Monday, August 9, 2010

Австралид эмнэлэгт хэвтсэн тухай

Өмнөх бичлэгт Нараагийн үлдээсэн сэтгэгдлээс үүдэж энд анх эмнэлэгт хэвтсэн тухайгаа бичихээр шийдлээ. Энд ирснээс хойш одоогоор би бага хүүтэйгээ 3 удаа түргэн дуудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд байна. Мэдээж эмчилгээ оношлогоог нь Монголтой харьцуулах аргагүй л дээ.

Түргэн дуудахад triple zero руу залгадаг юм. Гэхдээ өөрийн унаа тэрэгтэй бол түргэн дуудахгүй өөрсдөө эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт очвол түргэний үйлчилгээнд мөнгө төлөхгүй. Түргэн дуудахад гэрийн хаягийн дагуу гэрт хамгийн ойрхон эмнэлгээс түргэний машин гарах бөгөөд манайд 5-6 минутад л ороод ирдэг юм. Түргэний машин ирэн иртэл call centre-н оператор нь өвчтөн ямар байдалтай байгааг эхлээд асууж тодруулаад, дараа нь өвчтөнд ямар арга хэмжээ авахыг зааварчлана. Зааварчилгаа нь түргэний хүмүүс гэрт орж иртэл үргэлжлэнэ. Тэд үргэлжлүүлж шаардлагатай зүйлсийг гэрт хийгээд аваад явна даа. Түргэний машинд 2 хүн явах бөгөөд нэг нь жолоо барьна, нөгөө нь өвчтөний даралт, халууныг хэмжиж, хүчилтөрөгч залгаж, байнга ажиглаж, шаардлагатай бол дусал залгана. Түргэн тусламжийн хүмүүс нь эсвэл 2 эрэгтэй эсвэл 2 эмэгтэй хүн хамтдаа ажиллах юм байна лээ.

Бид эхлээд түргэн дуудахад өөрийн машингүй байсан, дараагийн 2 удаа нь машинаараа эмнэлэг яваад очиж болох байсан ч бидэнд түргэн ирэх хүртэл оператороос өвчтөнд өгдөг зааварчилгаа нь чухал байдаг юм. Бидэн дээр ойрхон эмнэлгээс түргэн маш хурдан ирэх боловч, тэр эмнэлэг маань хүүхдийн тасаггүй учир арай хол өөр эмнэлэг рүү биднийг зөөдөг юм. Манай гэрээс тэр эмнэлэг хүртэл машинаар 20 минут л явдаг юм. Гэхдээ түргэний үйлчилгээний төлбөр нь 750-800 доллар гардаг. Иймд өөрсдөө эмнэлэг дээрээ очвол мөнгө төлөхгүй гээд байгаа юм. Түргэн дуудах зайлшгүй шалтгаан миний хүүд байдаг гэж эмнэлгийн бичиг бүрдүүлж байж, оюутны даатгалаараа түргэнд төлсөн төлбөрийнхөө талыг нь би буцааж авдаг.

Анх эмнэлэгт хэвтэхэд ирээд удаагүй, газар орчноо сайн мэдэхгүй, хүн танихгүй байлаа. Анх удаа түргэн дуудсан чинь зааварчлага өгсөөр байгаад гэрт ороод ирсэн чинь би өөрийгөө бэлдээгүй байж байгаад шууд л ирсэн хүмүүстэй гараад явчихлаа. Би түрүүвчгүй, мөнгөгүй, картгүй, утасгүй, шөнө дуудсан тул унтлагын хувцас углааштайгаа гараад явчихлаа. Хүүг маань нөгөө 2 залуу носилка дээр өргөөд гарсан юм. Эмнэлэгт үзээд хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлчихлээ. Тэгээд биднийг гадаад хүн байна гээд л нэг өдрийн ор хоолонд 830 доллар төлнө шүү гэдэг юман дээр гарын үсэг зуруулчихлаа. Цааш нь эмнэлгээс гарахад чинь хийсэн эмчилгээний зардлыг чинь тодорхойлоод даатгалын компани руу чинь явуулна гэж байна. Би ч одоо хэд ч гарсан хүүгээ л эмчлүүлж авна, монгол руу ярьж байраа заруулдаг юм билүү гэж л бодож байлаа.

