал яах вэ хүмүүсээ, хэхэ.

Дараагийн зогсоол Синга байлаа. Тэнд бас хэдэн цаг хүлээх байсан тул хүнгүй газар олж байгаад л монголоос авсан ор хөнжлийн даавуугаа дэвсээд хүзүүнээсээ камераа зүүгээд, хөлөндөө лап топний цүнхний оосороо ороож байгаад гар цүнхээ дэрлээд 2 цаг унтаад авлаа. Хулгайч байхгүй ч гэсэн сургуулийн үнэтэй эд хөрөнгө алга хийхээс эмээгээд. Тэгээд утасны сэрүүлэг дуугарахад хагас сэрлээ. Нүдээ нээтэл хажууд минь нэг цагаан залуу унтаж байна. Юу билээ, би хаана байнаа гээд сандраад бүрэн сэртэл, надаас 3 м-н зайд бас нэгэн зорчигч унтаж байлаа. Ямар зай мундсан биш дээ, тэр том талбайд, заавал надтай ойрхон унтаж намайг шоконд оруулаад яах вэ дээ, тэр хүн. Кинон дээр хүүхнүүд өглөө сэрээд л хэний өвөрт унтсанаа харж шоконд ордог шиг л юм боллоо.

За ингээд миний оюутны завгүй амьдрал үргэлжлээд л...
Одоо энд аль хэдийнэ зун эхэлчихсэн, хар халуунд банзалаа өмсөөд сууж байна даа.

Saturday, November 13, 2010

Оюутнууд

Сая би Улсын төв номын сангаар үйлчлүүлэхдээ нэгэн хайр хүрэм хөөрхөн оюутантай таарлаа. Би өөрт хэрэгцээт номоо хайх гээд оочирлож байхдаа түүнийг ажиглан зогсож байлаа. Тэрээр хоёр гартаа хар, хуруугүй савхин бээлий өмссөн бөгөөд хэн бүхэнд түүний хоёр гар нь хуруугүй гэдгийг илтгэнэ. Тэр өөрийн ээлж ирэнгүүт маш сурмаг гэгч нь өөрийн ганцхан хуруу болох зүүн гарын эрхий хуруугаар компьютерийн товчлуур дээгүүр шалмаг гэгч нь гүйлгэн унших номныхоо захиалгыг төвөггүй хийж байна. Бас цаасан дээр тэмдэглэл хийхдээ өөрийн ганцхан эрхий хуруундаа балаа хавчуулан гаргацтай сайхан бичиж байлаа. Хамаг анхаарлаа тийн төвлөрүүлсэн тэр хааяа нусаа шор хийтэл татах нь бүр хайр хүргээд, хэхэ.

Австралид манай сургуульд сурдаг хоёр оюутны тухай бас хэлмээр санагдчихлаа. Нэг нь эмэгтэй хараагүй оюутан бөгөөд цагаан таягтай явдаг юм. Тэр яг ямар мэргэжлээр сурдгийг нь би мэдэхгүй ч тэр лап топ ашиглаж хичээлээ хийдгийг нь би мэднэ л дээ. Түүний компьютерийн товчлуурын аль нэгэн үсгэн дээр дарахад компьютер нь өөрөө үсгийг нь хэлээд өгдөг юм байна билээ. Бодвол тэр хичээлээ сонсож тогтоож аваад, даалгавраа лап топ ашиглан бас л сонсоголоороо хийдэг байх.

Хоёр дохь нь яг надтай хамт сурдаг. Би өмнө нь нэг оюутан сургууль дээр амьдраад байх шиг байна гэж бичиж байсан даа. Тэр үнэхээр байр хөлслөх мөнгөгүй ч юм уу, хүсдэггүй ч юм уу, ямар ч байсан байр түрээсэлдэггүй. Тэр VAN гэдэг машинтай, тэр машинаараа оюутнуудыг нүүлгэдэг ажил олдвол хийчихээд, тэр машиндаа амьдардаг юм. Өмд цамцаа угаагаад машиныхаа онгорхой хаалган дээрээ тохож хатааж байхыг нь би нэг амралтын өдөр санамсаргүй харсан юм.

