Friday, November 2, 2012

Шүтлэг 2



Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хэт эмзэг хүмүүс энэ бичлэгийг уншихгүй байсан нь  дээр байхаа.
Энэ хэсгийг паблиш хийх үү байх уу гэж их бодлоо. Орхиод дараагийнхыг нь бичих гэснээ болилоо. 
Би өөрийн амьдралын сүүлийн 15 жилийн үйл явдлыг хүүхдүүддээ бичиж үлдээнэ гэж бодож байгаа. Мэдээж энд бичсэнээр биш, дутуу зүйлгүй, ганц ч зүйлийг үлдээлгүй.
Ердөө ганцхан жилийн өмнө би энэ бүх үйл явдлын учир утгыг олж харахгүй харанхуй бүдүүлэг явж байжээ. Өөрөөр хэлбэл, одоо би пазл тоглож байгаа юм шиг дутуу байсан холбоосуудыг олон жилийн дараа байр байранд нь эвлүүлэн оруулж, бүхэл зургаар нь харж чадаж байгаа юм. Энэ хорвоод учиргүй юм нэгээхэн ч алга.  

Хоёр. Охин ирэв буцав
Аавыгаа өнгөрснөөс хойш бас л шүтлэггүй 5 жил өнгөрлөө. Удалгүй нөхөрт гарав, охинтой болов.
Манай өвөө эмээ нар, мөн аав ээж маань дээр үеийн ихэнх монголчуудын адил гадаад нэртэй, Төвд гэдэг чинь гадаад биз дээ. Манай аав ээж харин хүүхдүүддээ монгол нэр өгч, үр хүүхдүүд нь ч хүүхдүүддээ монгол нэр өгсөн. Нөхөр бид хоёр "хүү гарвал нөхөр нэр өгнө, охин гарвал би нэр өгнө" гэж тохиролцсон байлаа. Би охиндоо ганц үетэй монгол нэр өглөө. 

