Monday, June 28, 2010

Хөөрхөн хүүхэн гахайны үнэтэй

PNG-Papua New Guinea гэдэг урт нэртэй улсаас ирж Австралид сурч байгаа миний найз 3 оюутны тухай товчхон танилцуулъя. PNG нь ДОХ-ндоо баригдсан их ядуу улс бөгөөд Австралитай хамгийн ойрхон хөрш орон. За хүний ядууг дуудах яахав, ялгаагүй л хүн амын 40% нь ядуу гэж байна, монголтой адил. Сонирхолтой нь 6 сая хүн 800 гаруй хэлээр ярьдаг, хоорондоо ойлголцдоггүй, нэг уулын 2 талд амьдардаг хүмүүс хүртэл өөр өөр хэлээр ярьдаг гэнэ шүү. Австралиас саяхан 30 гаруй жилийн өмнө тусгаарласан боловч одоо ч Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын нэг. Иймд албан ёсны хэл нь Англи хэл.

Энэ зургийг бид 2 мөхөөлдөс идэж байхдаа дарсан юм байна. Emmie маань нөхөр 2 хүүхдийн хамт энд амьдрах бөгөөд байр хөлслөх гээд бүтээгүй, харин явдаг христийн сүмийнх нь хүүхдүүд нь тусдаа гараад явчихсан 2 хөгшин байшингийнхаа доод давхарт амьдрахыг зөвшөөрснөөр 7 хоногийн 270 доллараар хөлсөлж байгаа. Маш өөдрөг үзэлтэй, сайн хүүхэн байгаа юм. Энд байр хөллөх үнэхээр хэцүүг би өмнө нь бичсэн дээ.


Энэ бол Sydney-н төвд байх Hyde паркид дарсан зураг. За тэр халзан залуу бол Francis. Түүний ярьснаар аав нь 72 настай, 9 эхнэртэй бөгөөд сүүлийн эхнэр нь 16 настай, бас саяхан төрсөн гэж байгаа. Аав нь залуудаа баян байсан болоод л олон эхнэр аваад байсан байгаа юм. Одоо аавыгаа дампуурсан гэж байна лээ. Аавыг нь дампуурахаар нөгөө олон эхнэрүүдийнх нь тал хаяад явсан гэсэн. Эдний нутагт эхнэрээ эд юмаар сольж авдаг гэнээ. Жишээ нь гайгүйхэн шиг хөөрхөн хүүхнийг гахайгаар сольж авна. Ер нь ихэнх нь гахайны дайнд хүрдэггүй юм байлгүй. Гэхдээ амьгүй эд юмаар сольж байхаар, гахай ч нэр төртэй юм. Харин чика хүүхнийг Emu гэдэг шувуугаар сольж авна. Тэр шувуу нь ПНЖ-дээ маш ховор, тэмээн хяруулын дараа орох дэлхийн 2 дахь том шувуу бөгөөд гүн хүндэтгэлийг илэрхийлнэ. Австралид ч гэсэн Эму шувуу нь имж шиг Австралийн бэлэг тэмдэг билээ. мань хүн өөрөө нэг эхнэртэй, 2 хүүхэдтэй бөгөөд миний "чи дахин эхнэр авах уу" гэсэн асуултанд Үгүй гэж хариулаагүй болохоор авах л байх даа.
3 дахь найзынхаа зургийг оруулахгүй, учир нь түүний тухай таагүй зүйл хэлэх гэж байгаа тул, найзыгаа хүндэтгээд. Анх найз Л /гэе/ маань ирэхдээ, нутагтаа 3 хүүхэдтэйгээ нөхрөө үлдээгээд ирсэн гэж байсан ч удалгүй Австралийн иргэнтэй суучихсан. Яг одоо 7 сард сургуулиа төгсөж байгаа боловч харихгүй энэ нутгийн бэр болсон. Би түүнийг буруутгах эрхгүй л дээ. Миний таамгаар Л-н 3 хүүхдийн аав болох нөхөр нь бас л олон авгайтай болоод Л маань нутаг буцахгүй энд үлдэхээр шийдсэн байхаа.
2 эмэгтэй найзтайгаа эхнэрийг сольж авах болон олон эхнэрийн тухай огт яриагүй бөгөөд эмзэг сэдэв байх гээд би асуугаагүй билээ.
Илүү сайн зураг оруулах гэхээр шинэков би зураг дундуур нь тасдаж оруулж мэддэггүй ээ. Зурган дээр нэг клик хийвэл томордог юм байна шүү.

Saturday, June 26, 2010

The present moment by Louise L.Hay

Энэ номын тухай өмнөх бичлэгт Бүсгүйн үлдээсэн сэтгэгдэлд номыг орчуулахгүйгээр хэсэгчлэн оруулахыг санал болгосон байсан юм. Нээрээ л орчуулахгүй оруулсан нь дээр санагдлаа. Учир нь хүн бүр өөр өөрийн өнцөгөөс ойлгож хүлээн авах нь дээр байхаа. Одоо үед positive thinking гэж их ярих болоод байгаа бөгөөд энэ номыг зохиогчийн номнууд нь бэстсэллэр болж байсан юм байна. Илүү мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр ороод үзнэ үү. www.louisehay.com www.healyourlife.com
Миний өөрийн туршлагаас харахад үнэхээр хэрэгтэй санагдаад байгаа. Аль эрт энэ тухай олж мэдсэн бол амьдралдаа олон өөрчлөлтийг хийх байжээ гэж харамсал төрдөг юм. Гэхдээ аливаа зүйлийг эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Миний блогийн нэр ч үүнийг батална. Сонирхож байгаа, хэрэг болох хүмүүс нь наашаа.

2. This is a great day to create, imagine, produce, and visualize.
3. I see the world through eyes of love.
4. My job supports the unfoldment of my highest potential.
5. I am compassionate and understanding. I forgive and forget.
6. My body is always working toward optimal health. I am happy and healthy.
7. The gateways to wisdom and knowledge are always open to me.
8. I travel safely wherever I go. I always meet loving, helpful people on my journeys.
9. I eagerly look forward to the future.
10. I radiate success, and I prosper wherever I turn.
Миний зүгээс зөвлөхөд өдөрт нэг өгүүлбэр дээр ажиллахад хангалттай. Заавал цаг зав гаргаад байх шаардлагагүй, шүдээ угаахдаа эсвэл автобусанд явахдаа энэ талаар бодоорой.

Friday, June 25, 2010

Японы АТМ ухаантай

Японд би хэд хоног нарийн боовны цехэд ажиллав. Зуны халуунд, халуун зуухны хажууд зогсоод, дөнгөж зуухнаас гаргасан халуун хөөмөл боовыг хонхор төмөрнөөс нь, нүцгэн хуруунуудаа халуун төмөр ба халуун боовны дундуур далд ортол нь дүрж байгаад эргүүлнэ. Дахин шарах шүүгээнд хийгээд, болонгуут нь бас л нүцгэн гараараа хурдан хурааж авах ёстой. Хөөмөл боовнуудыг зуухнаас гаргангуут нь хурдан эргүүлэхгүй бол төмөртэйгээ наалдаад, тал нь төмөр дээрээ үлдээд гологдол болно, тэр хирээр загнуулна даа. Хуруунууд сүүлдээ түлэгдээд, мэдээ алдчихдаг юм. Гэхдээ завсар зайнд нь 10 хуруугаа усанд дүрээд л байдаг юм, тэр нь нэмэр болдоггүй юмаа.

Тэнд хэд хоног ажилласан цалинг минь бэлнээр нь дугтуйнд хийж өгөв. Орой нь цалингаа дугтуйнаас гаргаад, түрүүвчиндээ хийгээд, дугтуйгаа ураад хогийн саванд хийчихлээ. Маргааш өглөө нь цалингаа дансандаа хийх гээд АТМ рүү гарахдаа заншсанаараа хогоо гаргаад хаячихлаа. Японы АТМ нь мундаг мөнгийг тоолоод авчихдаг юм. Харин австралийн АТМ машинууд мөнгийг тэгж шууд тоолж авч чадахгүй, дугтуйнд хийж тусгай хайрцганд хийх эсвэл банкны салбараар үйлчлүүлнэ.
За тэгээд АТМ-ний бүхээгт ороод, машинд мөнгөө хийсэн чинь 10000 иений нэг дэвсгэрт дутуу тоолоод авчихлаа. Би ч гайхаад, гэхдээ АТМ-д итгэнэ л дээ, энэ чинь хэзээ ч дутуу тоолдоггүй юм. Бодож бодож, дугдуйндаа үлдээсэн байх магадлал маш өндөр тул хичээлээ тараад гэртээ ирээд гадаах хог ухлаа. Аз болж хог ачаагүй байнаа. Нээрээ 10000 дэвсгэрт ураад хаячихсан байна. Би ч уйллаа, нөгөө гар хуруугаа түлэн байж хийсэн ажлын хөлс шүү дээ. Тэгээд эгээ л нарийн мэс засалч шиг томруулдаг шил, хямсаа гэх мэт нарийн багажаар маш олон хуваагдсан мөнгөө наалаа. Маргааш нь наасан мөнгөө АТМ-д хийхийн тулд урьд нь хийсэн мөнгөө гаргаж авч байгаад, дунд нь холиод машин руу хийв. Машин маань тоолж дуусаад, уранхай мөнгийг маань гаргаад шидчих юм. Энэ үйлдлийг 3 янзаар оролдоод ухаантай машин маань скочидсон мөнгийг яагаад ч авдаггүй гэнээ. Яанаа, хайран ажлын хөлс минь, аргаа бараад банкин дээр очлоо. Эхлээд банкин дотор зөндөө суулаа, айгаад. Аягүй бол улсынх нь мөнгөн тэмдэгтийг урсан гээд шоронд хийчих юм болуу гэж айгаад гэхгүй юу, хэхэ. Тэгж тэгж зориг ороод учраа хэлээд уучлалт гуйсан чинь харин өөдөөс бөхөлзөөд л шинэ мөнгөөр солиод өгчихсөн, ийм амархан юман дээр би өчнөөн эд эсээ үхүүлсэн байна лээ.

