Monday, June 21, 2010

Их мөнгөтэй түрүүвч

Би японд сурч байх хугацаандаа 2 удаа их мөнгөтэй түрүүвч олж билээ.
Эхний удаа еки дотроос нээх бүдүүн түрүүвч олоод, сандраад, зүрх түг түг гээд, гар салганаад хачин болж билээ. Тэгээд шууд л хажууд байх 100 ений дэлгүүрийн худалдагчид би энийг оллоо гээд өгчихөөд зугатаагаад явчихсан. Энэ тухайгаа сургуульдаа сурдаг монгол оюутанд хэлсэн чинь, олсон түрүүвчээ цагдаад өгвөл бэлэн мөнгөнөөс нь шагнал өгдөг юм шдээ, дараа дахин түрүүвч олбол тэгээрэй гэв.

Би ч юу гээд дахиад миний өмнө түрүүвч байж байх вэ дээ гээд л мартав. Тэгтэл ч 2 дахь удаагаа оллоо. Энэ удаа айж сандарсангүй, юу хийхээ мэдэж байгаа юм чинь. Ойр хавьд эзэн нь байна уу гээд харахад хүнгүй байхаар нь шууд аваад л цагдаа руу алхлаа. Замдаа нээгээд юун түрүүнд бэлэн мөнгийг нь тооллоо 34000 ен байнаа. Бас бөөн картнууд, бэлэн мөнгө шилжүүлсэн баримтууд, тэр шилжүүлсэн мөнгөний тоо нь аймаар олон оронтой тоонууд, бас эмч хүн юм байна, их л баян хүний түрүүвчийг олжээ, би их баяртай байнаа, инээд алдаад л, нөхөр рүүгээ утсаар хэлээд л. Олсон бэлэн мөнгөнөөс 10-15% надад оногдоно гээд олзоо бодож үзлээ, дажгүй мөнгө шүү. Цагдаа дээр ороод ирсэн зорилгоо хэлээд л нөгөөхөө өглөө. Цагдаа маань цав цагаан даавуун бээлий гаргаж ирж байгаад л доторх юмнуудыг бүртгэж авлаа /Яанаа, би шууд хуруу гараараа доторхийг нь онгичоод хаячихсан байдаг, миний хурууны хээ байгаа даа/. Цагдаа маань Гилийн хатангийн хаяг энэ тэрийг бас бүртгэж аваад, түрүүвчний эзэнд өөрийн чинь нэр усыг хэлэх үү яахав гэж асууж байна. /Хүүеэ хэлэлгүй яах вэ, би чинь мөнгөн шагнал авах гэж байгаа хүн шдээ/ Тэг гэлээ.
Орой нь энэ тухайгаа нэг байрныхаа болон өөр хотод амьдардаг монголчуудад дуулгаж иргэний үүргээ биелүүлсэн гэж магтуулах гэсэн чинь ихэнх маань харин бэлэн мөнгийг нь аваад л түрүүвчийг нь хаячихгүй яасан юм бэ гэдэг байгаа.
2 өдрийн дараа цагдаагаас бичиг ирлээ, та бэлэн мөнгөний 10-15%-г авах эрхтэй гээд түрүүвчний эзний нэр хаягийг нь бичжээ. Мөн тэр өдөр түрүүвчний эзэн утсаар баярласнаа илэрхийлээд, дараа жинхэнээр нь баярласнаа илэрхийлнэ гэлээ. Түрүүвчний эзэн дахин залгахгүй л байлаа. Би ч хүлээгээд л байлаа, хэхэ. Нэг мэдэхэд 2 сар өнгөрчээ. Гэнэт би түүнд захиа бичихээр шийдээд, би оюутан хөөн танай улсын хуулийн дагуу өөрөөс чинь мөнгөний 15% болох 5100 ен нэхэж байна гээд 80 ен-ээр марк авч наагаад явуулчихлаа.
Удалгүй түүнээс захиа ирсэн, онгойлгосон чинь 3000 ен бас 80 ений үнэтэй марк байлаа. Магадгүй би дахиад сайн хүлээсэн бол тэр надад баярласнаа жинхэнээр нь сайн илэрхийлэх байсан байхаа.

еки-галт тэрэгний буудал

2 comments:

Досу said...

kkkkkkkk tegdiimuu bi tiim truuvch olhiison gej aimar boddiishde hehe tegehdee tegeed mungiig ni avaad hayachij bolkuul bhda camer enter bgaam chini bas aidastai shde kkk

Гилийн хатан said...

Досу: харин тийм хаа сайгүй камертай, Японд миний үйл хөдлөл бүрийг хянаад байх шиг сэтгэгдэл төрдөг байж билээ