Үүгээр би оюутан дүү нартаа юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эдгээр оюутнууд өөрийн дутуу байдлаа огт тоолгүй ирээдүй рүү итгэл төгс давшиж байна. Эдгээр оюутнууд шиг та нар минь эрдэм номдоо шамдан эх орондоо хэрэгтэй хүмүүс болоорой.

11 сарын 11-нд

Хүн амын тооллогондоо хамрагдчихаад, Улсын төв номын сан болон Архивын газраар үйлчлүүллээ.

Төв номын сангийн хувьд аль эрт 16, 17 жилийн өмнө оюутан байхдаа үйлчлүүлдэг байсан тул их л дотно санагдлаа. Бидний үед цаасан каталогийг урагдтал нь эргүүлдэг байсан бол одоо уг нь амар болсон байна. Ном хайлтын систем нь өөрчлөгдөж компютерээр хайдаг болсон боловч компютерийн тоо нь үнэхээр цөөн юмаа. Нэгдүгээр давхарын каталогийн өрөө ердөө 8 ширхэг компютертэй боловч 2 нь электрон карт унших зориулалттай болохоор үлдсэн 6 дээр нь ном хайдаг юм байна. Эдгээр компьютер нь аль эртнийх би номын нэр унших гэж хэцүүдсэн, дэлгэц нь их муу юм билээ. Үнэндээ цөөн компьютер дээр хайлт хийх гэж олон оюутнууд зөндөө хүлээх юм. Мөнгөтэй бол ёстой Улсын төв номын сандаа хэдэн компьютер хандивлах юмсан.

Улсын төв архивын газраар үйлчлүүллээ. Тэнд бас л шуурхай өдөртөө л үйлчлүүлэх эрх өгөөд үзэх материалаа захиалчих юм. Маргааш нь хүрч ирээд захиалсан бичиг баримтаа үзэж болж байна. Хамгийн харамсалтай санагдсан зүйл нь архивын бүх материал яг ганцхан байх эх хувиараа судлаачдын гар дээр очдог юм байна. Эдгээр түүх соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт оруулж, судлаачид онлайнаар дуртай цагтаа хэдэн ч удаа хамаагүй үзэж судалж баймаар юм. Би санамсаргүй аль 1600 оны үеийн бичиг баримтыг оригоор нь барьж үзэх аз таараад. Муутуу цаасан дээр уйгаржин монгол үсгээр бичсэн байлаа. Захиалсан судлаач нь ирж амжаагүй байсан юм. Судлаач бүр эргүүлж тойруулж үзээд байхаар тэр олон зууны өмнөх үнэт зүйлс үнэхээр элэгдэлд орж байнаа. Бидний түүх соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт оруулахад мөнгө олж өгөх юмсан гэж бодлоо.

Wednesday, November 10, 2010

Өдөр бүрийг ялгалгүй хайрлана

Аав ээж маань шашин шүтэж мэдэхгүй социализмын үеийн хүмүүс тул би бас юу ч мэддэггүй юм. Час өдөр, сайн өдөр, муу өдөр, үс засуулдаг өдөр, хог хаядаггүй өдөр, юм гаргадаггүй өдөр гэх мэтийг би мэддэггүй бас огт тоодоггүй юмаа. Би өөрт заяасан гол баялаг болох энэ хорвоогийн өдөр бүрийг ялгалгүй хайрлана шд. Гэтэл сая Монгол руу ирэхээс 3 хоногийн өмнөх өдөр мөнгөний гарлагатай өдөр мөнөөс мөн байлаа. Бодвол час өдөр гэж байдаг бол тэр өдөр гэмээр л байлаа.

9 сарын сүүлээр (тэр өдрийг хүндлээд нэрийг нь хэлээд яахав, хаха) ажлаа хийж явсан жирийн нэгэн өдөр байлаа. Үдээс өмнө гэрлэн дохиогүй газар жижиг замаас том зам руу орох гэж машины цуваа тасрахыг хүлээгээд нилээн удаан зогслоо жоохон завсар гарангуут өмнөх машины хамт хааз өгөөд ухасхийсэн чинь өмнөх машин гэнэт тоормослоод зогсоход нь би зогсож амжихгүй мөргөчихлөө. Нөгөө машины гүүпэрийг (ингэж бичдэггүй л байх даа) доош нь санжуулаад унагаачихлаа. Тэгэнгүүт л одоо яанаа, МӨНГӨ гэдэг үг толгой руу цохиод авлаа даа. Одоо яахав дээ, миний буруу юм чинь. Энэ бол би 2 дахь удаагаа хүний машины араас орж байгаа нь юм. Миний машин бас л яагаачгүй. Тэгээд жолоочийг нь гарч ирэхэд нь Уучлаарай гэсээр би угтаад очлоо. Жолооч нь намайг даатгалтай юу гэж асуухад нь би нээх бардам амьтан даатгалтай гэлээ. Тэгээд миний бичиг баримтыг үзсэнээ, Австралийн жолооны үнэмлэхгүй юм бол цагдаа дуудлаа гээд цагдаа дуудчихсан. Би хэрэггүй л дээ, даатгалаараа төлбөрийг чинь барагдуулъя гэсэн ч тэрээр "чамд итгэхгүй ээ, чи хэзээ ч Австралиас явчих юм билээ" гэж байна. Замын цагдаа ч дороо л 3 минутын дотор ороод ирлээ. Миний бичиг баримтыг шалгаад зам тээврийн ослын бүртгэлд бүртгээд авлаа даа. Би ч муухай царайлаад цаашаа ажилдаа яарлаа. Энэ удаа би жилийн 800 доллараар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байсан тул даатгалын компанидаа осол хийснээ мэдэгдэж, 550 доллар төлснөөр миний асуудал шийдэгдсэн билээ. Энд даатгалтай ч ямар нэгэн юм болбол (би AAMI даатгалын компанид даатгуулдаг) мөнгө нэмж төлж байж даатгал нь бүрэн утгаараа ажиллаж эхэлдэг юм. Хэрэв миний учруулсан хохирол 550 доллараас илүү бол даатгалын компани маань нэмж төлнө, 550-аас хямд бол зөрүүг нь надад өгнө гэсэн ч одоо болтол надад өгөөгүйг бодоход тэр засварын зардал нь 550 доллараас илүү гарсан байхаа.

Үдээс хойш нь би ажлаа үргэлжлүүлээд давхиж байтал босс дотуур холбоогоор буцаж эргээд гэдэг команд өглөө. Би "энд буцаж эргэх хориотой тэмдэг байна" гэхэд минь тоохгүй "яаралтай буцаад эргэ, манай чухал үйлчлүүлэгчийн маш яаралтай экспресс ажил гарлаа, чи хамгийн ойр байна, хурдал" гэхээр нь бас хэдэн доллар илүү харагдаад, хориглосон газар гялс эргээд эгнээ байраа эзэлтэл замын цагдаа машин зогсоочихсон шалгаж байхтай яг халз мөргөлдлөө дөө. ШЭЭТ гэж үглээд л зогсохыг заасан газар нь зогслоо. Цагдаа над руу ирээд "тэмдэг харсан уу" гэхээр нь "харсан" гэж үнэнээ хэллээ. Тэр "дахиж ингэж болохгүй шүү" гэж хэлээд 201 долларын торгуулийн хуудсыг инээмсэглэн өглөө. Цаашаа хөдлөхдөө муухай царайлаад "дахин хэзээ ч боссын үгэнд орохгүй, дүрэм зөрчихийг шаардвал ГУЦОО гэж Монголоор өөдөөс нь чанга хэлнэ дээ" өөртөө тангараглалаа.