Австралийн анхны эмэгтэй ерөнхий сайд

Сүүлийн ерөнхий сайд Kevin Rudd-тэй нэг намын /Австралийн хөдөлмөрийн нам/, гэрлэж байгаагүй, хүүхэдгүй, Австралид төрөөгүй, АйКү маш өндөр JULIA GILLARD гэгч эмэгтэй Австрали улсын шинэ ерөнхий сайд боллоо. Надад сонирхолтой санагдсан тодотголуудыг нь дурьдав. Бараг л бүх юмаараа л анхных болоод байна: анхны эмэгтэй ерөнхий сайд, анхны single ерөнхий сайд, анхны гадаадад төрсөн ерөнхий сайд /өөр нэг хүнийг тооцохгүй бол/ гэх мэт.

Би үсчин, цагчин, ............оюутан

Би бээр олон төрлийн мэргэжлийг эзэмшиж байнаа. Үүнд:
1. Үсчин-гэрийн эрчүүдийн толгойг сардаа нэг удаа 3 мм-н ул тавьж байгаад хусна бас засна. Гэхдээ саяхнаас том хүүгийн үсийг мэргэжлийн үсчингээр засуулж байхаар болоод байгаа. Өөрийнхөө сэгсгэр үсийг хүртэл толинд харж байгаад л тайраад хаячихдаг юм.
2. Цагчин-бугуйн цагны зайг өөрөө солихоос гадна, бас эвдэрсэн оосор энэ тэрийг засаж сурсан.
3. Гуталчин-гутлын салсан хэсгийг цавуу авч байгаад өөрөө нааж, бас өсгий энэ тэрийг хадаж тогтоож байгаа. Өмнө нь муухан шиг гутлаа шууд л хаячихдаг байжээ.
4. Хувцас засварчин-шинээр хувцас аваад засуулах нь дахин шинэ хувцас авахаас үнэтэй болчих гээд байдаг юм. Иймд бага зэргийн засвар хийх үед оёдлын машингүй тул гараараа маш нямбай гэгч яг оёдлын машин шиг оёж сурлаа.
5. Курьер-энэ ажлынхаа талаар зөндөө бичлэг хийсэндээ.
6. Механик-машиныхаа тос маслыг өөрөө сольж байна, хагарсан дугуйгаа хүний туслалцаагүй таьчихаж байна.
7. Оюутан-за хамгийн гол ажлаа хамгийн үнэ хүндтэйгээр нь сүүлд нь бичлээ шүү. Учир нь монголд, жишээ нь шоу тоглолт энэ тэр дээр эхлээд над мэтийн шинэков /блогчин/ дуучин дуулаад сүүл хавьцаагаа гавьяатууд дуулж хуурддаг шүү дээ. Тэрэн шиг гэх үү дээ.

Thursday, June 24, 2010

Би цэцэг хүргэх дуртай

Миний ажлыг та бүхэн одоо мэддэг болсон. Би есөн шидийн юм зөөнөө, хүнээс бусдыг нь. Мэдээж амьд хүнийг такси зөөнө, нас барсан хүнийг нээх гоё ар тал нь шилэн, доторхи авс нь нэвт харагддаг урт машинаар зөөдөг юм. Энд тэнд юм хүргэхээр очиход аливаа албан байгууллагын үүдний хүлээн авагчид над мэтийн олон курьерээс залхчихсан, дуртай дургүй хүргэсэн юмыг минь хүлээн авч, зарим нь бүр хүлээн авсан гэж гарын үсэг зурахаас татгалзахад би өмнөөс нь гарын үсэг зурчихдаг юм.
Харин цэцэг тэврээд орохоор миний хажуугаар зөрсөн хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодрохоос гадна, асуусан асуултанд маань маш уриалгахан хариулж, зарим нь өөрийн ажлаа умартаад бүр дагуулж яваад хүргэх газар минь намайг бас хүргэж өгдөг юм. Зөрөн өнгөрч байгаа бүсгүйчүүд цагаахан атаархлын харцаар харан инээмсэглээд ямар сайхан цэцэг вэ гэж дуу алдан өнгөрдөг бол зарим залуучууд чи цэцэг чигээ гоё бүсгүй байна гэж хэлээд өнгөрдөг. Үг ямар хүчтэй юм бэ, тэр залуучууд надад сайхан урмыг үг хэлэхдээ тэд ч бас инээмсэглээд, жаргалтай болдог юм. Би ч хөөрөөд тэр өдөржингөө л сэтгэл нээх хөнгөхөн болоод инээмсэглэсээр ажиллах асар их урамтай болдог. Яг үнэндээ миний байгаа байдал бол пүүз жинсэн өмдөн дээр, ажлынхаа газрын нэр лого бүхий хурц гэрэлтдэг ногоон өнгийн ажлын хувцас өмсөөд, үсээ хайш яйш ард нь боогоод толгой дээрх бас л байгууллагынхаа логотой бэйсбол малгайны арын нүхээр нь гаргаад, байнга цагтаа уралдаж, хөлс үнэртүүлээд л гүйж байгаа нэгэн билээ. Ер нь бол ориг Халтар царайт л даа, царайгаараа түүнийг гүйцэхгүй л болохоос.
Би хэн хэнд цэцэг хүргэдэг вэ гэж үү:
1. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүд бас дөнгөж төрсөн ээжүүдэд
2. Мэдээж залуучуудаас бүсгүйчүүддээ
3. Зарим албан байгууллагууд нэг дэх өдөр болгон шинэ цэцэг авч, долоо хоногийн турш оффисоо чимэглэж, үйлчлүүлэгчдээ хүндэтгэнэ
4. Хамгийн сонирхолтой нь энд хамтрагч, харилцагч байгууллагууд хоорондоо цэцэг илгээнэ. Жишээ нь: их хөөрхөөн, нэг л өчүүхэн алдаа гаргасан бол цэцэг илгээхдээ хамт ил захидал дээр уучлалт гуйгаад, дахин ийм алдаа гаргахгүй гэж амласан байх, гүйцэтгэгч байгууллага нь захиалгаа хугацаа хожимдуулсан тохиолдолд уучлахыг хүссэн байх, дахин итгэл алдахгүйн төлөө цэцэг гэх зүйлийг бие биедээ илгээх юм.

Wednesday, June 23, 2010

Хэрвээ би бурхан байсан бол...

хөөрхөн бяцхан хүүхдүүдийг хэзээ ч өвдөж зовохыг зөшөөрөхгүй. Харин насанд хүрсэн муу санаатай, нинжин сэтгэлгүй, эх орноо хайрладаггүй хүмүүст хүнд хүнд өвчин бас хавдар хувиарлана. Бурхан минь намайг ингэж муухай юм ярьсанд уучил.

Нар наашилж эхэллээ

За өчигдөр жилийн хамгийн богино өдөр болоод өнгөрлөө. Өнөөдрөөс энд өдөр уртасна. Одоо энд өвөл болж байнаа, бид гэртээ даараад л сууна. Гадаа бол даарахгүй л дээ. Орой гэртээ хөнжил дотор бээвийгээд хичээлээ хийгээд суудаг юм, бас жорлон орохдоо хөнжилтэйгээ орно гээч. Анх энд ирээд зүг чигээ ойлгодоггүй, нар баруунаас гараад зүүн тийшээ жаргаад байх юм. Тэгтэл нар зүүнээс гарнаа, гэхдээ бидний хойгуур явсаар байгаад баруун руу жаргадаг юм байна. Монголд бол нар урдуур явдаг даа, бид ч гэрээ урагшаа харуулж барьдаг, байшингийн цонхыг нар руу харуулж хийдэг.

Tuesday, June 22, 2010

Улаан-Од сонин

Миний бие нь цэргийн ангийн захирагчийн гэр бүлд төрж өссөн бөгөөд цэргийн амьдралыг гадарлах нэгэн билээ. Аав маань хурандаа цолтой, ээж маань хошууч цолтой тэтгэвэрт гарсан. Би цэргийн хуаранд тоглож, цэргийн хоолноос идэж, цэргүүдийн өдөр тутмын амьдралыг нүдээр харж өссөн юм. Бага байхад цэргийн хоол аймаар гоё амттай санагддаг байж, аав ээж болохоор гэрт нь хоол өгдөггүй юм шиг цэргийн хоол идлээ гээд л загнана. Цэргийн төмөр тавган дээр масло томоор нь хийгээд, дээрээс нь элсэн чихэр асгачихсан, өөрөөр хэлбэл, масло элсэн чихэр 2 нь нэг саванд, тэндээс цэргүүд талхан дээрээ тавьж иддэг, би их гайхдаг байж билээ. Бас ах нартайгаа цэргийн хуаранд хааяа гарах киног бас үзнэ. Манайх нэг хэсэг хөдөө гадаа их нүүж амьдардаг байсан юм. Манай гэрийн гал тогооны хэрэгсэл дандаа л цэргийн том том төмөр эсвэл хөнгөн цагаан таваг, халбага сэрээ байдаг, нүүж суухад амар. Биднийг бага байхад цэргүүд дүү бид 2-г манай гэрт ирж хардаг, гэрийн хамаг ажил хийж, түлээ мод хагалдаг, ус зөөдөг байлаа.

