Saturday, June 19, 2010

Өнөөдөр юу хийв

Хагас сайны өглөө бага зэрэг ханиадтай байсан мөртлөө эртлэн босож, машинаа үзлэгт оруулахаар цаг авсан байсны дагуу механик дээр очлоо. Машины маань аливаа эд анги эвдэрвэл би гэрт ойрхон нэг газар очдог юм. Өглөө очоод үзлэгт оруулваа. Үзлэгт тэнцвэл ягаан хуудас авах юм. Нөгөөх маань шалгаад 1 дугуйгаа соль, шинэ дугуй 115 доллар эсвэл хуучин дугуй 60 доллар гэнэ. Бас урд цонхны шил арчигчаа соль гэв. Би ч саяхан 4 дугуйгаа солиулсан юм чинь дахин дугуйнд мөнгө зармааргүй санагдаад, миний запас дугуйг солиод тавьчихвал болох уу гэтэл запас дугуй үзээд болно гэв. Ингээд запас дугуйг маань 20 доллараар, шил арчигчийг маань 20 доллараар сольж, ягаан хуудсаа 32 доллараар өглөө. Төлбөрөө картаар хийчих үү гэсэн чинь мань хүн бэлнээр хийвэл сайн байна гэнээ. Өмнө нь ч гэсэн дандаа бэлнээр авах сонирхолтой, орлогоосоо нууж, бага татвар төлөх зорилготой байх гэж таадаг юм.
Бас өнгөрсөн 4 дэх өдөр NMRA insurance-аас ногоон хуудас 488 доллараар авсан юм байна. Энэ 2 хуудсаа бариад RTA буюу монголынхоор замын цагдаа руу очиж бас 285 доллар төлж, салхины шилэн дээрээ наах цаас авч, эндхийн замаар явах эрхээ авна. Ингээд нийлээд 845 доллараар 1 жилийн хугацаагаар замаар явах эрхээ авах нь дээ. Оюутан надад үнэхээр үнэтэй байна шүү.

Гэртээ ирээд хүүхдүүдээ аваад хажуугийн усан сан руу хүүхдүүдийн сэлэх хичээл рүү нь явлаа. Усанд сэлэх нь Австрали улсын 1 номерийн спорт гэхээсээ илүү Австрали улсын том соёл юм. Хүн бүр маш багаасаа сэлнэ, олимпоос ч усан спортоор олон медаль авч, олон ч рекорд эвдсэн. Эндхийн зарим сургууль нь усан сантай байдаг бөгөөд бүх хүүхэд багаасаа сэлж сурдаг. Танай хүүхдүүдийн сургууль нь усан сангүй боловч өөр сургууль руу ангиараа явж, сэлэх хичээл эсвэл сэлж тоглуулдаг юм. Тэр үед манай том хүү сэлж чадахгүйдээ болоод явах их дургүй. Учир нь хүүхдүүдийг сэлэх чадвараар нь ялгаад гарт нь ялгах тэмдэг зүүж өгөөд, огт чадахгүй хүүхдүүдийг нь гүехэн санд оруулдаг бололтой. Манай хүү бараг ганцаараа тэнд нь байдаг байхаа, сэлэх болохоор дургүйцээд байдаг юм. Тэгээд ямар сайндаа сэлж сургах гэж байх вэ дээ. Хичээл нь 1 удаадаа 1 хүүхдэд 30 минут, 15 доллар. Бас л үнэтэй санагдавч одоо сургахаас яахав дээ. Сэлэх хичээл нь дуусахаар өөр олон төрлийн усан санд нь харин дураараа ээж, аавтайгаа хэдий хүртэл байж болдог нь сайхан шүү.

Миний удирдагч багш маань хэдэн оюутнуудаа гэртээ урьсан юм. Учир нь багшийн эхнэр 2 сард төрөөд дахин охинтой болсон. Том охин нь Luchia, бага нь Rafiel /нэрийг нь буруу бичсэн байхдаа/. Багшийн маань эцэг эх нь нэг нь итали, нөгөө нь англи. Өөрөө англи, итали, япон хэлээр ярьдаг Австрали хүн/Японы Цукуба их сургуульд Доктор хамгаалсан тул японоор ярьна/. Багш бага охиноо энгэртээ дүүрчихээд л баахан пизза хийж, бидэнд үйлчлэв, мундагаа. Эхнэр Катэрин нь юу ч хийхгүй, бидэнтээ юм яриад суугаад байх юм. Катэрин Шинэ Зеландын карате-ийн хэдэн удаагийн аварга, үндэсний шигшээ багийн гишүүн байсан байгаа юм, мундагаа. Охин Лучияа нь франц цэцэрлэгт явдаг, бас гэртээ аавтайгаа италиар ярина, ээжтэйгээ францаар ярина, мэдээж 2-лантай нь англиар ярина, мундагаа. Нээрээ манай багш гэрээсээ ажил руугаа 6 км үрчим газар дугуйгаар явдаг юм. Ингэснээрээ 1-т эрүүл мэндээ хамгаалж байна, 2-т мөнгөө хэмнэж байна, 3-т байгаль орчноо хайрлаж /бензин шатааж, нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй/ байгаа юм.

Энэ хагас сайныг ингэж өнгөрүүллээ.

No comments: