Thursday, November 1, 2012

Шүтлэг 1

Манай хэдэн блогчид зүүд, зөн билэг, шашин, бөө мөргөл, сүнс, далд ертөнц гээд давалгаалан бичээд байхаар би бас энэ тухай өөрт тохиолдсон зүйлээ хуваалцахаар шийдлээ. Шүтлэг гэдэг ерөнхий нэрийн дор хэдэн бичлэг хийнээ. Энд яагаад шүтлэгтэй болсон тухайгаа, эцэст нь энэ бичлэгийг бичих шалтгаанаа тайлбарлъя гэж бодлоо. 


Оршил. Би болон манай аав ээж огт шүтлэггүй хүмүүс билээ. Шүтлэггүй шүтлэггүй гэчихээд харгис хэрцгий бишээ, бид. Бид худлаа ярихгүй, хулгай хийхгүй, үнэнч шударга байх, хүнд муу юм хийхгүй, хүнийг гомдоохгүй гэсэн хүмүүжилтэй. Бүр оготны хамраас цус гаргах нь бүү хэл ялаа жоомоо ч алдаггүй. Манай ээж арай хатуугаараа тэр ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бид нүгэл үйлдвэл үйлийн үр гэж нэг юм байдаг юм шүү гэдгийг мэддэг ч огт шүтлэггүй хүмүүс байлаа. Манай аав ээж Гандан гарч ном уншуулж байхыг би хараагүй, гэрт арц хүж уугиж байхыг би мэдэхгүй өссөндөө. Би хотод төрж өсчөөд Гандан гарч үзээгүй насанд хүрсэн. Харин оюутан байхад автобус унаа олддоггүй байх үед хорооллоос Их сургууль хүртэл алхах замдаа Гандангийн нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар нь гарч Гандангаар дайрдаг байв. Их сургуулиа төгсөөд хонхны баяраар ангиараа Гандан орж зургаа даруулсан явдал бол миний хамгийн анх Ганданд орж үзсэн тохиолдол. Байнга ламдаад ном уншуулаад гүйгээд байдаг хүмүүсийг би ердөө ч ойлгодоггүй, мухар сүсэгтэй хөөрхий хүмүүс гэж өрөвддөг байлаа. Бид бол бүх асуудлаа өөрсдөө шийдээд, хэнээс юу ч асуудаггүй, өөрсдөдөө итгэдэг. Тэгээд ч миний гол зарчим бол "чи хүнд муу юм хийхгүй бол чамд ямар ч хар юм ирж наалдахгүй". 
 
Нэг. Жаргалтай бага нас
Миний бага нас маш жаргалтай өнгөрсөөн. Би хорин хэд хүртлээ “Зовлон гэж юу вэ?” гэдэг асуултанд хариулж чадахгүй явж дээ. Тэр үед, “өлсөхийг зовлон гэх байхаа, гэхдээ би өлсөж үзээгүй” гэж хариулах байсан байх. Манай аав ээж маань цэргийн хүмүүс. Манай аав цэргийн том дарга, хувьсгалын машин унадаг. Аав ээж маань биднийг юугаар ч дутаахгүй өсгөсөн болохоор жаргасаар байгаад л том болцгоов.

Би багадаа эмнэлэгт хэвтэж үзэхийг мөрөөддөг байлаа. Энэ тэнэг сонсогдож байгаа л даа, гэхдээ л би эмнэлэгт хэвтэх юм сан гэж их боддог байв. Арван жилийн сургуульд ангийн хүүхдийг эмнэлэгт хэвтвэл бид 50 мөнгө цуглуулаад, нийтдээ 20 төгрөгөөр компот, ирис, жигнэмэг гэх мэт аваад багштайгаа хамт өвчтэй хүүхдээ эргэж очдог байж билээ. Энэ нь надад тэр өвчтэй хүүхдэд атаархмаар сайхан санагддаг байв. Хүмүүсийн анхаарлын төвд, ангийнхнаараа хайрлуулаад л. Би багадаа огт өвдөж байгаагүй болохоор л тэгж санагддаг байсан байх. Мөн миний ойр дотны хүмүүсээс хэн ч өвдөж, эмнэлэгт хэвтэж байсангүй. Иймд гэр бүлийн нэг гишүүн хүнд өвчин тусаад хэвтэх нь бусаддаа сэтгэл санааны болон санхүүгийн хувьд хэцүү байдаг гэдгийг би мэдэхгүй явсаар насанд хүрлээ.