1984 онд байхаа бага ангиа төгсөөд хагас цэрэгжилттэй хүүхдийн Шонхор зусланд амарсан юм. Анх удаа зусланд амарч байгааг хэлэх үү, үнэхээр сайхан байсан. Гэхдээ энэ удаа зуслангийн тухай ярихгүй.

Тэгээд намар хичээлдээ ороод, хавар 3 сарын 18-нд тэр үеийн Монголын Ардын Армийн төв хэвлэл болох Улаан-Од сонинд Цэргийн баярыг тохиолдуулан бүх ардын арми, батлан хамгаалах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчиддаа баярын мэнд хүргэе, би бас цэргийн баяраар төрсөн, Шонхор зусланг барьж өгсөнд баярлалаа, би сайхан амарсан гээд нэр, сургуулийнхаа ангиа бичээд явуулчихсан чинь миний гараар бичсэн тэр чигээр нь Улаан -Од сонин арын хуудсандаа хэвлээд, би нээх од болж билээ. За гол учир нь сургуулийн хаягаар зөндөө захиа, бүр шуудай дүүрэн захиа ирсэн юм. Хэнээс гээч дандаа цэргийн албан хаагч, бас цэргүүдээс. Тэр үед бүх хүн цэргийн алба хаадаг байсан учир тэр захианууд дандаа л мундаг мундаг, боловсролтой ах нараас ирж байсаан. Тэр захиануудад голдуу: "миний дүү сайн сураарай, ах нь цэргээс халагдаад заавал чамтай уулзана" гэсэн байсан. Би их ичдэг байсаан. Харамсалтай нь би тэр сайхан захиануудыг хадгалж чадаагүй. Oдоогийн ерөнхийлөгч маань Улаан-Од сонинд ажиллаж байхдаа, надад бас захиа бичсэн санагдаад байдаг юм. Нэр нь бүүр түүр ой тоонд байгаад байдаг юм. Хэрэв ерөнхийлөгчөө та надад захиа бичээгүй уучилна биз.

Миний бодлоор надад яагаад тийм их захиа ирэх болсон учир нь:
1-рт би өөрөө цэргийн баяраар төрсөн, үүнийгээ захиандаа бас дурьдсан
2-рт миний нэр Арми, генерал, алдар гавьяа, буу шийдэмтэй холбоотой юм. Ер нь миний нэрийг анх сонссон хүн дахин заавал дахин лавлан асуудаг юм. Эмэгтэй хүний нэр гэхэд хэцүү.
3-рт бидний үед хүүхдүүд тэгж том хүний сонинд юм бичдэггүй, Пионерийн үнэн сониндоо л бичдэг байсан юм.
Тэр Улаан-Од сонин одоо болтол надад хадгалаатай байгаа. Тэр үед надад захиа бичиж байсан ах нар одоо 45 наснаас дээш насны, ид эх орондоо ихийг бүтээж яваа байх даа. Хэрэв та нар үүнийг уншиж байгаа бол welcome.

80$-н гоё зураг

Нэг өглөө шуудангаа шалгатал хэд хэдэн захиан дунд нүдэнд эвгүй харагдах нэгэн захиа байнаа. Шээт гэж хэнд ч сонсогдохгүйгээр амандаа үглээд захиаг задалтал, 60 км/цаг хурдтай явах газар 73 км/цагийн хурдтай явсныг минь батлаад, 80 доллар тэдний дотор төлөхгүй бол шүүхэд дууна гэж анхааруулсан байна. Зам дээр байсан хурд хэмжигч камерийг би яагаад анзаардаггүй юм болоо? Уг нь камертай гэсэн анхааруулга камер хүртлээ хэд хэдэн удаа томоос том хэн ч харахаар зоолттой байдаг, бас миний GPS анхааруулдаг юм. Ёстой сонин юм, энэ лав худлаа гэж бодоод, интэрнэт залгаад захиан дээрх линкээр нь ороод, надад олгосон номерийг нь хийгээд үзтэл машины дугаар энэ тэр дурайсан, миний нээх сайхан зураг гараад ирдэг байгаа. Хурд хэтрүүлж явж байж, би бас болоогүй ээ, хажуу тийшээ хараад инээмсэглэчихсэн, онгорхой цонхоор орж ирэх салхинд үсний зарим нь арагшаа зарим нь нүүрний талыг бүрхээд задгай асгарсан, фотогеничний /орос хэл мэдэхгүй байж/ сайхан зураг байнаа. Үгүй ээ, эдний замын камерийн чанар нь миний муу аппаратнаас хэдэн хувь илүү сайн дардаг юм байна гээч. Үнэхээр сайн зураг болжээ, сэтгүүлийн нүүрэн дээр л тэр моделууд ингэж сэнс нүүр лүүгээ үлээлгэж байж авахуулсан байдаг. Би ер нь зураг дээр ингэж хажуу тийшээ харж авахуулж байвал хөөрхөн юм шиг гарах юм байна гэдэг нээлт хийгээд баярласан боловч гачлантай нь янз бүрийн АйДи, паспорт энэ тэр дээр заавал эгц өөдөөсөө харсан зураг шаарддаг гэдгийг гэнэт саналаа.

Би машиндаа хайртай

Миний машин бол 1998 оны хуучин машин л даа, оюутан хүн чинь шинэ машин авах боломжгүй гэдгийг та нар мэдэж байгаа. Машин маань нэг л пөг пөг гээд сонин байнаа. Яагаад байгаан болоо гээд л таньдаг хүнээс асуулаа. Сэвчээ нь доголдоод байгаа байх гэж байна шүү. Тэгэхээр нь 4 сэвчээгээ солиод, явтал адилхан л байна, удаан явахаар дайвалзаад ч байх шиг. Өөр хүнээс асуулаа, сэвчээ л байх, хүний хоолойн дээр цэр тээгэлдээд сэрвэгнүүлээд байдаг даа яг тэрэн шиг ийм үед маш хурдтай давхихаар зүгээр болдог гэнээ. Тэр өдөр хотоос хойшоо нилээн хол ажил хүргэх боллоо. Тийшээ явахдаа хурдны замаар явдаг юм, хурдны хязгаар нь 110 км/цаг. Зам руу ороод л хурдаллаа, нэг л явдаггүй, 100 км/цагийн хурдтай болоход машин салганаад явдаггүй. Тэгээд ачаагаа хүргэчихээд буцахдаа дахиад л хурдаллаа 100-аас илүү гаргаж давхиж болохгүй байнаа, тэгж явсаар хурдны замаас буугаад, Victory Road дээр гараад эхний гэрлэн дохионы улаан гэрэл дээр зогслоо. Дуу аялаад хажуу хавирганы гоё гоё үнэтэй машинуудыг хараад л шүлсээ зальгаад зогсож байтал гэнэт их чимээ гарлаа, буун дуу ч юм шиг. Ногоон гэрэл аслаа, шууд хурдаа нэмээд хөдлөх гэтэл шал пал гээд нээх сонион машин маань хөдөлдөггүй гэж байна шдээ. Ухаан орох нээ машины маань дугуй буудчихсан байдаг байгаа, ээ бурхан минь 5хан минутын өмнө дугуй буудсан бол би чинь хурдны зам дээр хурдалж байгаад үхэх байсан байна гэдгээ ухаараад гар салганаад, нүдний өмнүүр бүх амьдрал маань жирэлзээд өнгөрлөө. Хүүхдүүдийн минь буян заяа түшиж дээ.
Машины маань дугуй хавагнасан, бүлтэрчихсэн байсан байна лээ.

7:0

Өчигдөр Хойд Солонгосын хөл бөмбөгчдийг 7:0 харьцаатай хожигдоход, би тэднийг маш их өрөвдлөө. Тэднийг гэртээ харихад нь нөгөө Мангас дарангуйлагч нь яах болоо гэж бодлоо. Аягүй бол хүнд шийтгэл оногдуулна даа, хөөрхийст.

Monday, June 21, 2010

Courier хийсэн түүх 2

За ажилдаа бага багаар дадаж байна, хурд нэмэгдсэн, хаана байгаагаа хэлж мэддэг болсон, замаа харахаас гадна хажуугийн байшингийн хаягуудыг хардаг боллоо, ер нь бол овоо шүү. Энд над мэтийн юм зөөдөг машинууд зогсдог тусгай зогсоолууд цагийн хязгаартай байдаг юм. Нэг өдөр loading zone дээр машинаа тавьчихаад ачаагаа авах гээд орлоо. Үйлчлүүлэгч маань харин ачаагаа бэлдээгүй байнаа. Нэг минут гэчихээд алга болчихлоо. Бараг 7 минут болсон байхаа, бэлдсэн ачааг аваад гараад машин руугаа явлаа, машинаа олдоггүй, би энэ хавьд л тавьсандаа гээд л нүдээрээ баримжаалаад харлаа, үнэхээр машин маань алга. Тэр зогсоол 15 цаг хүртэл хязгаартай байсан юм байж. Энд би 2,55д ирсэн дээ. Ямар хурдан ачдаг юм бэ? Хөгжилтэй орон болохоороо ийм гялс малс аччихдаг, гоё юмаа. Юун гоётой манатай, Courier хүнд үүнээс муу юм гэж хаа байх вэ? Одоо яах вэ? хэнээс асуух вэ? За ажил ч өнгөрлөө, босс руугаа хэллээ, машин байхгүй болчихлоо, ачаад явчихсан байна. Босс ч юм хэлсэнгүй, надад байсан бүх ажлыг кансэлдлаа, тэгээд машинд суурилуулсан холбооны төхөөрөмжийг ашиглан яг хаана байгааг тодорхойлохыг оролдож байна гэлээ. Сандарсан хүн тэндээ яахаа мэдэхгүй зогсож байтал, хажуугийн дэлгүүрийн хүн гарч ирээд тэр гудам руу яв, тэнд ачсан машинуудаа тавьдаг, тийшээ яв гэж зааж өглөө. Заасан зүг рүү нь явж байтал харин яг миний машиныг буулгаж байдаг байгаа. Энэ миний машин гэж хэлтэл, аваад яв гээд инээж байна, уухайн тас баярлалаа гээд машинаа авсан даа. 7 хоногийн дараа машин ачсаны төлбөр гэж 166 доллар нэхсэн захиа шуудангаар хүлээн авлаа. Харин дүрэм зөрчсөнийг чинь торгож амжаагүй байна гэж учир мэдэх архаг courier-ууд азтайг минь гайхлаа.