Маргаашнаас нь хүүгийн бие дээрдээд овоо боллоо. Би нэг юм амьсгаа авлаа. Ирээд удаагүй байсан болохоор бид дундаа нэг утастай /мөнгө хэмнэж байгаа юм/ байлаа. Тэрийгээ гэртээ нөхөртөө үлдээсэн, надад утас байхгүй. Бас мөнгө байхгүй. Эмнэлэгт хүүд хоол өгөхөөс надад өгөхгүй шүү дээ. Ядаж эмнэлгийн хүүхдийн хоол нь нээх жоохон монгол хүүхэд цадахгүй. Манай хүү бие нь муу байсан тул нээх их хоол идэхгүй, эмнэлгийн хоол болоод байсан юм. Харин би өлсөж эхэллээ. Хэрэв би мөнгөтэй бол хоолны газар зөндөө байгаа л даа. Крантны ус уулаа. Уг нь хамт хэвтэж байгаа хүүхдүүд эргэлтээр хангалттай л их идэх юм авдаг тэрийгээ идэж бардаггүй ч би тэднээс идэх юм гуйхыг хүсээгүй юм. Хэрэв би хоол гуйвал хэн нь ч харамлахгүй өгнө л дөө, тэр тал дээрээ өрөвчхөн шүү.

Би үүдний рэсэпшин /шал буруу бичээд л байх шиг байна/-д би утасгүй, утсаар яриулаач гэхэд уриалгахан яриуллаа. Нөхөрт утсаа үлдээсэн нь ч болж, бид сайн надад бас хоол өгч байгаа гэж худлаа хэлээд, чи эргэж ирээд хэрэггүй, олохгүй байх их хол, хэзээ эмнэлгээс гарахаа хэлж мэдэхгүй гээд л яриагаа дуусгалаа. Яг үнэндээ би өөрийгөө хаана байгаагаа мэдэхгүй, мэдлээ ч нөхөр биднийг олж ирэх нь хэцүү бөгөөд бидний мөнгө тэртээ тэргүй маш бага байсан болохоор нөхрөө эмнэлэг рүү ирүүлэх зүрх хүрээгүй юм. Ирээд удаагүй ч уг нь надад 2 монгол хүний утас байсан ч би бас л тэдэнд төвөг удахыг хүсээгүй юм. Угаасаа би хүнээс юм гуйх үнэн дургүй юмаа. Найзуудаасаа ч тэр гуйхгүйг л хичээдэг. Хэн нь ч намайг сайн танихгүй байсан ч монгол хүн л юм чинь цай хоол бариад ирэх байсан гэдэгт итгэдэг ч тэднээс тусламж хүссэнгүй. Угаасаа би хүнд төвөг удахыг боддоггүй, Монголд эмнэлэгт хэвтсэн ч хүнд хэлдэггүй, найз нар төрсөн ах нар дүүдээ ч хэлдэггүй, хэвтэж байгаад эмнэлгээс гараад ирдэг юм. Энэ ер нь хэрэггүй зан байхаа, мангар байгаа биз би. Аргагүй ажил таслах болдог болохоор ажлынхандаа дуулгаж, ажлыг минь зохицуулахыг гуйдаг юм. Найз нарын хувьд санамсаргүй намайг эмнэлэгт хэвтээд гарсныг мэдчихвэл, би тэднийг эмнэлэг сувилалд эргэдэг, тэд намайг эргэж чаддаггүйд жоохон гомдох гээд байдгийн.

4 хоноод эмнэлгээс гарах боллоо. Би яаж харинаа гээд л бодоод байлаа. Гараад таксинд суугаад мөнгө байхгүй хариад өгье гэх нь хамгийн амархан ч бас л мөнгө бага тул зүрх хүрсэнгүй. тэгээд би хаана байнаа гээд хүнээс асуугаад газрын баримжаа авсан чинь хол юмаа. Алхаж амжихгүй, би унтлагын хувцастай, углааштай, хүү маань хөл нүцгэн, хөлөөрөө явах аргагүй, би тэврээд хол явж чадахгүй. Энд хүмүүс голдуу өөрийн машинаараа явдаг. Автобус, галт тэрэгний чиглэл хүнээс асуухаар мэдэхгүй. Интэрнэт олдохгүй газраас би гэрийн зүг явах тээврийн хэрэгслийн чиглэлийг тодорхойлж чадахгүй. Бас мөнгөгүй байж тээврийн хэрэгсэлд сууж ч чадахгүй. Тэгээд гарах өдөр өрөөнд маань хэвтсэн хятад охины ээжийг гуйлаа, орой нөхрөө ирэхээр намайг манай гэрт минь хүргээд өгөөч гээд. Тэр ч тэгэлгүй яахав гээд туслахаа амлалаа. Тэгээд би өдөр гэртээ харьж болох байхад орой хүртэл хүний нөхөр хүлээлээ. Тэгж оройдоо гэрийн бараа харж билээ.