Охин маань том төрсөн болохоор уйлдаггүй, маш тайван хүүхэд байлаа. 27 хоногтой байхад нь өрхийн эмч маань орж ирж үзлэг хийв. Охиныг үзэж үзэж гараад явчихлаа. Тэгснээ тун удалгүй санаа нь зовсон бололтой буцаад ороод ирэв. Тэгээд Эх нялхаст хэвтэх бичиг хийж өгөөд, яаралтай эмнэлэгт хэвж гэлээ. Би гайхаад “хүүхэд зүв зүгээр байхад, эмнэлэг явах хэрэг байна уу” гэтэл, эмч маань “ноцтой байж болзошгүй, яг одоо яв” гэдгээс өөр юм хэлэлгүй, гунигтай нүдээр харчихаад гараад явлаа. Би санаа зовсонгүй, охин маань хөхөө хөхөөд, ханиад хүрээгүй байхад энэ эмч ямар сонин юм хэлдэг юм бэ гэж бодоод эмнэлэг явсангүй, нөхрөө хүлээлээ. Нөхрийг ирэхэд, өдрийг явдлыг дуулгаад, маргааш өглөө л эмнэлэг явъя гээд санаа амар унтлаа. Өглөө нь нөхөр ажилдаа явснаар бидний жирийн нэгэн өглөө эхлэн, охиноо аваад эх нялхаст үзүүллээ. Гэтэл биднийг шууд хүүхдийн нярайн тасагт хэвтүүлчлээ, би юу болоод байгааг ойлгосонгүй. Ингээд миний багаасаа мөрөөдсөн хүсэл минь биелж, би эмнэлэгт хэвтэж үзлээ дээ. Эх нялхасын Нярайн тасагт хэвтэж байхдаа, янз бүрийн шинжилгээ өглөө. Том том зүүгээр энд тэнд хатгаж цус авахаас илүү хамгийн хэцүү нь ЭХО-д охиноо харуулах байлаа. ЭХО-д харуулахын тулд өмнөх оройны 8 цагаас хойш охиноо хөхүүлж болохгүй, өлсгөлөн байх ёстой. Охин маань гарахдаа том гарсан, эмнэлэгт хэвтэх үед бараг 6 кг дөхсөн байх. Тэгээд орой 8 цагаас хойш охиноо хөхүүлэхгүй, уйлуулнаа, том гарсан хүүхэд ховдог гэж жигтэйхэн. Оройжин шөнөжин өлссөндөө уйлах охиноо тэврэн коридороор алхана, хүүхдээ даахгүй, гар чилнэ, бас би нойргүй хононо доо. Ингээд арай хийж маргааш өглөө нь 10 цагт уйлсаар байгаа хүүхдээ, ЭХО-д харуултал эмч “сайн харагдахгүй байна, чи хөхүүлчихсэн юм биш биз” гээд “өнөө орой 6 цагаас хойш хөхүүлэхгүй, дахин өлсгө, маргааш үзнэ” гэв. Ингээд дахин өлсөх боллоо. Нярай хүүхдийг ингэж олон цагаар өлсгөх хэцүү. Надад тухайн үедээ охиноо ингэж өлсгөх нь маш хэцүү санагдаж байсан нь үнэндээ юу ч биш байсныг тэр үедээ би мэдээгүй байлаа. Ингээд охин маань нэг сар хүрсэн тул нярай байхаа болиод, мэс заслын тасаг рүү шилжлээ. Харин мэс заслын тасаг руу нөхөр чөлөөтэй орж ирэх боломжтой байсан нь надад их нэмэртэй болов. Ингээд онош тодорч, хагалгаанд орохоор боллоо. Мэс засалд Монгол Улсын Гавьяат эмч Авирмэд болон Туяа эмч орлоо. Авирмэд эмч ээжийн 10 жилийн ангийн хүүхэд тул мэс заслын өмнө надтай аминчлан уулзаж “Хүү минь, чи охиноо хагалгаанд оруулах хэрэг байна уу. Яг үнэндээ бид хэвлийг нээхгүйгээр байдлыг мэдэж байна. Танай хүүхэд оройтож оношлогдсон. Найдваргүй, одоо хагалсан ч бид хэвлийг нээгээд, оношоо батлаад, буцаагаад оёно. Ийм хүүхдийг хагалаад буцааж оёхоор оёо нь эдгэрэхгүй их зовоодог юм. Охиноо ингэж зовоож байхаар хүү минь чи хагалгаанаас татгалзвал зүгээр байна” гэлээ. Би хагалгаа хийлгэвэл эдгэх найдвар хир бол гэхэд 5% гэлээ. Би зөвшөөрсөнгүй, миний хүүхэд тэр 5-хан хувьд нь багтана гэж муйхарлан зүтгэж охиноо хагалгаанд орууллаа. Эмч нар хагалгаанаас гарч ирээд, яг юу гэж хэлснийг би санадаггүй юм. Ямар ч байсан миний охин удахгүй үхнэ гэдгийг ойлголоо. Би эмнэлэгт хэдэн 7 хоногоор нойргүй хоносноос болж би ядаргаанд орж, элий балай боллоо. Өөрөөр хэлбэл, "охин чинь 2-4 сарын дараа үхнэ" гэдгийг сонсоод, би сэтгэл санаагаар унан, охиноо асрах нь бүү хэл өөрийгөө ч маллаж дийлэхээ болив. Туяа эмч манай хэдийг дуудаж уулзаад "та нар энэ үхэх охиндоо хамаг анхаарлаа хандуулаад байна, наад үлдэх охин чинь галзуурах гэж байна, өөр хүмүүс оруулж ирж ээжийг нь асрах хэрэгтэй" гэжээ. Эмчийг ингэж хэлсний дараа манайхан намайг харсан чинь, хэдэн 7 хоног өөрийгөө толинд хараагүй бололтой үс мүс нь сэгсийчихсэн, нүд нь ер бусын болсон, үнэхээр галзуу юм шиг хүүхэн зогсож байсан гэсэн. Нялх биетэй эмэгтэй хүн их эмзэг, сав нь хөөрөөд дороо л галзуурдаг юм гэнэ. Ингээд би бас өвчтөн болов, надад тайвшруулах эмчилгээ хийвээ, арай л галзуурахаас наахна юм болов. Ингээд эмнэлэгт охиныг асрах нэг хүн, намайг асрах нэг хүн гээд бид хэдүүлээ ч хамт байв даа. 

Хагалгааны дараа охины оёо эдгэдэггүй ээ. Эмчийн хэлснээр л болж байна. Нэгэнт үхэх хүүхдийг хагалж тамлах хэрэггүй байжээ. Оёо нь задраад сэмж нь гоожно, Туяа эмч оёод л өгнө. Тэгээд оёо задраад болохгүй болохоор нь бүр төмөр бөгжөөр энд тэнд нь бөгжилнө. Тэр бөгж хоорондуур нь сэмж нь цухуйна. Энэ үед би Туяа эмчээс "охиныг минь бүүр унтуулаад өг" гэж гуйж билээ. Үнэхээр арга барагдаж, хоёул хоёулаа зовж байхаар эртхэн бүхнийг дуусгая л гэж бодож байсан. Ингээд гэртээ гарлаа, хичнээн юм болж байж оёо нь эдгэх шинж ороод, охин маань овоо том болоод хөөрхөн болоод ирлээ. Ингээд биднээс буцах цаг нь болж, бие нь муудаж, бид Эх нялхасын сэхээний тасагт хэвлээ. Сэхээнд хүүхэд нь байгаа хүмүүст орох газар байхгүй, хоёр блокийн хооронд корридорт хүмүүсийн хөл татрахаар гэрээсээ авчирсан гудас хөнжлөө дэвсээд хэвтдэг. Одоо ч тийм байх гэж бодож байна. Сэхээнд хэвтээд удаагүй охин минь ээжээсээ яваад өглөө. Би энэ хүнд цохилтыг дааж чадалгүй, дахин хямралд орлоо. Охиноо оршуулахад би явж чадсангүй, хаана булсныг нь одоо ч мэдэхгүй. Одоо надад охин хүүхэд байхгүй ээ. 