Их мөнгөтэй түрүүвч

Би японд сурч байх хугацаандаа 2 удаа их мөнгөтэй түрүүвч олж билээ.
Эхний удаа еки дотроос нээх бүдүүн түрүүвч олоод, сандраад, зүрх түг түг гээд, гар салганаад хачин болж билээ. Тэгээд шууд л хажууд байх 100 ений дэлгүүрийн худалдагчид би энийг оллоо гээд өгчихөөд зугатаагаад явчихсан. Энэ тухайгаа сургуульдаа сурдаг монгол оюутанд хэлсэн чинь, олсон түрүүвчээ цагдаад өгвөл бэлэн мөнгөнөөс нь шагнал өгдөг юм шдээ, дараа дахин түрүүвч олбол тэгээрэй гэв.

Би ч юу гээд дахиад миний өмнө түрүүвч байж байх вэ дээ гээд л мартав. Тэгтэл ч 2 дахь удаагаа оллоо. Энэ удаа айж сандарсангүй, юу хийхээ мэдэж байгаа юм чинь. Ойр хавьд эзэн нь байна уу гээд харахад хүнгүй байхаар нь шууд аваад л цагдаа руу алхлаа. Замдаа нээгээд юун түрүүнд бэлэн мөнгийг нь тооллоо 34000 ен байнаа. Бас бөөн картнууд, бэлэн мөнгө шилжүүлсэн баримтууд, тэр шилжүүлсэн мөнгөний тоо нь аймаар олон оронтой тоонууд, бас эмч хүн юм байна, их л баян хүний түрүүвчийг олжээ, би их баяртай байнаа, инээд алдаад л, нөхөр рүүгээ утсаар хэлээд л. Олсон бэлэн мөнгөнөөс 10-15% надад оногдоно гээд олзоо бодож үзлээ, дажгүй мөнгө шүү. Цагдаа дээр ороод ирсэн зорилгоо хэлээд л нөгөөхөө өглөө. Цагдаа маань цав цагаан даавуун бээлий гаргаж ирж байгаад л доторх юмнуудыг бүртгэж авлаа /Яанаа, би шууд хуруу гараараа доторхийг нь онгичоод хаячихсан байдаг, миний хурууны хээ байгаа даа/. Цагдаа маань Гилийн хатангийн хаяг энэ тэрийг бас бүртгэж аваад, түрүүвчний эзэнд өөрийн чинь нэр усыг хэлэх үү яахав гэж асууж байна. /Хүүеэ хэлэлгүй яах вэ, би чинь мөнгөн шагнал авах гэж байгаа хүн шдээ/ Тэг гэлээ.
Орой нь энэ тухайгаа нэг байрныхаа болон өөр хотод амьдардаг монголчуудад дуулгаж иргэний үүргээ биелүүлсэн гэж магтуулах гэсэн чинь ихэнх маань харин бэлэн мөнгийг нь аваад л түрүүвчийг нь хаячихгүй яасан юм бэ гэдэг байгаа.
2 өдрийн дараа цагдаагаас бичиг ирлээ, та бэлэн мөнгөний 10-15%-г авах эрхтэй гээд түрүүвчний эзний нэр хаягийг нь бичжээ. Мөн тэр өдөр түрүүвчний эзэн утсаар баярласнаа илэрхийлээд, дараа жинхэнээр нь баярласнаа илэрхийлнэ гэлээ. Түрүүвчний эзэн дахин залгахгүй л байлаа. Би ч хүлээгээд л байлаа, хэхэ. Нэг мэдэхэд 2 сар өнгөрчээ. Гэнэт би түүнд захиа бичихээр шийдээд, би оюутан хөөн танай улсын хуулийн дагуу өөрөөс чинь мөнгөний 15% болох 5100 ен нэхэж байна гээд 80 ен-ээр марк авч наагаад явуулчихлаа.
Удалгүй түүнээс захиа ирсэн, онгойлгосон чинь 3000 ен бас 80 ений үнэтэй марк байлаа. Магадгүй би дахиад сайн хүлээсэн бол тэр надад баярласнаа жинхэнээр нь сайн илэрхийлэх байсан байхаа.

еки-галт тэрэгний буудал

Би багш хүн 2

2005 онд байхаа манайхан Эрдэнэтийн ГОК-ийнхонд ээлжээр хичээл заахаар явлаа. Манай дарга эхний өдөр нь, би дараагийн өдөр нь, миний дараа бусад нь гээд л ээлж дараагаараа, бас үндсэн ажлынхаа хувиартай зөрүүлээд хичээл заах байв. Би Эрдэнэт орох вагонд суух гээд байж байтал дарга Эрдэнэтээс залгаад:-чи унаандаа суух гэж байна уу? Чамайг өглөө би тосож чадахгүй, чи өөрөө .... дугаартай машин олоод суугаад ирээрэй гэнээ. Өглөө нь Эрдэнэтэд буугаад машинууд нь хаана зогсож байдаг юм болоо, хүнээс асуухаас гэж бодоод л буусан чинь гэнэт нэг хүн:-өөрөө Гилийн хатан багш уу? гээд л гялс намайг олоод авлаа.
Би ч ямар хурдан намайг олдог таньдаг хүн бэ гээд л машинд суугаад байрлах зочид буудалдаа ирсэн чинь манай дарга:-аань чамайг овоо хурдан олоод ирж, би чамайг "өндөр, шар, сэгсгэр хүүхэн байгаа" гэж хэлээд энэ жолоочийг явуулчихсан юм гэдэг байгаа. Тэгж би үсэндээ хими хийлгэдэггүй ч өөрийгөө сэгсгэр гэж мэдэж билээ.

Би багш хүн 1

Монголдоо нэг удаа 9 сарын эхээр, бааранд орчихсон, найзуудтайгаа хөөрчихсөн, ганц нэг пиво уучихсан, баарны талбай дээр бүжиглээд явж байсан чинь хажуунаас:-Сайн байна уу, багшаа? та яасан шоучин юм бэ? гэдэг байгаа. Айн, юу билээ? Би хаана байнаа гээд хартал оюутан шавь маань хажууд бас бүжиглэчихсэн зогсож байдаг байгаа. Цаашаа ч юм сонсогдсонгүй, би ч суудал руугаа явлаа. Тэгээд шавьтайгаа дахин 00-н үүдэнд тааралдаад, би:-чи яагаад намайг шоучин гэж байгаа юм бэ? гэж асуутал
шавь маань:-багшаа би 9 сард хичээл эхлээд 2хон удаа бааранд ортол 2-ланд нь тантай тааралдчихлаа. тэгээд л би тэгж хэлсэн юм гэнээ. Би бодлоо, нээрээ 9 сар эхлээд би чинь ажлынхантайгаа хичээлийн шинэ жил эхэлсэнийг тэмдэглэж, хамт хоол идсэн шдээ, тэрийг хэлсэн байх нь. Тэгэхээр би шоучин биш гэж өөртөө бодлоо.

Courier хийсэн түүх 1

Оюутан надад мөнгө их хэрэгтэй байлаа. Хагас жил ажилгүй байлаа, ажил олддоггүй ээ. Энд байдаг монголчууддаа баярлаж явдаг шүү. За эхний ээлжинд машин авахгүй бол хэцүү байнаа. Машин авахад маань монголд байхад хамт ажиллаж байсан залуу маань тусалж, дагуулж яваад, зөвлөөд өглөө. Машинтай болсны дараа бас л эндхийн 2 монгол залуу ажилд зуучиллаа. Тэдэндээ бас баярлалаа. Энэ ажил маань 1 газраас ачаа аваад нөгөө газарт хүргэж өгдөг юм. Эхний өдөр 4 ажил орж ирлээ. Уг нь 4 ажлыг үйрхон газар бол 40 минут орчимд л хийх байх. Бүгд Сиднэйн төвд юмаа, ашгүй ойрхон. За явлаа очих газраа нэг л өнгөрчих юм бол дахин 1 блок бүтэн тойрч байж эргэж ирнэ, гэрлэн дохион дээр зогсох, төвийн замнууд нь голдуу нэг урсгалтай гээд зөндөө хугацаа алдана. Мунгинаж мунгинаж хаягаа оллоо, гэтэл зогсох газар олддоггүй ээ, хотын төвийн тэр гудамнуудад огт машин зогсох боломжгүй, зогсохыг хориглосон тэмдэгнүүд хаа сайгүй. Тийм тэмдэгний хажууд зогсоо л бол гэрийн хаягаар торгууль ирнээ. Хамт ажилладаг монгол хүүхдээс асуулаа, өөр гудамжнаас байшингийнх нь араас ордог гэж байна. За тэгэх байлгүй дээ, гэх мэтчилэн явсаар бүтэн өдөрт ердөө 3 ажил хүргээд, 4 дэхийг нь бардаггүй ээ. Хүлээн авагч тал нь хурдал гээд шавдуулаад байдаг. 5 цагаас өмнө хүргэх ёстой гэнэ. Босс уурлаж байнаа, тэгээд над руу 1 монгол хүүхэд явуулж, тэр хүргэж өгөх юм болов. Намайг хаана байгаагаа хэл гэлээ, би хариулж чаддаггүй ээ, би хаанаа байгаа юм болоо? Босс уурлаад утсаа шидлээ. Тэгтэл надаас нөгөө ачаа авах хүүхэд маань над руу залгаж байна. Би түүний заавраар машинаасаа буугаад гудамжаар алхаж яваад гудамжны нэр хэлж өглөө, удалгүй нэг хөөрхөн хүү ирээд маний ажлыг аваад явахдаа, зүгээр ээ хүн бүр эхний өдрөө ингэж байдаг юм гэж урам өгчихөөд инээгээд явлаа, миний нулимс бүрхээд ирлээ. За гэртээ харъя даа гээд л бөглөрөөд зогсож байгаа машины урт цуваанд ороод зогслоо. Юу вэ? өглөө гэрээсээ авч гарсан идэх юм тэр чигээрээ, би огт өлссөнөө ч мэдэхгүй өдрийг өнгөрөөсөн байна, одоо ч урамгүй юм идэх хүсэлгүй байна.
Эхний 7 хоногт 168 долларын цалин авлаа. Гэтэл миний бензинд зарцуулсан мөнгө 180 доллар, төлбөртэй гүүрээр 6 удаа гарсан байна тэнцүү 24 доллар. Би эхний 7 хоногтоо 204 долларын зардал гаргаж байж энэ ажлыг хийгээд, 168 долларын цалин авчээ. Юу гэсэн үг вэ? би ердөө цалингүй ажилласан байна, харин нэмж 36 долларын зардал гаргажээ. Та минээ ингэж ажиллаж болох уу?