Тэр өдөр нийт 751 доллараар шатаж байгаа байхгүй юу. Орой нь урамгүй амьтан гэртээ ирээд машинаа ч гаражид оруулсангүй, гадаа хонуулчихлаа. Өглөө босоод хартал урд салхины шил цуурсан байлаа. Бас л МӨНГӨ гэдэг үг толгой руу цохиод авлаа. Өчигдөр л машин мөргөхөд цуурсан бололтой юмаа. Одоо бас хэдэн зуун доллар гэх болоо, нээрээ тэр өдөр зөндөө мөнгө гарсан бас гарч дуусаагүй байсан байна шдээ. Дахиад л даатгалын компани руугаа утас цохьлоо. Харин сайхан мэдээ дуулсан нь манай даатгалын компаний жолоочийн хариуцлагын даатгалаар салхины шил хагарахад жилд нэг удаа үнэгүй сольж өгдөг юм байна лээ. Тэгээд 2 өдрийн дараа шинэ шилтэй болоод нүд цэлмэх шиг л болсон.

Нэг өдөр ийм олон таагүй зүйл зэрэг тохиолдоод, нилээн хэдэн төгрөг үргүй зарсан ч би тэр өдрийг амьралынхаа бусад олон сайхан өдрөөс ялгалгүй хайрлана.

Sunday, November 7, 2010

Насаа мартаж насны доройтолд орсноо мэдлээ

Эх орондоо ирснийх нүд шүдээ хурцалж ирлэж, эрэг боолтоо чангалуулна бид дээ, би. Азаар Монголд эмнэлгийн үйлчилгээ маш түргэн шуурхай байна. Одоо надад бяр амтагдаад, эргэж очихоороо муу машиныхаа жолоог хуга мушгичихмаар л санагдаж байна шүү.
Австралид тэдний иргэн болон тэнд амьдран суух эрхтэй хүмүүсийн хувьд асуудал байхгүй.Харин оюутнуудын хувьд эмнэлэг үйлчилгээ их үнэтэй. Эмнэлгийн үйлчилгээ авах гол зарчмыг нь товчхон танилцуулъя. Гэхдээ муж болон хотоороо үнэ нь өөр байх. Хамгийн эхлээд GP буюу монголынхоор өрхийн эмнэлэгтээ хандана. Бид өрхийн эмнэлэгт 50доллар төлж үзүүлэх бөгөөд даатгалаараа буцааж 33 доллараа авдаг юм. Тэгээд хоолой өвдсөн байвал амоксилин бичиж өгнө, 5 хоног уух эмээ 20 гаран доллараар худалдан авна даа. Ийм учраас би монголоос байнга амоксилин зөөлгөж уудаг. Хүүхдийнхээ хоолойг улаасан байвал өөрөө эмч хүн шиг л шийдвэр гаргаад л эм өгнө шүү дээ. Өрхийн эмнэлгээс цааш нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд өрхийн эмч захиа бичиж өгнө, цаад эмнэлэг нь үзье гэж зөвшөөрсөн тохиолдолд олон сараар оочирлоно. Манай хүүхэд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гэж 2-3 сар, шинжилгээ өгөх гэж 3 сар хүлээдэг. Мэдээж яаралтай оношлогоо шинжилгээнд хүлээлгэхгүй л дээ. Үүнтэй харьцуулахад Монголд эмнэлэгт үзүүлэхэд хялбар байгаа биз дээ.