Мөн намайг ухаан орсон цагаас миний эргэн тойрон хэн ч нас барж байгаагүй болохоор би үнэхээр өвчин зовлон, үхэл хагацал гэдгийг мэдэрсэнгүй. Арван жилийн хүүхэд байхад, ангийн хүүхдүүдийн эмээ өвөө, сүүлдээ ээж аав нь нас барахад бид ангиараа мөнгө цуглуулаад гэрт очиж, ойр зуурын ажилд нь туслах дуртай байлаа. Учир нь ангиараа хичээлийн дараа тоглож хөгжилдөх сайхан боломж гэж ойлгодог байваа. Бид хүнээ алдсан айлд очоод, нээх гоё амттай хуйцай, нийслэл салад идчээд, чимээгүйхэн шиг хөхрөлдөн хөгжилдөн суудаг байв, уг нь бид чинь гунигтай царайлах ёстой л доо, гэхдээ л хүүхдүүд юм чинь.

Ингэж үхэл хагацал, өвчин зовлон гэдэгтээ нүүр тулалгүй явсаар, оюутан болсон үед аав маань хорвоог орхин явлаа. Аав маань нас барахаасаа өмнө төрсөн эгчтэйгээ төрсөн нутаг руугаа явлаа. Хөвсгөлийг зорьсон шалтгаан нь бөө хүн дээр очсон байв. Эргээд ирэхэд нь би ухаан муутай хүн юу ч асуугаагүй байгаа юм. Удалгүй аав маань нас барахдаа “Үнэхээр бөө гэж байдаг юм байна” гэж хэлээд бидний гар дээр сүүлчийн амьсгалаа татав. Би тэр үед учир начрыг нь асуугаагүйдээ одоо харин харамсаад байдаг юм. Одоо бодох нь ээ, тэр бөө аавд өөрийнх нь үхлийн тухай, цаашлаад үлдэж байгаа хүүхдүүдийнх нь тухай битүү тойруу утгаар хэлсэн юм шиг байгаа юм. Ингэж анх өвчин зовлон гэдэг юмтай нүүр туллаа. Ажил явдлаар анх удаа лам хүнийг ойроос харлаа, анх удаа манай гэрт арц хүж уугилаа, анх удаа манайхан Гандан гарч юм хум цуглуулж, ном сонин уншууллаа. Мэдээж залуугаараа биднийг орхиод явлаа гэж харамсаж байсан ч аавын маань үхэл надад нэг их хүндээр тусаагүй. Ингээд амьдрал үргэлжлээд, бид ч аавгүй амьдраад, нөгөө л шүтлэггүй хэвээр.

4 comments:

Aamregled said...

хэхэх ...

alice said...

aaviigaa yavchix vii gexees bi yxtelee aidag, aav eejteigee neex erxelj usuugyi ch aav mini bxgyi bol delxii sunux met sanagddag daa.

Anonymous said...

urgeljlel baigaa bh gej bodjiin.

Meegaa said...

5 dugaar angid bhad angiin bagshiin aav ni nas baraad, angiaraa mongo tsugluulaad ochsiin, buh humuus duugai yum yarisan ch sulhan duugaraad bj blaa.

Bugdeeree jiriitel suuchihaad hool ideed suuj bsan chine angiin Otgoo gahaad, nir hiitel ineegeed l yavchij bgaan. odoo bodson chine bas ineed hureed bh yum hahah