Нэг өдөр нарны өөдөөс бөглөрөөд зогсож байгаад, доошоо очих газрын хаягаа хараад анхаарал сулраад хөл тоормосноос жоохон хөндийрчихэж, нормалдаад урд зогсож байсан машины араас очоод пөг гээд зөөлхөөн мөргөчихлөө. Дотор муухайраад л явчихлаа, яанаа надад жолоочийн хариуцлагын даатгал байхгүй, тэр нь жилээрээ 1000 доллар, үнэтэй хийлгэж чадаагүй. Яаанаа, юу гэх болоо гээд л машинаас буулаа. Эхлээд уучлалт гуйгаад муухан инээх гэж оролдлоо, бүтэлгүй гэдэг нь инээж чадсангүй, ярвайсан байх. Зүрх түг түг гээд цохилж байна. Би мэндлээд байхад тэр эмэгтэй над руу харсан ч үгүй, мэндэлсэн ч үгүй, өөрийнхөө машиныг үзэж байна, би бас дагаад тонгойгоод үзлээ. Хонхойсон юм алга. Надад бол хуучин хэдэн зураас л харагдаж байна. Тэр эмэгтэй:- чи зураас нэмчихлээ, даатгалтай юу гэж байна. Даатгал байхгүй гэсэн чинь, тэр:-тэгвэл утсаа өг, би механикаас засуулах үнийг нь асуугаад, чам руу яръя гээд машины дугаар бичиж аваад саллаа. Хэд хоногийн дараа тэр утасдаад: 500 доллар энэ 7 хоногт над руу шилжүүл гэв. Би 2 долоо хоногийн хугацаа өгөөч гээд учраа хэллээ. Тэр үед миний бага хүү өвдөөд түргэн дуудаад эмнэлэгт хэвтээд гарсан, түргэний тэрэг дуудсаны хөлс 750 доллар төлөх хуудас нь ирчихсэн, бид тэрийг бага багаар төлж байсан юм. Тэр эмэгтэй хүн юм болохоороо ойлгоод надад хугацаа өглөө, гэхдээ хэлж байна: хэрэв өгсөн хугацаанаас хэтрүүлбэл чамайг цагдаад хэлнэ гэлээ. Би ч баярлаад тэр өгсөн хугацаанд нь 3 тасалж байж төлж дуусгасан. Тэр эмэгтэй намайг үнэнч байсан гээд хямдруулаад 450 доллар төлөөд тооцоо дуусгая гэж намайг баярлуулав. Би анхнаасаа шаардаж байсан машин засуулсан receiptе-ээ өгөөрэй гэхэд, тэрээр:
-машинаа засуулахгүйгээр зарсан тухайгаа дэлгэрэнгүй тайлбараад, машин зарах байсан үнээсээ 500 доллар буулгаж зарсанаа хэллээ. Харин би үүнд нь итгээгүй шүү. Яг үнэндээ би машинд нь зураас нэмсэн гэдэгтээ итгэдэггүй, бас би зураас нэмсэн ч засуулах шаардлага ер байгаагүй. Гэхдээ миний мөргөсөн нь буруу байсаан.

Байр хөлсөлсөн түүх

Эхлээд Японд дараа нь Австралид сурах хугацаандаа хэрхэн байр хөлсөлсөн тухайгаа хуучилья.

Японд би эхлээд Жайка төвд 2,5 сар байрлаад, сургуулийнхаа дотуур байранд 3,5 сар байж байгаад гэр бүлээ ирэхээр байр хөлсөлсөн юм. Байр хөлсөлөхөд бидний хэдэн нөхдийг хариуцсан координаторууд бидэнд тусалж байснаас гадна, миний сурч байсан хотод байр хөлслөхөд нээх өрсөлдөөн байхгүй, амар байсан. Агент руу утасдаж цаг тохироод агент дээрээ байрлал, хөлс нь таалагдаж байгаа байрныхаа сонголтыг хийгээд үзэх гээд явна. Агент нь өөрийн унаагаараа хэд ч хамаагүй байр үзье гэхэд төвөгшөөхгүй үзүүлээд л бөхөлзөнө шүү дээ. Тэгээд сонголтоо хийвэл хийгээд, таалагдахгүй бол цаана чинь зөндөө агент байна. Үнэн амар байлаа.

Харин энд би яасан гээ? За эхлээд ирэхээсээ өмнө сургууль руугаа холбоо бариад үнэгүй тосуулаад, сургуулийнхаа түр байранд буулаа. Тэр нь өдрийн 70 доллар, авах юм нь өдрийн 3 хоолтой. За тэгээд ирээд 1 сар хэл хичээл суух хоорондоо байр хайж шоконд орлоо. Ёстой шок байсан шүү. Өглөө нь хичээлдээ суугаад л үдээс хойш байр хайдаг ажилтай. Интернэт, сонин, зарлалын самбар агентуудаар хэсэх гээд л бүх нөхцөлөөр нь хайлаа. Хэрэв би сингл байсан бол амархан, бусад оюутнуудын адил шууд л айлын 1 өрөө түрээслэхээр байв. Эсвэл сургуулийн эргэн тойрон байх айлууд байраа, хаузаа тэр чигт нь оюутнуудад түрээсэлнэ. Зарим нь бүр зориулаад тохижуулчихсан байх, 10 бэдрүүмдээ 10 оюутан гэх мэт их мөнгө олж байна, цаана чинь. Хэрэв тэгж түрээслэвэл энд 7 хоногийн 150-180 долларт өрөө түрээслээд нэмээд нэт, цахилгааны мөнгө төлнө. Гэтэл би нээх амархан байр олчихно гээд байсан чинь үгүй юмаа. Түрээслэх болон зарах байрнуудыг голдуу хагас сайнд open inspection гээд 10-15 минут зарланаа, үзүүлнээ. Тэр цаг хугацаанд нь эхлээд үзэх ёстой. Зөвхөн үзсэн хүмүүс нь үзүүлж байгаа агентаас нь өргөдлийн маягт авах эрхтэй, үзээгүй хүн өргөдөл өгөх боломжгүй. Би эхний удаа байр үзэх гээд цагаасаа өмнө очтол байрны гадаа 10-аад хүн зогсож байх юм. Тэр байр 2 бэдрүүм, 7 хоногийн 350 доллар байлаа. Би тэр хүмүүсийг яагаад тэнд зогсож байгааг эхлээд ойлгосонгүй. Цаг дөхөөд иртэл улам их хүмүүс цугларч байна, тэгэхэд л би тэр хүмүүс миний өрсөлдөгч нар байна гэж ойлгов шдээ. За агент ирээд биднийг оруулж эхэллээ, би байраа үзэхгүйгээр байр үзэж байгаа хүмүүсийг тоолж эхэллээ. 67, 68,.. цаашаа алдлаа, би өөрөө үзэхгүй бол багтахгүй, эхний үзсэн хүмүүсийг хөөж эхэллээ. Тэгээд би гараад дахин тоолохыг оролдоод чадсангүй, лав л 100 хүн үзсэн байхаа. Гэх мэтчилэн би хэсэг байр үзлээ. Хямд байрнууд үнэхээр өрсөлдөөнтэй байлаа. Эдгээр олон хүнээс мэдээж бүгд байр хөлслөх өргөдөл өгдөггүй байх, гэхдээ тал нь өглөө гэж бодоход нилээн хэдэн хүн өгч байгаа байх, тэдгээрийг байрны эзэнд агент нь танилцуулаад, байрны эзэн хэнд байраа хөлслүүлэхээ шийддэг юм байна. Хэнийг сонгодог вэ гэж үү? Өргөдөлдөө янз бүрийн юм хавсаргадаг юм. Миний хувьд Австралийн виз авахаас их бичиг баримт бүрдүүлж өгч байсан. Эдгээрээс эндхийн ажлын газрын тодорхойлолт маш их чухал, учир гэвэл байнгын орлоготой хүн найдвартай байрныхаа хөлсийг төлнө. Бас банкин дахь мөнгөө үзүүлнэ.
За би 1 хагас сайнд олон байр үзэж чаддаггүй юм. Учир нь үзүүлэх хугацаа ердөө 10-15 минут, тэгээд энд тэнд байдаг тул би автуусны цаг нараас болж 1 хагас сайнд 2-3 байр үзнэ дээ. Гэтэл монголд унаж байсан машинаа зараад авчирсан мөнгө маань өдөр өдрөөр дундараад байдаг, би байргүй л байгаад байлаа. Зарим байр нь зарлахдаа шударга шдээ, зарлал дээрээ No pets, No students гэнэ шүүдээ. Энд оюутан хүн чинь нохой муурны дараа ордгийг бас мэдэж авсан. Шууд л оюутанд хөлслүүлэхгүй гэчихсэн байх нь бараг надад амар байлаа, очоод үздэг, өргөдөл бөглөдөг, дараа нь худлаа энэ удаа өөр хүн сонгогдлоо гэж байхаар.
Би нэг бүтэлгүй хүн байр хайж 4 хагас сайныг үдлээ, кармаалж ирсэн машин зарсан мөнгө дууслаа, хүн стрэсст ордог юм байна лээ. Би хурдан гэр бүлээ авах шаардлагатай байлаа, миний бага хүү монголд өвдөөд байдаг, би байргүй бол тэднийг хаана байлгах билээ. Орой бүр л бурханд залбирч унтдаг байлаа. Бүр манай ангийнхан, манай багш миний төлөө хурдан байртай болоорой гээд л өөр өөрийнхөө бурханд залбирдаг болов. Би худал хуурмаг юманд маш дургүй боловч яах ч аргагүй, визанд орохдоо үзүүлж байсан нээх их мөнгөтэй банкны баталгаагаа /мэдээж тэр мөнгө виз авсаны дараа байхгүй/, бас миний ажилладаг байсан байгууллага маань Австрали дахь амьдрах зардлыг маань төлдөг гэж худлаа бичиг үйлдэж байж, сургуулиасаа жоохон хол, 7 хоногийн 350 доллараар 2 бэдрүүм хөлсөлж билээ. Бурхан минь нүглийг минь өршөө.
Хэрэв манай 2 хүү хүйс нь өөр байсан бол бас тус бүрт нь өрөө хэрэг болж, 3 бэдрүүм хөлслөх байлаа, бүр үнэтэй. Дараа нь агент манайхаар зочилж, байрыг хэрхэн ашиглаж байгааг нь шалгадаг ч, хэзээ ирэхээ урьдчилж мэдэгдэнэ л дээ. Монголчууд хүүхдээ нуугаад цөөн өрөөтэй байр авчихдаг гэж байсан ч би тэгэх сонирхолгүй байлаа.
За би байр хөлсөлж, манайхан гражаа зараад, талаар нь онгоцны зардал хийгээд нисээд ирлээ.
Эхлээд байрандаа 2,3 монгол айлуудыг оруулаад цайлдаг байснаа, энд амьдардаг хэд хэдэн монгол айлд уригдаж очсоны дараагаас, тэднийг сайхан байшинд амьдардагийг нь хараад гэртээ хүн урихаа больсоон, өөрийнхөө муу гэрээс ичээд, гэхдээ оюутан наддаа хямд юм даа. Бид хөнжлийнхөө хирээр хөлөө жийн, эндээ аз жаргалтай байноо.

Sunday, June 20, 2010

Хүүгийн яриа

Бага хүүгийн сүүлийн үед их хэлээд байгаа үг нь:
-Би хоол идээд, том болоод, мөнгө аваад, баян болно.

Ээжтэйгээ хамт 1 оронд хэвтэж байснаа:
-Ээж нь боов байхгүй гэж авдаг юм.

Хүүгийн яриа

Манай бага хүү одоо 3 настай.

Би: -Миний хүү том болоод ямар хүн болох вэ?
Хүү: -Сахалтай хүн болно. Агаа нь бас сахалтай хүн болно. Аав нь сахалтай хүн болсон.

Нэг өдөр эмээтэйгээ зурагтай ном үзээд сууж байв. Хүү зургийг нь заагаад англиар нэрлээд, эмээ нь дагаж хэлээд, эмээ нь англиар сайн хэлж чадахгүй олон дахин хэлүүлж гэнэ. Уйгагүй оролдсоны эцэст хүү маань эмээ рүүгээ томоор хараад:
-бичиг мэдэх үү? гэж гайхан асуулаа.

Хүү уйлаад байхаар нь эмээ нь:-Миний хүү яагаад уйлаад байгаа юм бэ?
Хүү: Уйлмаар байнаа гээд үргэлжлүүлж уйллаа.

Хамраас цус гарвал яаж тогтоохоо мэдэх үү

Манай том хүү 3 настайгаасаа хамраас нь их хэмжээгээр цус гараад тогтдоггүй байлаа. Заримдаа эх нялхасын цусны тасагт хэвтэж эмчлүүлдэг байв. Тэнд цусны хүнд өвчтэй хүүхдүүдийг харахад хэцүү. Манай хүүхдийн өвчин ч гэсэн цусны 1 төрлийн өвчин болж таарав. Би өөрийгөө маш их азгүй гэж бодож их л шаналдаг байв. Тэгээд хүү маань 5 нас хүртлээ тийм оноштой яваад, Японд ирээд шинжилгээ өглөө. Гэтэл шинжилгээний хариу юу гэж гарсан гээч, ямар ч цусны өвчин байхгүй, ердөө л ургамлын харшил гэдэг байгаа. Тэгээд Японд хүү маань 2 жил эм уув. Тэр эмийг нь хүүхдийн нас, жин, өндөрөөр нь тооцоолоод тэр дор нь үйлдвэрлээд, дээр нь нэрийг нь бичээд, өглөө орой уухыг нь өнгөөр ялгаад, савлаад өгөх юмаа. Японд байх 2 жилийн хугацаанд гарах цусны хэмжээ нь багассаар, зай нь холдоод л байсан. Тэгээд нутаг буцахдаа 6 сар уух эм гуйж бичүүлж аваад монголдоо уугаад, бараг цус гарахаа больсон доо. Япон эмч маань ч гэсэн 10 нас хүрээд цус гарахаа больчихно гэсэн юм.
Гол зөвлөлгөө маань гэвэл, монголд хамраас цус гарахад усаар угаагаад л урсгаад байдаг байлаа. Тэр бол маш буруу, цусаа аль болох алдахгүй хурдан тогтоох хэрэгтэй. Бид монголд эмнэлэгт байхад, хамрын цус тогтоохдоо толгойгоо өргөөд, дээшээ хараад байдаг. Тэгэхээр хамраас гарч байгаа цус шууд залгигдаад, ходоодонд ороод бүлэгнээд, хэсэг байж байгаад бөөлжүүлдэг. Үүнийг би мэддэггүй, Японд ирээд мэдэж авсан шүү. Одоо монголчууд минь мэддэг байлгүй дээ.
Цус тогтоохдоо сандал дээр суугаад доошоо тонгойгоод, хамраа чимхээд л болоо. Салфетка хамартаа чихэхээр, цус тогтсоны дараа салфеткаа авахаар, бүлэгнэж байсан цус дахин гоождог тул юу хэрэглэхгүй хуруугаараа дарж цусаа тогтоох хэрэгтэй.

Saturday, June 19, 2010

Culture shock

Лаг л нэр өгчихлөө. Энд нээрээ би бас 1 юм ойлгодоггүй юм. Эндхийн хөөрхөн, гоё гоё охидууд /заримдаа бүдүүн бүдүүн/нь шууд дотуур өмдтэйгөө гадуур яваад байдаг юм. Уг нь зарим нь арай урт цамц, подволка өмсчихсөн л байдаг юм. Гэхдээ ихэнх нь нөгөө эртүүзэн дотуур өмдөн дээрээ богинохон подволкатай байх юмаа. Эмэгтэй би чинь нүд халитраад харж чадахгүй байхад эрэгтэй хүмүүс яадаг бол, хардаг л байх даа.

Би бол тийм дотуур өмд өмсдөг ч өмдөн дотуураа эсвэл өвдгөөр татсан юбкан дотуур өмсдөг юм.

Хүүхдээ арын суудалд суулгаж байгаарай

2,3 хоногийн өмнө сонин.мн дээр 1 авто ослын тухай мэдээлжээ. Улсын дугааргүй машин урсгал сөрж орж ирээд, осол гаргасан тухай. Тэнд 1 машиных нь урд талын суудал дээр сууж явсан бага насны охин урд талын цонхоор нилээн хол шидэгдсэн гэж байна, бас суудлын даруулга бүс хийгээгүй гэж. За бараг л монголоос бусад оронд бага насны хүүхдийг хэзээ ч урд суухыг зөвшөөрдөггүй. Тэр бүү хэл арын суудалд тусгай суудалд бэхлэж замын хөдөлгөөнд оролцдог. Үүнийгээ замын хөдөлгөөний дүрэм, бүр хуулиндаа чанга мөрддөг. Тэгэхээр тийм заалт хуулинд орж, хэрэгжитлээ хол тул эцэг эхчүүд бид хүүхдүүдээ ядаж арын суудалд суулгаж байяа. Монголчууд харин бүр эсрэгээр, хүүхэдтэй хүнийг хүндэлж байгаа нь гээд хүүхэдтэй нь урд суулгадаг нь хорлож байгаатай адил юм. Машин мөргөж осолд ордоггүй юм гэхэд огцом тоормослоход л хүүхэд толгойгоороо урд шил мөргөнө шүү дээ. Бас микронд хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаад л урд суугаа хүний өвөр дээр суулгаад байдаг юм. Микроний хүн хүүхдийг чинь урд суулгах гэвэл хэзээ ч бүү зөвшөөр, бага зайтай ч гэсэн ард нь чих. Таксинд бас хэзээ ч бүү урд нь суу.