15 comments:

Delgermaa Erka said...

аймар юмаа .. харамсалтай байна .
одоо тэгээд цаашаа амьдрал үргэлжлэх учир зүтгээд байх хэрэгтэй ..

Бөөд үзүүлэх л хэрэгтэйдээ ..

Delgermaa Erka said...

аймар юмаа .. харамсалтай байна .
одоо тэгээд цаашаа амьдрал үргэлжлэх учир зүтгээд байх хэрэгтэй ..

Бөөд үзүүлэх л хэрэгтэйдээ ..

Gavaa Lkhava said...

Um maani badmi hum! Ur huuhdeesee hagatsah shig amidiin zovlon haana bhaw, bi ch uilaad l unshaad bailaa. Eruul bvl tuunees iluu jargal haana bhaw. Burhan mini bi bas shutleggui, nuhur bid 2 ohindoo neg uyetei boginohon Mongol ner bodchihson bsniig n hadam aaw eej lamaas ner asuuna geseer bgd lamiin ugsun 2 ueyei urt ner ugsun. Bi ch ehendee durgui l bsn, ym uchirtai l bdg shig baina.

Улаан Малгайт said...

ээ та бид хоёр ижилдүү зовлон үзжээ. хэцүү хэцүү

soulmate said...

Энэ хорвоод учиргүй юм нэгээхэн ч байхгүй гэж үнээн.

baidag l negen said...

ene ih zovlon gunigiin uzuuriig bid haanaas ehelj neheed hha duusgahiig meddegsen bol

Гуталчин said...

Bid bas l adilhan zustei uchirchee

gigi said...

ta mundag uym chin bugdiig davna

miracle said...

Үнэхээр харамсалтай байна гэсэн ч энэ бүхнийг давж чадсан таниар бахархаж байна.

Damdaa said...

Bi bichih uu baih uu gej bodoj bodoj bichmeer sanagdaad bichlee.

Ugui chi zub zugeer baisan huuhdiig yund tegj hagagaand oruuchib daa. Gedes dotor ni hetsuu baisan bol huuhed zobuurlah yostoi shd.

Manai tomiig lab gamrittai l geel buh l emch batalsan yag hamriig i ugaalgah geed hatguulsan chini gamrit bish bolj taaraad tegenguut bas hagaluulaad barag narmaigaa neelge gej hutsaad.

Tiim aimaar trial and error method gej yu baidgiin. Harbaas ted gaamritaa onoshilj medehgui baigaa ni todorhoi baigaa baihgui yu. Teel bi hayad garaad irsen sh d. Odoo zugeer l baina.

black swan said...

Ямар гээч өвчин байсан юм бол? бидэнд хэлж болохгүй гэжүү? бид ч бас мэдмээр байна.

Миний ээж болсон цагааасаа хойш хамгийн их айдаг зүйл л энэ. Мууг даллачихгүй амьдрах юмсан гэж хичээдэг ч маш их айдаг. Тийм байдалд орсон хүмүүсийг хархаар гол зурж маш хүнд байдалд ордог.

Таныг энэ бүгдийг бичиж байхад ч маш хүнд байсан гэж бодож байна, бас таниар урд өмнө бодож байснаасаа ч илүүгээр бахархах гэх нь хаашаан нэг тийм хүндлэх сэтгэл маш ихээр төрж байна.

НЭМЭХ ХАСАХ said...

Ижий болох хүсэлд тэмүүлж, охин үртэй болчхоод тийм сайхан жаргалыг бүтэн эдэлж чадаагүй ээ. Гуниг харуусал надаас холдоогүй ч хувь тавилантай өнөө эвлэрсээн.

НЭМЭХ ХАСАХ said...

Зовлонгийн өмнө нүүр тулж, хүчин мөхөсдөхөд бурхан болон бусад ид шидийн тухай өөрийн эрхгүй бодохоос аргагүй л болдог юм билээ.

lucky said...

бурхан минь, уг нь энэ блогийг өдөржингөө инээж уншсансан...үр хүүхдээ алдахаас илүү аймшигтай юм гэж хаа ч байхгүй. Би бас шүтлэггүй байсан, 16 настай охиноо алдаад лам гандангаар зөндөө явж билээ, нүүр нүд гэж хүн харахын аргагүй том хар шил зүүчээд л гудамжаар ч хамаагүй уйлж явдагсан. Гэнэтийн үхэл үнэхээр аймаар юм билээ, би яаж тэр үеийг туулснаа одоо ч бодохоос айдаг. Бас л бөө гэдэг хүнийг огт мэддэггүй байж байгаад өнгөрсөн зун монголд очиж бөөлүүлж үзсэн. Юм болгон учиртай гэдэг ч ямар ч нүгэлгүй бяцхан хүүхдийг бурхан дуудаад авдаг нь хамгийн хэцүү нь юм даа. Гэхдээ хүн зовлонг үнэхээр даадаг юм билээ

Anonymous said...

Ямар гунигтай юм бээ, баахан уйллаа.