Бидний түргэнээр очиж хэвтдэг эмнэлэг маань хүүхдийн эмнэлэг биш, хүүхдийн жижигхэн тасагтай том хүний эмнэлэг тул хүүхдийн нарийн мэргэжлийн эмч байдаггүй юм.
Бид хүүгээ эмнэлэгт үзүүлэхийн тулд /манайхаар өрхийн эмчид/ 50 доллар төлж тодорхойлох бичиг хийлгэж олшруулаад, хүүхдийг минь үзээч гэж гуйсан захианы хамт хүүхдийн эмнэлгүүд рүү факсдаж, үзэх эмнэлэг олдоход нь их баярласан. Тэгээд эмнэлэг үзэхийг зөвшөөрсөн ч 3-6 сараар үзүүлэх өдрөө хүлээнэ. Энд нарийн мэргэжлийн эмч үнэхээр дутагдалтай. Гэхдээ яаралтай оношлогоо эмчилгээг хүлээхгүй авна.

Өөрт нь хог ухаж өл залгаж байснаа хэлсэн чинь нөхөр маань хэлсэнгүй би яаж ийгээд л олоод л очих байсан гээд гомдсон, надад.

Нээрээ алиалагч-эмч гээд 2-3 алиалагч өвчтэй хүүхдүүдийн өрөөгөөр явж, тэднийг хөгжөөж, жижигхэн бэлэг тараадаг юм. Хүүхдүүд хөөрөөд инээж баясахаар нь нүдний нулимс гарна шүү дээ. Үнэндээ уяхан болжээ, одоо үүнийг бичиж байхдаа нулимс дусалж байх юм. Тэр үедээ огт уйлаагүй юм байж.

Аан тийм, би 4 хоногт 3 кг турсан байсан.

Одоо ч миний утас дуугарахад би их дургүй бөгөөд дотроос нэг юм хатгаад явчихдаг юм. Хүүгийн цэцэрлэгээс нь утасдаж байгаа болов уу гээд. Тэгээд цэцэрлэгээс нь утасдаж хүүгийн бие муу байна гэж магад гээд сүлжээ барьдаггүй тул газар доогуур явдаг тээврийн хэрэгсэлд суудаггүй, машин барьж явбал тунэлээр явахгүйг хичээдэг. Мөн хичээл хурал цуглаанд оролцож байхдаа утсаа унтраахгүй, эхлэхээс нь өмнө багш хурал даргалагчид дуудлага ирвэл утсаар ярих зайлшгүй шаардлага байдаг учраа хэлээд гарч ярих зөвшөөрөл авдаг. Бүр рефлекс болчихсон амралтын өдөр гэртээ хүүтэйгээ байхдаа хүртэл утас дуугарахад дотор муухайраад л цэцэрлэгээс нь утасдаж байна уу гэсэн бодол толгойд харваад ороод ирнэ.

Хүмүүс монгол руу мөнгө явуулдаг байхад бид монголоос л мөнгө авдаг байлаа. Бид ямар ч байсан байрныхаа түрээсийг цаг тухайд нь төлөхийг урьдал болгож байсан, өлсөөд ч хамаагүй. Хэрэв хугацаа хоцроогоод төлбөл бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гээд түрээсийн гэрээ цуцлагдвал хэдүүлээ хаана толгой хоргодох билээ дээ. Яг энэ эхний удаа эмнэлэгт хэвтэхэд бид монголоос мөнгө хүлээж байсан мөнгөгүй үе байлаа.

хэрэггүй ч юм биччив үү, арилгачихаж магадгүй

24 comments:

SUNshine said...

Чамаар бахархаж байна,

Уншиж байхад нүдэнд минь нулимс цийлэгнээд л явчлаа

Хүүд нь эрүүл энхийг хүсье

Дeстини said...