Хүмүүс урд суудлыг хадам ээжийн суудал гээд л аюултай гээд мэдээд байдаг юм шиг мөртлөө урд суух дуртай байдгийг нь миний бие ер ойдоггүй юм.

Ширээк 3

Өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайн өдөр анх удаа Австралийн кино театрт кино үзлээ. Хүүхдүүд үзье гээд гуйгаад, ангийнх нь хүүхдүүд үзсэн гэж онгироод байдаг болохоор нь. Миний хувьд бас анх удаагаа 3Д гэдгийг нь үзэж байгаа юм. Ширээк 3 таалагдсаан таалагдсан. Гол нь хүүхдүүдийнхээ хөөрч байгааг харах сайхан байлаа. Бид 5-лаа, манай бага үнэгүй, би ядуу оюутан гээд хөнгөлүүлээд байхад 74 доллар 50 цэнт болчих юм. Тэгээд за яадаг юм бэ ганц удаа кино үзэж байж гээд эрдэнэ шиш томыг нь олуулаа гээд авчихсан чинь 7,5 байдаг байгаа, үнийг нь сонсоод больёо гэлтэй биш. Бид дахиж кино үзэхгүй байхоо, айсан.

Урсдаг шат

Японд урсдаг шатны 1 талаар хүмүүс ирийтэл жагсаад, хажуу талаар нь яарч байгаа хүмүүс гүйдэг юм. Харин Австралид урсдаг шатан дээр хосууд үнсэлдээд зогсчихдог юм.

Та нар арьс өнгөөр ялгаварлагдаж үзсэн үү

Би үзсээн, энд.

Австрали арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаа больёо гээд аль эрт 1972 онд ерөнхий сайд нь албан ёсоор тунхагласан боловч өдийг хүртэл амь бөхтэй оршсоор байдаг, ялангуяа жижиг хотуудад, хөдөө суурингуудад. Сиднэй харин гайгүй шүү.

Өөрт тохиолдсон нь:
1. Өнгөрсөн жил Research communication гэдэг хичээл дээр 8 цагаан (OZ, US, UK, NZ гэх мэт), 1 банладеш, би 10-лаа суув. Тэр өдөр хурал хэрхэн удирдах, presentation тавих хүнээ хэрхэн танилцуулах гэх мэт юм заасан юм. Хурал даргалагч нь илтгэгчийг танилцуулаад, гар бариад илтгэлийг нь эхлүүлнэ, дуусахаар нь талархлаа илэрхийлээд гар барина гэж багш хэлээд англи хүүхнийг хурлын даргаар томилоод, бид ээлжлээд илтгэгч болж дадлага хийв. Гэтэл нөгөө хүүхэн маань бангладеш бид 2-той гар барихгүй үлдээгээд, бусад цагаануудтай гар барьдаг гэнэ шдээ. Бүгд харж байгаа юм болохоороо анзаарсан ч хэн ч юу ч хэлэхгүй юм даа.
2. Нэг өдөр автобусанд явж байлаа. Гэнэт арын суудалд сууж явсан 2 хужаа руу 1 цагаан эмгэн орилоод босоод ирлээ. Тэгээд намайг хамруулаад хэзээ амьтад автобусаар явдаг байлаа, амьтад буу гээд л биднийг хөөж гарсан. Жолоочоос аврал эрээд хартал халтар жолооч маань цагааны өмнөөс юу ч хэлж чадахгүй, сонсоогүй мэт байлаа.
3. Дэлгүүрт тэр бүр оочир байхгүй л дээ, ихдээ л 4-5 байдаг юм. Цагаан этэгтэйчүүд шударга шууд ирээд өмнүүр орчихдог юм. Би юу ч хэлж чадахгүй, өмнө нь намайг амьтан гэдгийг маань сануулсан болохоор дуугай л байдаг юм.

Нүдээр харсан нь:
1. Улаан гэрлэн дээр машинтайгаа зогсож байтал цагаан өвгөн ази настай эмэгтэйгийн бөгс рүү өшиглөдөг гэнэ шдээ, аймаар.
2. Бидний баахан хүн гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байтал миний урд зогсож байсан цагаан залуу хамгийн урд талын машины урд салхины шил рүү ууж байсан ундаагаа шиддэг гэнэ. Мэдээж жолооч нь ази эмэгтэй.

The present moment by Louise L. Hay

Энэ номыг хөөрхөн санагдахаар аваад цүнхэндээ хийчихлээ/12,43/. Ядаж автобусанд явахдаа харж байя гэж бодлоо. Эдгээрийг уншаад, бодоод, хүсээд байвал биелдэг гэж итгэдэг болоод байгаа.

Уг номын өмнөх үгэнд "Чи яаж амьдармаар байгаа болон юу хиймээр байгаагаа бод. Энэ ном чамайг эдгээр зорилгодоо хүрэхэд чинь эерэгээр бодох замаар туслана. Энэ номноос чи үлдсэн амьдралдаа хэрэглэж болохуйц сэтгэлийн дадал зуршлыг хэрхэн бий болгож, хөгжүүлэх талаар олж мэднэ гэжээ. 365 Daily Affirmations".

1. Намайг сэтгэл хангалуун, аз жаргалтай байлгахын тулд амьдрал намайг дэмжиж байдаг.

Өнөөдөр юу хийв

Хагас сайны өглөө бага зэрэг ханиадтай байсан мөртлөө эртлэн босож, машинаа үзлэгт оруулахаар цаг авсан байсны дагуу механик дээр очлоо. Машины маань аливаа эд анги эвдэрвэл би гэрт ойрхон нэг газар очдог юм. Өглөө очоод үзлэгт оруулваа. Үзлэгт тэнцвэл ягаан хуудас авах юм. Нөгөөх маань шалгаад 1 дугуйгаа соль, шинэ дугуй 115 доллар эсвэл хуучин дугуй 60 доллар гэнэ. Бас урд цонхны шил арчигчаа соль гэв. Би ч саяхан 4 дугуйгаа солиулсан юм чинь дахин дугуйнд мөнгө зармааргүй санагдаад, миний запас дугуйг солиод тавьчихвал болох уу гэтэл запас дугуй үзээд болно гэв. Ингээд запас дугуйг маань 20 доллараар, шил арчигчийг маань 20 доллараар сольж, ягаан хуудсаа 32 доллараар өглөө. Төлбөрөө картаар хийчих үү гэсэн чинь мань хүн бэлнээр хийвэл сайн байна гэнээ. Өмнө нь ч гэсэн дандаа бэлнээр авах сонирхолтой, орлогоосоо нууж, бага татвар төлөх зорилготой байх гэж таадаг юм.
Бас өнгөрсөн 4 дэх өдөр NMRA insurance-аас ногоон хуудас 488 доллараар авсан юм байна. Энэ 2 хуудсаа бариад RTA буюу монголынхоор замын цагдаа руу очиж бас 285 доллар төлж, салхины шилэн дээрээ наах цаас авч, эндхийн замаар явах эрхээ авна. Ингээд нийлээд 845 доллараар 1 жилийн хугацаагаар замаар явах эрхээ авах нь дээ. Оюутан надад үнэхээр үнэтэй байна шүү.

Гэртээ ирээд хүүхдүүдээ аваад хажуугийн усан сан руу хүүхдүүдийн сэлэх хичээл рүү нь явлаа. Усанд сэлэх нь Австрали улсын 1 номерийн спорт гэхээсээ илүү Австрали улсын том соёл юм. Хүн бүр маш багаасаа сэлнэ, олимпоос ч усан спортоор олон медаль авч, олон ч рекорд эвдсэн. Эндхийн зарим сургууль нь усан сантай байдаг бөгөөд бүх хүүхэд багаасаа сэлж сурдаг. Танай хүүхдүүдийн сургууль нь усан сангүй боловч өөр сургууль руу ангиараа явж, сэлэх хичээл эсвэл сэлж тоглуулдаг юм. Тэр үед манай том хүү сэлж чадахгүйдээ болоод явах их дургүй. Учир нь хүүхдүүдийг сэлэх чадвараар нь ялгаад гарт нь ялгах тэмдэг зүүж өгөөд, огт чадахгүй хүүхдүүдийг нь гүехэн санд оруулдаг бололтой. Манай хүү бараг ганцаараа тэнд нь байдаг байхаа, сэлэх болохоор дургүйцээд байдаг юм. Тэгээд ямар сайндаа сэлж сургах гэж байх вэ дээ. Хичээл нь 1 удаадаа 1 хүүхдэд 30 минут, 15 доллар. Бас л үнэтэй санагдавч одоо сургахаас яахав дээ. Сэлэх хичээл нь дуусахаар өөр олон төрлийн усан санд нь харин дураараа ээж, аавтайгаа хэдий хүртэл байж болдог нь сайхан шүү.