За насаа мартсан байсан тухайгаа. Сонгдо эмнэлэгт очоод бүртгүүллээ. Таны нэр гэсэн асуултын дараа Та хэдэн настай вэ? гэдэг асуулт ирлээ. Ийм асуулттай ойрын хэдэн жил огт тааралдаагүй байх юм. Би хариулах гэсэн чинь насаа хэлж мэддэггүй ээ. Би хэдэн жилийн өмнө ч билээ дээ 31 насныхаа төрсөн өдрийг нээх нижгэр тэмдэглээд тэрнээс хойш төрсөн өдрөө тэмдэглээгүй юм. Тэгсэн чинь би ямар ч байсан 40 нас хүрээгүй байх ёстой, бас 31-ээс дээш настай байх ёстой гэдгээс өөр багцаа тоо орж ирэхгүй байсан шд. Тэгээд хэлэх гэж түгдчиж бараг нэг минут болсон байхаа, тэгээд Эгч нь насаа мартчихсан байна гэж үнэнээ хэлээд, төрсөн оноороо бодож насаа гаргалаа шд. Хүн сонсоход итгэмээргүй л юм. Манай найзууд л нас гэж юу юм бэ, цаасан дээр бичдэг тоо л биз дээ гэж мэгээд байдаг юм. Тэгсэн би үүнд нь гүн итгэж насаа мартсан байлаа. Сая насаа мэдэж авсан л даа гэхгүй юу.

Tuesday, November 2, 2010

Австрали - шидэт үг

Би болбоос бяцхаан оюутан тул миний бичиж байгаа зүйлүүд бас л бяцхаан байх нь ойлгомжтой. Оюутан байхаа больж, том болохоороо л улс эх орондоо хэрэгтэй зүйлийг жинхэнэ нэрээрээ бичье дээ.


Улаанбаатарт судалгааны ажлаар ирсэн бөгөөд яг юу хийж байгаагаа товчхон илтгэе. Миний энд ирсэн гол зорилго бол судалгааны тоо материал цуглуулах явдал юм.


Монголын төрийн ба төрийн бус аль ч байгууллагын үүд хаалга хэзээд хэн бүхэнд нээлттэй байдаг нь хамгийн давуу юм. Би яам, агентлаг, хотын захиргаа, дүүрэг, хороо, өрхийн эмнэлэг, их дээд сургуулиуд, донор байгууллагууд, хувийн компани, жижиг бизнес эрхлэгчид, айл өрх гээд олон газраар явж байна. Тэрнээс Япон болон Австралид хэн нэгэн хүнтэй уулзахын тулд хэдэн сарын өмнөөс цаг товлож, бөөн юм болж байж уулдагийг та бүгд андахгүй байх.


Төрийн байгууллагуудаар анхлан явахдаа их туршлагагүй байлаа. Эхлээд хаалга тогшоод л "би судалгаа хийж байгаа оюутан байнаа, та завтай бол цөөхөн асуултанд хариулт өгнө үү" гэхэд бол ихэнх хүмүүс "завгүй байна, юун оюутан энүүгээр яваад байна?" гээд л тоохгүй шүү дээ намайг. Тэгэхээр нь аргаа өөрчлөөд хаалгаар оронгуутаа "Сайн байна уу? намайг Буу шийдэм гэдэг" гэхэд хүмүүс хийж байгаа ажлаа үргэлжлүүлэнгээ над руу нэг хялам хийнээ. Миний содон нэр болон гоо үзэсгэлэн (хаха, худлаа шүү) тэдний анхаарлыг огт татахгүй л дээ. Тэгэнгүүт огт цаг алдалгүй үргэлжлүүлэн "би Австралид сурдаг судлаач оюутан байнаа" гээд л нэрийн хуудсаа сарвайхад минь намайг ихэд тоон нааштайгаар хандаж эхэлнэ шүү дээ. Австрали гэдэг үг ид шидтэй юм шиг л хүмүүсийн хандлагыг өөрчлөнө дөө.


Заавал төрийн албан хаагч гэлтгүй хаана ч ажилладаг бай, ихэнх хүмүүсийн харьцаа маш найрсаг, намайг ойлгон, миний судалгааны ажилд үнэн сэтгэлээсээ тусалж байна, нэг хорин хэдтэй охин бас нэгэн эмэгтэй хүнийг эс тооцвол. Олон хүнтэй уулзахад хөгтэй зүйл бас их тохиолдоноо.