Чи дэндүү их тэвчээртай, ухаантай хүүхэн юм. Танай гэрийнхэнд сайн сайхныг хүсье. Би бичлэгийг чинь уншаад уйлав. Хүүхдүүддээ заавал уншуулна. Битгий арилгаарай.

chris said...

ямар тэвчээртэй юм бэ. зовсоны эцэст жаргана гэдэг дээ. аз жаргал хүсэе.

Anonymous said...

Таны илүү дутуу баггүй энэ илэн далангүй байдал тань таалагддаг шүү. Арилгаад хэрэггүйэ. Дурсамж шүү дэ.

Anonymous said...

ta mundag tevcheertei hun yumaa. amidrald chin az jargal husye,

Anonymous said...

Би Нараа байнаа. Таны тэвчээр хатуужлыг үнэхээр биширч байна. Хүүхэд нь өвдөх шиг эх хүнд хэцүү юм байдаггүй. Би таныг сайн ойлгож байна. Тэгээд ядаж байхад хүний нутагт таньж мэдэх хүнгүй. Удахгүй бүх юм ард хоцорноо. Хүүгээ том болохоор нь чамайг багад чинь ингэж байсан шүү дээ гэж ярьж өгнө шдээ.

Sunsore said...

Үнэхээр бахархаж байнаа. Эх хүн гэж ийм л байх ёстой байх. Хүү чинь ийм ээжтэй юм чинь үнэхээр сайн хүн болж өснөө.

ganga said...

Хүүхэд өвдөхөд хэцүү шүү. Хамаг анхаарлаа хүүхэд гэсээр байгаад эх хүн өвчний ард гардаг ч, хүүхэд эрүүл саруул болоод дотор уужрахад эх өөрөө нам унатлаа ядарсан байдаг тэр нь улмаар хүнд өвчин болох тохиолдол байдаг шүү. Өсч яваа бага жижиг хүүхэд эдгэрнээ. Чи өөрөө биеэ бодоорой.

Өчигдөржингөө чиний блогт өнжлөө. Сүүлийн хэдэн сар ингэж сэтгэл сэргэтэл инээсэнгүй.Сайхан блог байна. Бичээд байгаарай. Амжилт.

miracle said...

Нээрээ ээж аавуудад хүүхэд нь өвдөнө гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг юм шигээ. Би ээж аавыгаа оюутан байхад төрсөн чих нүд 2 нь байнга өвддөг хүүхэд байсан аав ээж 2 анхны хүүхэд болохоор яахаа ч мэдэхгүй шөнөжингөө л унтдаггүй байсан гсн шд тэгээл одоо дипломыг нь үзэхээр баахан дунд гарсан хичээлүүд тэгээл чмааас болж яг энэ хичээлийн шалгалтын өмнөх орой чи ингээд тэгээд шөнөжингөө унтаагүй хүн чинь толгойд юу ч орж ирэхгүй дүйнгэ болчдог гээл кк дурсамж л болоод үлдэх юм даа

Гилийн хатан said...

SUNshine-баярлалаа, хүү минь өвддөггүй болчихвол би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болно
дэстини-баярлалаа, уг нь би их нялцгай, сул дорой хүн шд, амьдралд тохиолдох зүйл заримдаа намайг өөрчлөх юм
крис-одоо ч би үүнийг зовлон гэж боддоггүй юм. 1999 онд надад тохиолдсон зүйлийг би зовлон гэж тооцож үсээ хусуулж байлаа.
анон-баярлалаа, арилгахаа болилоо. Дэстини бас тэгж байна

Гилийн хатан said...

анон-баярлалаа
нараа-баярлалаа, хэхэ чи л ийм юм бичүүлж чадлаа
sunsore-баярлалаа, гэхдээ олон ээжүүд надаас илүү тэвчээртэйгээр олон бэрхшээлийг давдаг
ганга-зочилсонд баярлалаа, та нар шиг хүнд хэрэгтэй юм бичихгүй юм даа би. Бага цагт өөрт тохиолдсон зүйлийг бичих нь хавьгүй амар юм. Хүнд хэрэгтэй зүйл бичнэ гэхээр үнэхээр их цаг орохоор
миракл-ээж аав болсон хүмүүс л илүү ойлгох байх, чамд тэгээд наа 2 чинь амь байгааз дээ

LuZa said...

Nadad ch bas gantsaardaad yadraad hetsy baina gej bodoh ye baidag. Gehdee bi dendyy happy hyn yum baina gedgee tanii bichlegyydiig unshih byrtee mederdeg. Bas hezee ch baigaadaa setgel gundaj bish hangaluun baihiig erhemleh bolson

magad tegj chadaj gemeene nadad ilyy ih sain saihan ireh biz

Good luck
you r so so powerful lady

kkkkkk

hooligan said...

аймаар юмаа

Worstman said...

Амьдралд хүнд хэцүү үе зөндөө ч гэлээ тэр бүхнийг толгой гудайлгүй нэр төртэй давах нь хожмын өдөр өөрөөрөө бахархах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Дурсах, дурсуулах зүйлтэй амьдрах сайхан.

www.gegeen.com said...

oo tegeed huuhed ovdoh chini ooroo ovdohoos doloon door shd.

nadaa bas naad hunees yum guij suraagui mangar zan chini baigaamaa, tiimdee ch bidnws shig humuus bayan nohortei, baingiin zartstai bailaa ch taarch tohirohgui ee za yu.

zarim hun ugaasaa iim bolood tortson baidiim bailee, terniihee zoliosiig uuree l, baahan amitan chiree l yaviishdee, hehe, yalgaagui l yanz buriin zovlon tuulj davj yavlaa. anh neeree hetsuu shw, deer n' ger buliinhen, huuhed shuuhad zalgahaar buur daliij ogiishdee hehe..

daraa ni ergeed harahad eniig davsandaa gej bodohoor saihan baih baihaa gej naidaj baina.

itgel naidvar, tevcheer buhniig yalna.

manai mongol huuhnuud unen gurger shw, haa ochij harin mgl erchuud maani gunduuguim daa chaavaas..

Гилийн хатан said...

хулигаан-үүнээс аймаар юм бас байсан шүү
ворстман-баярлалаа, дурсах юм ихтэй л болж байна
гэгээн- итгэл найдьар тэвчээр бүгдийг давна гэж гоё хэлжээ, баярлалаа

ганга said...

Ажигч, хэрсүү, гүргэр, хошин шогийн мэдрэмжтэй зангаар хорвоогийн амьдралын олон өнгийг гэгээнлэг давж байгаа тухайгаа хүүрнэх нь энд тэндхийн номноос хэсэгчлэн хуулсан бичлэгүүдээс хамаагүй илүү сургамжтай хэрэгтэй гэдгийг нурших нь илүүц биз гэж бодоод инээд алдан сэтгэл сэргэснээ бичсэнийг арай өөрөөр тусгасан бол Гилийн эрхэм хатантнаас хүлцэл өчье.

Гилийн хатан said...

ганга-уучлаарай, чиний юу гэж хэлснийг би сайн ойлгосон ч, би өөрөө дутуу хариулжээ бас. Та нар гэж он оны шилдэг блогэрүүдийг хэлсэн юмаа. Та нар бол блогоороо дамжуулж эрдэм түгээн бусдыг соён гэгээрүүлдэг мундаг хүмүүс байхгүй юу. Та нарын дэргэд би ичмээр л юм бичих юм гэсэн утгатай. За чамайг үүнийг олж уншихгүй болов уу гэж бодоод блог дээр чинь дахин бичнээ.

chuups said...

yasan mundagiin bi bol uilaad l suuj baih bsiim bn .good luck

Arsun said...

Сэтгэл хөдлөн уншлаа. Өвчин илааршин, мартагдах цаг ирнээ. Сайн сайхныг ерөөе.

Гилийн хатан said...

arsun and chuups-bayarlalaa

ZAYA said...

Хүүд нь эрүүл энхийг хүсье.
Мундаг бүсгүй юмаа.

Anonymous said...

Чи шүү Гилийн хатаан чиний блогруу орохоор миний компьютэрээс учиргүй эерэг энээрг гараад толгой түрүү масаажлаад ч байгаа юм шиг санагддаг шүү... За тэгэээд цаашдаа блогоо хаах эсэхээ өөрөө мэддээ хааяа орж энээрг авч байвал надаа ч сайхан л байхсандаа... \mlyndo\

Anonymous said...

Gaihaltai genres uur heleh ch ug oldohgui ni. Tanai ger bulees neg tiim saihan az jargal, hair enerel urgelj medregdej baih umaa. Ta nart az jagal sain saihan buhniig husie.