Миний удирдагч багш маань хэдэн оюутнуудаа гэртээ урьсан юм. Учир нь багшийн эхнэр 2 сард төрөөд дахин охинтой болсон. Том охин нь Luchia, бага нь Rafiel /нэрийг нь буруу бичсэн байхдаа/. Багшийн маань эцэг эх нь нэг нь итали, нөгөө нь англи. Өөрөө англи, итали, япон хэлээр ярьдаг Австрали хүн/Японы Цукуба их сургуульд Доктор хамгаалсан тул японоор ярьна/. Багш бага охиноо энгэртээ дүүрчихээд л баахан пизза хийж, бидэнд үйлчлэв, мундагаа. Эхнэр Катэрин нь юу ч хийхгүй, бидэнтээ юм яриад суугаад байх юм. Катэрин Шинэ Зеландын карате-ийн хэдэн удаагийн аварга, үндэсний шигшээ багийн гишүүн байсан байгаа юм, мундагаа. Охин Лучияа нь франц цэцэрлэгт явдаг, бас гэртээ аавтайгаа италиар ярина, ээжтэйгээ францаар ярина, мэдээж 2-лантай нь англиар ярина, мундагаа. Нээрээ манай багш гэрээсээ ажил руугаа 6 км үрчим газар дугуйгаар явдаг юм. Ингэснээрээ 1-т эрүүл мэндээ хамгаалж байна, 2-т мөнгөө хэмнэж байна, 3-т байгаль орчноо хайрлаж /бензин шатааж, нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй/ байгаа юм.

Энэ хагас сайныг ингэж өнгөрүүллээ.

Friday, June 18, 2010

Төрсөн статистик

За би бол 3 удаа төрсөн. Яахав хүмүүст сонирхолгүй л дээ, зүгээр л өөртөө болон хүүхдүүддээ ээж нь яаж зовж, бас ямар их таргалж, гоо сайхнаа золиослож байж та хэдийгээ төрүүлснийг сануулж байх гэж, хаха дарамтлах гэж байгаа юм шиг.
1. 1999 оны 1 сарын 5-нд анхны охиноо төрүүлсэн.
Миний жин жирэмсэн болохоос өмнө 58 кг
Төрөх үед 98 кг
30 цаг өвдсөн
Хүүхдийн жин 4,5 кг
Төрөөд 1 жилийн дараа 58 кг
Жирэмсэн үедээ мангар их иддэг байж билээ. Бүр шөнө идэх хоолоо бэлдэж унтаад, босож байгаад л иддэг байв.
2. Дөнгөж жин хэвэндээ оронгуут хамгаалаад байсан ч дахин гоол алдав. Хамгаалаад байгаа юм чинь гээд шинэ жилээр жаал вино, шанпанск уучихсан байсан юм.
Миний жин жирэмслэхээс өмнө 58кг
Төрөх үед дахиад л 98 кг
10 цаг өвдсөн
Хүүгийн жин 4,5 кг
Бас л идсээр байгаад төрсөн. Эмч нар ч гэсэн идээд л бай гээд байдаг шдээ.
Төрөөд 1,5 жил болж байж хэвэндээ орсон шүү харин.
3. Жирэмслэхээс өмнө 59 кг
Төрөх үед 76 кг
7 цаг өвдсөн
Хүүгийн жин 3,6 кг
Төрөөд 2 жил болж байж 60 кг болсон ч дахин таргалаад одоо ер нь 62 кг байгаад байх юм. Үүнээс цаад турахгүй бололтой.

3 дахь удаагаа хүүг төрөхөд яагаад эх хүү 2-н жин бага байгаа юм бэ гэвэл Японд төрсөн юм. Тэнд хүүхнүүд нь 2хон кг хүүхэд гаргадаг байхгүй юу. Хүүхдийн жин бага бол амархан төрдөг юм. Тэгээд эмч нар нь намайг хоолоо сой, өдөрт ердөө 3хан удаа жоохон юм идээд, бусад өлсөөд байгаа үедээ ус уу гээд дарамтлаад. Хэрэв миний жин 80 кг-аас илүү гарвал бид төрүүлж чадахгүй гэж айлгаад. Хэрэв би энэ гэрийнхээ ойрхон эмнэлэгт төрөхгүй юм бол машингүй бид чинь хол эмнэлэгт төрж чадахгүй, хэцүү байсан тул би ч юм идэхгүй гүрийсээр байгаад төрсөн дөө. Халуунд хөлрөөд л алхаад байдаг байсан. Бас 2 ч удаа ухаан алдаж унасан. 1 удаа хичээл дээрээ илтгэл тавьж дуусаад яг асуулт хариулт эхлэх үед уначихсан байсан. Танай ангийнхан дараа нь намайг ямар зальтай юм бэ, худлаа асуултанд хариулахаас бултсан гэж шоолж билээ. Тухайн үедээ бүгд үхтлээ айчихсан байсан байж. Дараа нь банкин дотор унаад, сэрсэн чинь бөөн хамгаалагч энэ тэр нь ирчихсэн байв. Уг нь би бие эрүүл боловч жирэмсэн үедээ таргалахгүй гээд өлсөөд баларсан шдээ.
Одоо би жирэмсэн хүмүүсийг бага ид, жоохон хүүхэд гарга гэж зөвлөдөг болоод байгаа.

Машинтайгаа төөрөв

Би 2009 оны 1 сарын 7нд, манай гэр бүл 2 сарын 16 Sydney-d ирсэн бөгөөд машин авч чадахгүй нилээд удсан юм. Энд машингүй бол хөлгүй гэдэг аксиом эсвэл теорем зохиочихоод байж байлаа. Тэгээд 6 сард нь машинтай боллоо. Бараг л машин авсан оройгоо л харанхуйд сургууль руугаа явдаг хүн болоод машинаа унаад гарлаа. Гэтэл сургууль рүү зүүн эргэдэг замыг хэтэрч яваад яалтчгүй хурдны зам руу орлоо доо. За тэгээд хурдны замаар хурдлаад л байлаа, хурдлаад байлаа. Бүр 90 км цагийн хурдны хязгаартай замд 80-тай явахаар бусад машинд бараг саад болоод байх шиг байнаа. Хурдны замаас яаж гарахаа мэдэхгүй жаал давхилаа. Би буцаж эргэх боломж хайгаад баруун тиийшээ буцаж эргэх гээд, зүүн тал руугаа хурдны замнаас гарах гарцыг харахгүй давхисаар (эсрэг урсгалтай), гэтэл бензиний улаан билүү шар гэрэл асчихаад байдаг, дотор муухайрч эхэллээ, тэгж явсаар хурдны зам дуусахаар гарч ирсэн байхаа. За буцаад явъя гэтэл төөрсөн, бас бензин дууссан байлаа. Бензин түгээгүүрийн газар очтол би утас, бас түрүүвчээ гэртээ орхичихсон, мөнгө карт байхгүй байв. Юу вээ, одоо яанаа гээд л тэнд ажиллаж байсан халтар залууд
-Намайг утсаараа яриулаач, бас мөнгө зээлүүлээч, би ёстой маргааш гэхэд чиний данс руу чинь хийчихнэ гээд учраа хэллээ. Мани хүн ч газрын зураг гаргаад зам заагаад л байна, гэхдээ би ойлгодоггүй ээ, би чинь аймаар хол явсан байна шдээ. Тэгээд надад итгэж мөнгө зээлүүлж чадахгүй гэнээ. Одоо би гэр лүүгээ яриад нөхрөө ирээд ав гэсэн ч нөхөр хүүхдүүдээ шөнө хаяад, бас автобус зогсчихсон тул ирж надад мөнгө өгч чадахгүй нь тодорхой. Бидэнд таксиний мөнгө байхгүй л дээ. Би оюутан, нөхөр ажилгүй байсан юм. Гэтэл нөгөө халтар маань
-нөхөр рүүгээ яриад картан дээрх 16 оронтой тоогоо надад хэлчих би эндээс авч өгье гэхээр нь аймаар баярласан шүү түүнд. Би ч асуугаад 50 доллар авъя гэсэн чинь бас тийм их мөнгө өгөхгүй, 15-г өгнө гэлээв Би ч илүүг өгөхгүй юм байна гэж ойлгоод дугай л авлаа. Тэгээд тэрэндээ бензин хийж аваад, буцаад нөгөө хурдны зам руугаа ороод, харин яг зөв газраар гарч гэртээ ирж билээ. Харин хэдэн өдрийн дараа хурдны зам ашиглачихаад төлбөрөө төлөөгүй гээд замын төлбөр бараг 9 доллар, намайг илрүүлж, тэр захиа занаа илгээсний хөдөлмөрийн хөлс 20 долларыг нэхэмжилсэн торгууль шуудангаар ирж билээ. Ажилгүй бидэнд төлөхөд их мөнгө байлаа. Дараа нь E-tag гэдэг юмыг нь авснаар хэрэв төөрч toll-той замаар явбал торгуулахгүйгээр төлбөрөө шууд төлдөг болов.

Анхны гадаад үгс

Манай том хүү Японд 5 настайдаа цэцэрлэгт ороод сурсан анхны 2 үг нь Даме буюу болохгүй, Абунай буюу аюултай гэсэн үгнүүд байлаа. харин бага хүү Австралид 2 настайдаа цэцэрлэгт ороод анхны сурсан үг нь Oh my god!, That's mine гэдэг 2 үг байлаа. Эндээс энэ 2 улсын соёлын ялгаа бага ч болов харагдах юм.

Би эргэж ирлээ

Хэхэ, аймаар нэр өглөө. Терминатор буцаж ирлээ гэж байгаа юм шиг. Уг нь би идэвхитэй блог уншигч боловч ивэвхигүй блог хөтлөгч юмаа. Гэхдээ би блогоо байнга хөтөлж байх юмсан гэж дандаа боддог ч гараа хөдөлгөхгүй юм. Биднийг яаж бүтэлгүйтэж, хөглөж, жаргаж, зовж байсныг маань хүүхдүүд минь том болоод уншаасай гэж бас хүсдэг юм.

Блог минь байгаа болов уу гээд шалгатал харин байж байна. Бас ганц хоёр хүн сэтгэгдэл үлдээсэн байна. Урам орчихлоо. 3 жилийн дараа блог руугаа орох гээд хаалга үүдээ олохгүй жаал мунгиналаа.