Би чинь нэг сонсоод бүгдийг тогтоогоод авах чадвар байхгүй тул бас л сургуулиасаа зээлээд ирсэн дуу хураагчийг ашиглах зөвшөөрөл эхлээд хүснэ. Ахимаг насны хүмүүс тийм юм ашиглахыг огт зөвшөөрөхгүй, юунаас айдаг юм байгаан бүү мэд. Уг нь би асуултаа эхлэхээс өмнө судалгааны ёсзүй гэж юм байдаг, таны нэр усыг судалгаандаа огт дурьдахгүй, энэ ярилцлагыг надаас өөр хүн сонсохгүй гэж тайлбарлах боловч настайвтар дарга болон цэргүүд яриагаа бичүүлэхгүй дээ. Харин залуу хүмүүс шал өөр хандаж байна, тэдний гадаад дотоодод төгссөн нь хамаагүй, судалгааны зорилго, үр дүнг сонирхон, тэдний зүгээс туслах боломж юу байна, сэтгэл харамгүй тусалж байна даа, надад.


Зарим ахимаг насны дарга нар, гэхдээ маш цөөхөн, эмэйл хаяг бүү хэл комьпютергүй байх юм. Огт хэрэглэдэггүй гэнэ. Гэхдээ энэ бол байж болох л асуудал. Обама гар утасгүй гэсэн, түүнтэй л адил юм даа. Комьпютер хэрэглэж мэддэггүй бол заавал үнэтэй ПиСи ашиглахгүй байж ширээн дээрээ залаад ч яах юм бэ тээ. Тэр хүн толгойгоороо ажлаа хийгээд, нарийн бичиг нь цаасан дээр буулгаад байж болж л байна.


Зарим хүн ажлынхаа проблемыг ярьж байхдаа "энийгээ унтраачих, би чамд нэг онигоо ярьж өгье" гэнэ, би ч "яах юм бэ, шууд ярь ярь" гээд онигоотой нь хамт бичээд авна шүү дээ. хөөрхөн байгаа биз дээ.


Зарим хүн их завгүй ээ, үнэхээр цаг зав нь болохгүй бол би эрэгтэй ч байсан хамаагүй сахиж сууж байгаад л, цайны цаг болонгуут шууд л "өдрийн хоол хамт идье" гээд л дагаад гүйнэ шдээ. Ихэнх хүмүүс хамт хоол идэхийг зөвшөөрдөг юм, би даах юм чинь. Энэ хүмүүс их үнэтэй хоол идэх юмаа. Би өөртөө аль болох хямд хоол захьна шүү дээ, заримдаа зууш захьчихаад "би өөрийг чинь хүлээж байхдаа хоол идчихсээн" гээд худлаа хэлдэг юм. Харин нөгөө хүнээ "дуртай хоолоо захь" гэж хэлнэ. Ихэнх тохиолдолд би төлбөрөө төлж байсан ч, зарим эрэгтэй хүмүүс "яаж эмэгтэй хүнээр хоолоо даалгах вэ дээ" гээд миний болон өөрийн идсэн хоолны төлбөрийг төлнөө. Ийм үед нь би "мэдсэн бол сайн цадахаар хоол захьдаг байж" гэж бодоод өнгөрнө, хэхэ.
Яасан? хөөрхий өлсгөлөн оюутан нас чинь санагдаж байна уу?
Зарим хүмүүс өдрийн хоолны цагаараа ч завгүй байх юм. Би ямар оройн хоолонд урилтай биш дээ тээ? надаас айна бид дээ?


Эцэст нь, албаны яриа дууссан ч үргэлжлүүлэн Австралийг сонирхон олон асуулт асуун, найрсагаар нэрийн хуудас, эмэйл хаягаа өгнө шүү дээ. Ийм л байна даа, би Улаанбаатарт.